Тяньжинд гацсан чингэлэг, Эрээнд бөөгнөрсөн бараа бүгд тээврийн асуудал хариуцсан байгууллага ажлаа хийгээгүйгээс болсон гэж ойлгож болно. Зам, тээврийн хөгжлийн яам нөхцөл байдал ингэтлээ хүндэртэл юу хийж байв.
Дэлхий нийт хоёр дахь жилдээ шинэ төрлийн цар тахалтай тэмцэж байна. Монголчуудын хувьд эхний жилийг цар тахлыг дотооддоо алдалгүй, нэгэнт ирэх нь тодорхой байсан бэрхшээлийг гэтлэх бэлтгэлээ базааж өнгөрүүлсэн. Тэгвэл цар тахлыг дотооддоо алдсан хоёр дахь жил төрийн зарим яам, агентлагуудыг ажил хийдэг эсэхэд дүн тавьж орхилоо. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам хүлээсэн үүргээ дэндүү муу гүйцэтгэсэн байгууллагаар тодроод байгаа.
Иргэд энэ он гарсаар орон сууц, автомашин, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л үнэ өсөөд байгааг гайхширах болсон. Тэр болгоныг “тээвэр саатсан” гэдэг ганцхан хариулт дагаж байгаа. Өнөөдөр авто тээврийн хамгийн том боомт болох Замын-Үүдээр өдөрт 20-хон машин орж байгаа бол Тяньжинд Монголыг чиглэсэн 3000 чингэлэг гацаад байгаа. Цар тахлын хурдацтай дэгдэлттэй хамт шил шилээ даран илэрсэн эдгээр асуудал олны шүүмжлэлийг дагуулахад Зам, тээврийн хөгжлийн яамныхан бүх бурууг өөрсдөөсөө холдуулсан бөгөөд ачаалал огцом нэмэгдсэн гээд л ам таглачихсан. Бас Гадаад харилцааны яам, бүр хил гаалийнханд буруугаа тохохыг оролдсон. Уг нь Монгол-Хятад хоёрын хооронд тээвэрлэгдэж буй нэг кг ачаа ч салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг баймаар. Гэтэл тэд энгийн цагт зөвшөөрлийг нь зарж чаддаг шигээ хэцүү үед тээврээ зохицуулж чаддаггүй аж. Үндсэндээ цар тахлын нөлөөллийг буруулах бэлтгэл ажил гэж юу ч хийгээгүй гэдгээ ингэж харуулсан. Бэлтгэлгүй байсан учраас аль нэг газар ачаалал үүсэхэд, эсвэл түр зогсолт хийхэд Монголынхоо гадаад худалдааг гацаачихаж байгаа юм.
Анх Тяньжинд чингэлэг бөөгнөрч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бараг хагас жил өнгөрчээ. Тэр цагаас хойш нэг чингэлэгийн тээврийн үнэ дотор нь байгаа барааныхаа өртгөөс давж өссөн байна. Хэдийгээр Зам, тээврийн яамныхан шуурхай ажилласан, Монголд ирэх чингэлэгийг Тяньжинаас Эрээн рүү шуурхай тээвэрлэж эхэлсэн гэдэг мэдээлэл өгч байгаа ч үр дүн нь огт гараагүй гэдгийг бизнес эрхлэгчид гэрчилж байгаа. Хэдхэн хоногийн Хятадын Тяньжин боомтод гацсан чингэлэгүүдийн 60 хувийг татан авлаа гэсэн боловч тэдгээрийн ихэнх нь Монголоор дайран Орост хүрэх ачаа байжээ.
БНХАУ-ын Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ер нь Монголыг гадаад далайтай холбож буй хамгийн дөт бөгөөд гол гарц гэж ойлгож болно. Энгийн үед тус боомтод ирсэн чингэлэг хамгийн дээд тал нь 5-7 хоноод, Монгол руу ачигддаг байсан. Тэгвэл цар тахал эхэлсэн цагаас хойш 30, 40, 50 гаруй хонодог болсон. Сүүлдээ таг гацсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх зэрэг хүндрэл үүссэн юм. Гэтэл энэ асуудлыг анх бизнесийн салбарынхан ярьж эхлэхэд, албаныхан “Төлөвлөгөөний дагуу явж байна. Ачаа бараа ихээр ирж байгаа учраас төлөвлөгөөний дагуу явахаар чингэлэг үлдээд байх асуудал гараад байгаа” гэсээр таг гацах хүртэл даамжруулсан байдаг. Эрээн-Замын-Үүд боотод үүсээд буй бараа бүтээгдэхүүний түгжрэл иргэдэд үүнээс ч илүү чирэгдэл учруулж, хохирол амсуулж байгаа. Тус боомтоор өдөрт ердөө 20 машин ачаа нэвтрэх болсон. Улмаар тээврийн үнэ аль аль талдаа тэнгэрт хадаж, Эрээн-Замын-Үүдийн тээврийн хөлс өмнө нь 8000 юань байсан бол өдгөө 40-50 мянган юань болж өссөн байна. Мөн Эрээнээс Улаанбаатарт ирэх ачаа тээврийн үнэ 7000 юаниас 60 мянга болж, 9-10 дахин нэмэгдэв. Гэтэл зам, тээврийн салбарын ажилгүй албатууд өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөллийг бууруулах ажил хийгээгүйгээ өвчний тархалттай холбон тайлбарлаж гэмээ цайруулж суугаа.
Ийнхүү Монголоос гарах, орох бүхий л тээвэр гацсанаар үнийн өсөлт гэдэг юм. Компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Цаашлаад иргэдийн амьжиргааг дордуулж, нийт эдийн засагт инфляцын халалт үүсэх нөхцөл бүрдүүлчихлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН