ОХУ-ын ерөнхийлөгч Путин Баасан гаригт Украинд түр засаглал байгуулах тухай ам нээсэн билээ. Украины ерөнхийлөгч Зеленскийн бүрэн эрхийн хугацаа
2024 оны тавдугаар сард дуусах байсан ч дайны цагийн хуулийн дагуу сонгууль зохион байгуулаагүй. Иймд Путин түр засаглал гэдэг үгээрээ Зеленскийн байр суурийг онцолсон гэж үзсэн.
Тэгвэл Зеленскийн удирдлагад үл итгэсэн энэхүү мэдэгдлийг Дональд Трамп шүүмжилж, "тайлбар нь байгаа зөв оносонгүй" гэжээ. Тэрбээр Ням гаригт "NBC" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэрвээ ОХУ, АНУ хоёр Украин дахь цуст дайныг зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй бол, бас энэ нь Оросын буруугаас боллоо гэж би бодох л юм бол тэдний газрын тосонд хоёрдогч тариф тогтоох болно. Та Оросоос газрын тос худалдаж авах юм бол АНУ-д бизнес эрхлэх боломжгүй гэсэн үг. Оросын бүх төрлийн газрын тосонд 25 хувийн тариф ногдуулна" гэв.
Мөн тэрбээр "Путин намайг уурласныг мэдэж байгаа. Гэхдээ бидний харилцаа маш сайн хэвээр. Хэрвээ тэр зөв зүйл хийх юм бол миний уур тэр дороо л гарна" гэжээ.
Путин, Трамп нар энэ долоо хоногт дахин ярилцах төлөвтэй байгаа аж.
Ерөнхийлөгч асан Байден 2022 онд дайн эхэлсний дөнгөж дараахан ОХУ-ын газрын тосны импортод хориг тавьсан. Түүнээс хойш 2023 оны байдлаар Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний АНУ дахь импортын хэмжээ ердөө 10 мянган баррель болсон.
Трамп Венесуэлд мөн хоёрдогч тариф тогтооно гэж мэдэгдээд буй. Энэ нь Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдаж авсан орнуудад татвар ногдуулсан гэсэн үг. ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний томоохон импортлогчдын тоонд Хятад, Турк, Бразил, Энэтхэг багтдаг. Хэрэв Трамп Венесуэлтэй ижил байдлаар хоёрдогч тарифыг хэрэгжүүлбэл тэдгээр улс хоёрдогч тарифын нөлөөлөлд өртөж магадгүй юм.
Украин дахь дайныг зогсоох нь Трампийн кампанит ажлын хамгийн гол амлалт байв. Энэ хүрээнд тэрбээр албан тушаалаа хүлээж авсан даруйдаа дайтагч талуудтай уулзсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Орос, Украины талууд далай тэнгист гал зогсоох, эрчим хүчний байгууламжуудад халдахаа зогсоох гэсэн тохиролцоонд хүрсэн билээ.