Хөвсгөл аймгийн Мөрөн сумын есдүгээр цэцэрлэгийн багш С сурагчаа удаа дараа зодож, гадуурхаж, ариун цэврийн өрөөнд тусгаарласан үйлдэл гаргасан байна. Тодруулбал, тухайн цэцэрлэгийн сурагч гурван нас 11 сартай А-г сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж, биед халдаж ангиас хөөж гаргасан, бага насны хүүхдийг хулгайч гэж дуудсан, бусдаас тусгаарлаж ганцааранг шийтгэж коридорт болон 00 өрөөнд байлгасан, ууттай хувцсыг шидэж өгсөн зэрэг харгис хэрцгий харилцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Улмаар тухайн цэцэрлэгийн зүгээс С гэх багшийг ажлаас нь чөлөөлсөн ба үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокурорын дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.