
Үндэсний аудитын газрын 2019 оны дүгнэлтэнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төсөвлөснөөс 2018 оны эхний 8 сарын байдлаар хэрэгжилт нь 30.8 хувьтай байна” гэж дурдагдсан байдаг. Зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтууд нь хөрөнгө оруулалт он дамжиж царцах, улмаар төсөвт өртөг нь ихээр нэмэгдэж төсөвт дарамт үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн нөгөө талаар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, төсөвт нүүрлээд байгаа хулгайг өөгшүүлж байгаа нэг хуульчилсан хэлбэр байж мэднэ. Монгол Улсын 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл, арга хэмжээнээс 71.3 хувь нь бас л техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байсан. Нийт 368.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 91.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх 34 төсөл, арга хэмжээг 2020 оны төсвийн төсөлд тусгасан байсан.
2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 196 барилга, байгууламжийг төлөвлөснөөс 28.1 хувь буюу 55 барилга, байгууламж нь мөн л хуулийн заалт зөрчсөн буюу ТЭЗҮ, зураг төсөвгүйгээр тусгагдсан гэсэн аудитын дүгнэлт гарчихсан байна.
Төсвийн тухай хуулийн 29.3.5-д “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэж заасныг зөрчсөн нийт 149 төсөл, арга хэмжээг 2021 оны төсвийн төсөлд тусгасан байна гэсэн дүгнэлт бас гарсан байна. Хуулийн энэ шаардлагыг хангахгүйгээр нийт 105.7 тэрбум төгрөг дутуу төсөвлөсөн нь төсөл, арга хэмжээ хугацаандаа ашиглалтад орохгүй хойшлох, гүйцэтгэл удааширч өртөг зардал нэмэгдэх эрсдэлд орно.Яагаад жил бүр УИХ, ЗГ хүчин төгөлдөр хуулийг зөрчсөн хууль батлаад байна. Хуулийг мөрдөж хэрэгжүүлж манлайлал үзүүлэх ёстой төрийн институтүүд хэзээ энэ алдаагаа болих уу. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй жил бүр алдаагаа давтаад яваад байх уу. Үндэсний аудитын газрын хараат бус байдлыг, улсын төсөв буюу нийтийн хөрөнгөнд тавих хяналт шаардлагыг хэзээнээс хэрэгждэг болгох уу? Хууль зөрчсөн хууль баталдаг энэ буруу жишгээ хэзээ бид зогсоох уу? Төсвийн зарчмуудыг хэзээ хуульчилж үр ашиг бүтээмжтэй, ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоог хангасан болох уу? Төсвийн хулгайг бид хэзээ таслан зогсоох уу. Төсвийн шинэчлэлийг тойрсон маш олон асуудлууд биднээс шийдлээ хүлээсээр байна.
Эх сурвалж: trends.mn