Улстөрчид, намуудын амлалтад дарамтлуулсан МОНГОЛ УЛС

Алтан үсгээр мөнгөн цаасан дээр мөрийн хөтөлбөр сийлээд өгсөн ч тоохгүй, алган дээр нь алтан ембүү тавьсан ч саналаа худалдахгүй байвал парламент бүрдэх үү, үгүй юу гэдэгт эргэлзээ төрөхөөр цаг иржээ. Өнөөдөр гарын бэлэг, хуурамч инээмсэглэлээс эхлээд том том амлалтууд хойморт заларч зарим нь гологдон босгонд бүрдрэх аж. Үе үеийн нэр дэвшигчид өөрсдөө ийм болгосон учраас гарынхаа бэлгийг томсгож, амлалтаа нэмэхээс өөр аргагүй болчихсон шаналж суугаа нь ойлгомжтой. Парламентад суугаа 76 гишүүн бултаараа Б.Наранхүү, Б.Чойжилсүрэн, “Эм Си Эс”-ийн захирлууд шиг баян биш болохоор ихэнх нь зовлон эдэлж суугаа нь илт.
Монгол Улс айсуй 2020 онд найм дахь удаагаа ардчилсан сонгууль өгөх гэж байна. Саяхан л өөрийгөө танилцуулсан брошур ч үгүй шахам нэр дэвшигчид УИХ-д орж ирж байсан бол одоо бурхан бүтээж, буян амлаад ч тусыг эс олохоор боллоо. Энэ нь нэг талдаа нэр дэвшигч, улстөрчдийн хуурамч амлалт, гар цайлгадаг бэлгэнд идээшихээ больж, илүү ихийг харах болсон мэт. Нөгөө талаар сонгогчдын боловсрол дээшилж, үнэнхүү төрд байх ёстой гэж үзсэн хэн нэгнээ юм амласан амлаагүй, гарын бэлэгтэй бэлэггүй сонгох хандлага бий болсонтой холбоотой мэт.
Өнгөрөгч гучаад жилийн турш өөрийгөө тодруулахын тулд гарын бэлэг, мөнгө төгрөг тарааж явсаар байгаад өнөөдөр сонгогчдын сэтгэл баргийн зүйлд ханаж цадахаа, бас итгэхээ больсон. Улс төрийн намууд нь дүүрэн дүүрэн амлалт өгсөөр байгаад газрын диваажин байгуулж, саран дээр аялуулна гэсэн ч сэтгэл нь үл хөдлөнө. Ерөөсөө сонгууль ямар нэгэн амлалтгүйгээр нааш эргэж байсан түүх манайд алга. Сүүлийн олон жил сууриа буруу тавьсан ардчилсан гэх сонгуулийн гайг Монгол Улс, ард түмэн үүрч ирлээ. Одоогийн байдлаар улс төрийн нам, гишүүд маань ч өөрсдөө амлалтандаа дарагдаж “үхэх” бололтой. Бэл муутайхан нэгэн бол сонгуульд өрсөлдөх тухай санаж сарвайх зүйл биш болчихлоо. Сонгуулийн амлалтууд улс орны эдийн засаг, ард түмний амьдралд байнгын дарамт болж ирснээс гадна сонгуулиас сонгуулийн хоорондох амлалтад улс орон өөрөө туйлдав.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрд дансгүй, ямар ч эрх мэдэлгүй МАХН-аас ард иргэдээ “Үнэгүй орон сууц” буюу урьдчилгаа төлбөргүй, хүүгүй төлөлттэй орон сууцанд хамруулах хөтөлбөр танилцуулсан нь сонгогчдын таалалд ихээхэн нийцэв бололтой. Иргэд очоод гарын үсэг зураад байгаагаас харвал сонгогчдын итгэл тэгтлээ нураагүй нь илэрхий. Аанай л тэдний амлалтад итгэсээр байгааг харуулсан хэрэг. МАХН-ынхан юу юугүй эхний ээлжинд 20 мянган өрхийг орон сууцтай болгох тухай яриад эхэлсэн төдийгүй хөдөө орон нутагт үүнийгээ танилцуулж явна. “Үнэгүй орон сууц” тараах амлалт өгч байгаа МАХН-д үүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл ирнэ гэдэгт итгэж байгаа нь “гайхамшигтай”. Зөвхөн сүүлийн үед өрнөсөн үйл явдлаас харахад төрд ямар ч оролцоогүй МАХН-ын “Үнэгүй орон сууц”-д итгэж байгаа нь сонгогчид улстөрчид, намуудын амлалтад итгэсээр айсуй 2020 оны сонгуультай золгох хандлага байгаа нь харамсалтай.
Моргейж, ипотекийн зээлээс болж дампуурсан улс орон дэлхийгээр нэг байна. Бидний үхэлдээд байгаа АНУ 2007 онд орон сууцны хөнгөлөлттэй зээлээс болж  хямарсан бөгөөд энэ хямрал нь 2008 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралын гол шалтгаан болсон гэж эдийн засагчид үздэг. Ер нь бүгдийг бид санахад илүүдэхгүй. Дэлхийг хамарсан энэ хямралын сүүдэр ч биднийг дайраад өнгөрсөн гэдгийг мартаж болохгүй. Сонгогчдын санал л авч байвал юу ч хамаагүй амлан, улс үндэстнээ хорлох гэсэн акцууд улс төрийн аль ч намаас гардгийн нэгээхэн жишээ бол МАХН-ны амлаж буй орон сууцны хүүгүй зээл. Улс төрийн намууд сонгуулийн санал худалдаж авах зорилгоор янз бүрийн амлалт өгдөг нь ганцхан МАХН ч биш, бүгдээрээ л амладаг.
Саяхны жишээ татахад өнгөрөгч 2008 оны сонгуулиар АН-аас “Эрдэнийн хувь” хэмээх малгай дор иргэн тус бүрт нэг сая төгрөг өгөхөө амласан бол МАН-аас “Эх орны хишиг” хэмээн 1.5 сая төгрөг өгөхөөр амласан. Ингэхдээ “Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэдэд хувь хүртээх тухай” юм. Ийнхүү 2008 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэн тус бүрт 21 мянган төгрөг өгч байсан түүхтэй. Үүнийг өгөхийн тулд Хятадын “Чалько” компаниас 350 сая ам.доллар зээлснээ хэдэн ч жил нүүрсээр төлж барагдуулав даа, хөөрхий. Мөн “Оюутолгой” компаниас 100 сая ам.доллар гэх мэтээр зээлж, тус компаниас манай улсад орж ирэх 166 сая ам.доллараас төлсөн гэх мэт жишээ олон. Эдийн засаг сайнгүй үед энэхүү амлалт нь дарамт болсон. Энэ их мөнгөөр үйлдвэр үйлчилгээ юу ч босгож болох байсан. Зүгээр л тараагаад өгчихсөн. 
Харин 2012 онд АН засгийн эрхэнд гарахдаа “Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. АН засгийн эрх авсан хэдэн жилд “Эдийн засаг тааруу” гэх нэрээр энэ мөнгийг олгохгүй гүрийсэн ч эдийн засаг нь улам муудсан 2016 оны сонгууль болох мөчид иргэдэд 300 мянган төгрөг “Эрдэнийн хувь” нэрийн дор тараасан. Үүнээс гадна 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон  Ц.Элбэгдорж дахин нэг сонгогдохын тулд оюутнуудад 70 мянган төгрөг олгож эхэлсэн гээд Монгол Улсад амлалтын дарамт мундаагүй. Ерөөсөө сонгуулиас сонгуулийн хоорондох амлалтууд Монгол Улсын хөгжил, эдийн засагт маш том дарамт болсоор ирсэн түүхтэй. Ямар сайндаа өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын бүх зээлтэй иргэдийн өрийг тэглэнэ хэмээн тэнгэр газрын завсар, энэ агаар нарны орон зайд багтахгүй зүйл ярихав дээ.
Өнөөдөр бидэнд байгаа мэдээл­лээс тандахад төрийн эрх барьж байгаа нам төсвөөр дамжуулан тойргоо услаж байгааг хэвлэлүүд онцлоод эхэлжээ. Төсвийн төсөөллөөс харахад хардахгүй байхын аргагүй тоо баримт харагдана лээ. Эрх баригчдын хувьд албан тушаал, төсөв хөрөнгө гээд маш том давуу талтай. Тиймдээ ч сонгууль тулахаар юу ч амлаж мэднэ. Сөрөг хүчний хувьд ч амлана, аль аль нь нэгнээсээ давах гэсэн амлалтууд эргээд л бидэнд гай болно. МАН-ын хувьд төрийн эрх барьж байна, амлахдаа амлаад, хөрөнгө хаяхдаа хаяад, сонгуулийнхаа мөнгийг босгочих боломжтой. Сөрөг хүчний хувьд сонгуулийн мөнгөө хэрхэн яаж босгохоос асуудал үүснэ. Амлалт бол тэртээ тэргүй хоосон, мөнгөгүй учраас тэд юу ч гэж бурах байх. Энэ бурснаа ядахад цаасан дээр буулгах, олонд түгээх мөнгө хэрэгтэй болж таарна.
Гэтэл МАХН тэргүүтэй жиж­гүүд “Үнэгүй орон сууц” яриад сонгуульд орчих нь бас л өрөөсгөл байх. Хамгийн наад зах нь үүнийг сонгогчдын зүүдэнд ортол рекламдах мөнгө хэрэгтэй байж таарна. Үүнийг хаанаас босгох вэ гэхээр өнөөх л сонгуулийн зардал төсөв, ил тод байх гээд олон асуудал хөндөгдөнө. Сүүлийн 10 гаруй жил гудамжинд улс төр хийж байгаа МАХН хэмээх Төрийн бус байгууллага тойрог бүрт сонгуулийн зардал босгоно гэхээр санаанд багтахгүй байгааг нуух юун. Цагтаа “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээн нэрлэгдэж явсан МАХН-ын дарга бүхэл бүтэн намыг 10 жил тэжээх мөнгө, сонгуулийн зардалтай хураачихаагүй бол тоймлох юм алга. Сүүлийн 10 жил гудамжинд улс төр хийхдээ нэг удаа УИХ-д бүлэгтэй болж, улмаар засагт хамтарсан. Ингэсний буянаар Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг хориход илгээж, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж асан З.Баянсэлэнгийг шүүхийн хаалга татуулсан дүр зураг ч чухам юуг харуулж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Намын санхүүжилт босгоно гэдэг өндөр дээд албан тушаалтнуудын хувьд зовлон байсаар ирсэн.
Ямартай ч сонгууль болдгоороо болж, улс төрийн намууд амлад­гаараа амлах нь тодорхой хараг­дана. Үүний хөлд улам бүр үрэгдэж байгаа улс орноо яахав ээ гэдэг асуудал улстөрчид, улс төрийн намуудын гарт бус сонгогч та бүхний гарт байна гэдгийг дуулгах хэрэгтэй болов уу.

С.Ууганбаяр
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан