АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард БНСУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүдтэй өнгөрсөн зургадугаар сард уулзалдсан нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татсан юм. Дээрх уулзалтын хүрээнд өрнөсөн олон тааварлашгүй үйл явдал өрнөсний нэг нь Трампын хамгийн ойрын хүн гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өнгөрсөн сарын 30-ны өдөр Монголд айлчилсан явдал. Түүнийг Монголд ирсэн нь санамсаргүй явдал бус, тодруулбал, Трампын уулзалтад заавал оролцох ёстой хүн айлчлалаас хасагдсан нь Жон Болтоныг “хорын хутгуур” гэж БНАСАУ-ын зүгээс үздэгтэй холбоотой хэмээн тухайн үед хэвлэлээр шуугиж байсан юм.
Жон Болтон Монголд ирснийхээ дараахан төрийн тэргүүнээс эхлээд хэд хэдэн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ энэ удаагийн айчлал хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох боломж гэж үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Үүнийх нь хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга “АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой гэж дурдаад хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас аминчлан хүссэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-нөөс ирэх наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчлахаар төлөвлөлөө. Тус айлчлалаас хүлээх хүлээлт их гэдгийг эдийн засагчид онцолж буй.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийнэ. Мөн АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцахаас гадна Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөсан аж.
Эдийн засагчдын онцолж буйгаар АНУ-тай худалдааны хуулиар зөвшилцөлд хүрч чадвал сэхээнд орсон эдийн засагт амь тариа болно хэмээж буй. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан ээлжит Бизнес уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар оролцох үеэрээ “Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд ойролцоогоор 13 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон. Экспортын хэмжээ 7 тэрбум ам.долларт хүрсэн юм. Мөн өнгөрөгч онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 1.5 дахин нэмэгдэж, 2.01 тэрбум ам.доллар хүрсэн” гээд Монгол Улс, АНУ хооронд байгуулсан Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, хоёр талын харилцаанд гарч буй сүүлийн үеийн эерэг өөрчлөлтүүд буюу Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл, Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан 2 дахь компакт гэрээ зэргийг онцлон дурдсан бөгөөд хөрөнгө оруулагч болон төрийн байгууллагын хооронд гүүр болон ажилладаг АмЧам Монголын үүргийг энэ ташрамд цохон тэмдэглэсэн байдаг.
Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер 2019 оны эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ буюу АмЧам болон Монгол Улсын Засгийн газартай хамтран энэ онд хэрэгжүүлэхийг зорьж буй бодлогын чиглэлийг хуваалцах хүсэлтэй байна. Ил тод байдлын тухай хэлэлцээр нь АмЧам-ын гишүүдэд хамгийн хамааралтай бөгөөд тус баримт бичигт хууль тогтоомж, дүрэм журам шинээр батлахаас өмнө олон нийтээс санал авах ёстой тухай тусгасан байдаг. Хоёр орны эдийн засгийн харилцан түншлэлийн гол цөмийг бүрдүүлэх ил тод байдлыг хангах болон хувийн секторт түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих нь Индо-Пасифик стратегийн баримт бичгийн үндсэн мөн чанар юм” хэмээсэн.
Харин АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Ойбек Н. Халилов “Хүчтэй, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн өсөлтийг дэмжин, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд АмЧам Монгол нь Засгийн газартай үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахыг зорьж байна. АмЧам Монголын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан Өсөлтөд Хүрэх Зам 2019 баримт бичигт гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх замаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихээ бид онцлон тэмдэглэсэн байгаа” гэсэн юм.
Эндээс үзвэл, АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах магадлалтай гэж үзэхэд нэг их буруудахгүй болов уу. Хэрэв ээ, уг хууль батлагдвал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлалаас эдийн засаг сэхээнээс гарч, ирэх он жилүүдийн өнгө ямар байхыг тодорхойлох нь дамжиггүй юм.
Г.Эрдэнэ
Эх сурвалж: 24tsag.mn