Хятад-Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан “70 жилийн гэрч” сурвалжлага ӨМӨЗО-ны Хөх хотоос эхэлж, Ордос, Бугат болон Шаньши мужийн Яньань хотоор үргэлжилсэн юм. Хятад, Монголын хамтын ажиллагааны түүхт 70 жилийн ойн хүрээнд хийж буй хамтарсан цуврал сурвалжлага таван удаа зохион байгуулагдахаас эхний ээлжийн аялалын бүрэлдэхүүнд Синьхуа монгол нет, Солонго мэдээллийн төв, Өвөр монголын “Талын дуу хоолой” радио, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, МОНЦАМЭ агентлаг, TV9 телевиз, өдөр тутмын “Зууны мэдээ”, Өглөөний сонин, ikon.mn, 24tsag.mn, сэтгүүлчдийн эвлэлийн орон нутгийн салбар зөвлөлийн төлөөлөл зэрэг хоёр орны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхны шанг татлаа.
“Бяцхан тайлбарлагч”-ын сургалт нээж, сурагчдыг бэлтгэдэг
Хоёр улсын сэтгүүлчид хятадын хувьсгалын ариун дагшин газар болох Ян-Ань хотод саатаж тус улсын түүх, соёлын нэгээхэн хэсэгтэй танилцсан юм. Улс орны агуу түүх, олон жил тээж хадгалж ирсэн өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг олонд түгээх, тэрдундаа ирээдүй хойч үедээ таниулах нь улс орны хувьд хамгийн чухал ажил. Тэгвэл түүхийг таниулж, түгээх ололттой хийгээд үр дүнтэй туршлагыг Хятадын Ян-Ань хотын хувьсгалын музейгээс харж болно.
Бидний очиж таарсан нь л хувьсгалын музей болохоос Хятад улс түүхээ сурталчилж түмэнд түгээхэд сайн дурынхныг дайчилдэг. Тэр дундаа сайн дурын бяцхан тайлбарлагчдыг бэлтгэж, ажиллуулдаг нь аль ч улс оронд нэвтрүүлж болох сайн жишээ юм.
Тухайлбал, бага ангийн сурагчид сайн дураараа Ян Жялингийн хуучин буурь, Яньаний хувьсгалт музейд ажиллаж, үе тэнгийнхэндээ цангинасан дуугаар хөтөч хийж байгаа нь содон. Тухайн үеийн түүхэн үйл явдлыг гэрчлэх хөх хувцас өмсч улаан тууз бүсчилсэн бяцхан тайлбарлагчид музейг үзэж буй сурагчид болоод жуулчдыг дагуулан тайлбарыг бие даан хийдэг байна.
Хувьсгалын музейн Ян Жялингийн хуучин бууринаа тайлбар хийж буй Янь-Ань ажил мэргэжлийн дээд сургуулийн харьяа бага сургуулийн 43 ангийн сурагч Ля Юйфэнтэй уулзахад “Сайн дурын үйлчилгээний ажилд оролцож байгаадаа маш баяртай байна. Анх тайлбар хийж байх үедээ их сандарч, буруу зөрүү ярьчих вий гэж эмээдэг байсан. Харин одоо бол дажгүй сайн ярьдаг болсон. Чөлөөт цагаараа сайн дурын үйл ажиллагаанд оролцож, хүмүүст хувьсгалт Яньаний түүхийг таниулж байх нь сайхан байдаг. Өөрөө ч гэсэн түүх, соёлоо танин мэдэх чухал ач холбогдолтой. Энэ бол бидний энэ улсын иргэний болон сурч боловсорч байгаагийн хувьд нэг үүрэг юм. Одоо би 2л ангийн Ли Лэшуань, 2И ангийн Жү Зихэн нарыг дагуулан тайлбар хийлгэж сургаж байна. Тэд удахгүй бие дааж музей ирэхээр ирсэн үе тэнгийнхэн болоод иргэдэд тайлбарладаг болно” гэсэн юм.
Янь-Ань хотынхон дунд болон бага сургуулийн сурагчдад Яньаний үүх түүхийг таниулж, нутаг орныхоо соёл уламжлалыг ойлгуулахаар “Бяцхан тайлбарлагч”-ын сургалтыг нээн, хичээл сурлагадаа сайн, ёс суртахуун сайтай сурагчдыг сургадаг байна. Янь-Ань хотын Ян Жялингийн хуучин буурь зэрэг музейн бүсэд сайн дурын тайлбарлагчаар ажиллуулж, тэдний мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг юм байна. Манай улсад ч гэсэн Монголын агуу их түүх соёл өв уламжлалыг тээж буй музей, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг олон нийт олон ирээдүй хойчдоо өвлүүлж, түгээн дэлгэрүүлэхийн тулд Янь-Ань хотынхон шиг сайн дурын бяцхан тайлбарлагчдыг бэлтгэж дайчилбал илүү үр дүнтэй байх биз ээ.
Ахмад хувьсгалчдын 13 жил амьдарч, тэмцсэн газар
Сэтгүүлчид Яньань хот дахь Ян Жялингийн хуучин буурь, Яньаний хувьсгалт музей, Баоташань аялал жуулчлалын бүс зэрэг газраар явж, хувьсгалын түүх, соёл уламжлал болон тус хотын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай танилцсан юм. Ян-Ань хот бол хятадын коммунист намын төв хороо болон Мао Зэдүн зэрэг ахмад хувьсгалчдын 13 жил амьдарч, тэмцсэн газар юм. Мөн энэ газарт ахмад хувьсгалчид хятадын ард түмнийг удирдан Японы эсрэг дайн болон чөлөөлөх дайны агуу ялалт байгуулж иржээ.
Хятадын коммунист намын төв хорооны Ян-Ань дах агуу амжилтуудыг тэмдэглэхэд зориулж 1950 онд “Янь-Ань”-ийн хувьсгалт дурсгалын газрыг бүтээн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ байгуулагдсаны дараах хамгийн анхны хувьсгалын дурсгалт газар юм. Хэд хэдэн удаагийн өөрчлөлт шилжилтийг туулсан хувьсгалын дурсгалт газар өнөөдөр Янь-Ань хотын зүүн хойд хэсгийн Ван жядинд байрладаг . Одоогийн байдлаар 35 мянган ширхэг соёлын дурсгалт зүйл, 10 мянга гаруй түүхэн гэрэл зураг, 30 мянга гаруй ном эвхмэл, бичиг материалуудыг дэлгэн үзүүлж байна.
Харин Баоташань уул нь Яньаний газар зүй, соёлын онцлох билэг тэмдэгт тооцогддог. Жялиншань уул ч гэдэг ба ууланд эрдэнийн суварга босгосноор Баоташань уул гэх болжээ. Есөн давхар, 44 метр уг суваргыг Тан улсын үед босгосон. Янжялингийн хуучин буурь нь 1942 оны тавдугаар сард Яанань утга урлагийн хурал хуралдсан газар юм. Чавгын хүрээлэнгийн хувьсгалын суурин бол 1943 оны 10 дугаар сараас 1947 оны гуравдугаар сар хүртэл Төвийн нарийн бичгийн дарга нарын газар ажиллаж, Их үйлдвэрлэлийн хөдөлгөөн болон Суртал цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байсан газар юм.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин