Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтын асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч, шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд зарлагдсан.
Гэвч улстөрд өрнөсөн үйл явдлууд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтыг хойшлуулахад хүргэсэн юм.
Үндэсний зөвлөл бол МҮОНРТ-ийн нийтлэлийн бодлогыг тодорхойлж, сонгон шалгаруулалт явуулах, үндсэн үүргээ биелүүлэхэд нөлөө үзүүлэх, аудит оруулах гэх мэт ажлыг хариуцдаг нэг ёсондоо энэ байгууллагын уураг тархи. Энэ мэргэжлийнхэн ямар нэвтрүүлэг бэлтгэж, Монголчуудын оюун санааг хөгжүүлэх вэ, яавал телевиз, радио үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах вэ гэх мэт бодлогын асуудлыг хэлэлцэж байх учиртай.
Гэвч 2005 оноос хойш УИХ Үндэсний зөвлөлийн гишүүдийг ихэвчлэн гадны хөндлөнгийн улстөрчдийн нөлөөтэй, хамааралтай хүмүүсээр бүрдүүлж байгаа. Энэ нь Үндэсний зөвлөл олон нийтийн радио, телевизийг жинхэнэ утгаар олон нийтийн нийтлэл нэвтрүүлгийн тал руу хөтлөх биш эсрэгээр улс төрийн бодлогоо дамжуулан түгээх хэрэгсэл болгоод байгаа юм.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг Төрийн бус байгууллагууд санал болгож, Ерөнхийлөгч дөрөв, Засгийн газар дөрөв, УИХ долоон гишүүний нэрийг дэвшүүлж, УИХ хэлэлцэн баталдаг. Тэр утгаараа улстөрчдийн хамаарал орж ирдэг.
Энэ удаагийн сонгон шалгаруулалт Үндэсний зөвлөлийн таван гишүүний орон тоон дээр сонгууль явагдах гэж байгаа. Зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилогдох, шинээр сонгогдох гэж буй таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газар, гурвыг нь УИХ томилох эрхтэй байгаа.
Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй бөгөөд тэдний бүрэн эрхийн хугацаа 6 жил юм.
Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвших эрхгүй-Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
-Улс төрийн намын удирдах албан тушаалтан;
-Бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
-Бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.
Хэдийгээр Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд удирдлага, зохион байгуулалт, эд хөрөнгө, санхүүжилт, хөтөлбөр, зар сурталчилгаа гээд бүхнийг заасан байдаг ч энэ нь өдгөө талаар болох нь. Зөвхөн өнөөдөр л хэлэлцэгдэх удирдах зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч санал болгож байгаа бөгөөд тэр нь Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар, Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Н.Жанцан нарын нэр яригдаж байна. Харин үлдсэн гурван квот нь УИХ-ын мэдлийнх бөгөөд тэдгээрт багтахын тулд 20 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Тэдний дундаас эрх баригч намын зүгээс гурван хүнийг ихэд чухалчлан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжин ажиллаж, намын бодлогоо хэрэгжүүлэхийг хүсч буй аж.
Тухайлбал, Сүхбаатарын Алтанцэцэг буюу Ерөнхий сайд асан Сү. Батболдын төрсөн эгч. Түүний хувьд сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНРТ, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан. 2018 он хүртэл МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан нэгэн.
Дараагийнх нь Ваанжилын Бат-Эрдэнэ. Мөн л сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНРТ, Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байсан. МАН-ын УЗ-ийн мэдээлэл, сурталчилгаа,гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. Одоо сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
3 дахь нь Мөнхөөгийн Амарбаяр. Олон нийт ТВ-5-ынх гэдгээр нь илүү сайн мэдэх биз. ТВ-5-д тоймч, ТВ-9-д мэдээллийн албаны дарга, "ММ” агентлагийн захирлаар ажиллаж байсан, өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа.
МҮОНРТ нь тусдаа хуультай. Тэрхүү хуульд нь “Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна” гээд заачихсан. Бүр цаашлаад “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан байдаг.
Харамсалтай нь өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-аас санал болгож, хэлэлцүүлэхээр зэхэж буй хүмүүсийн гурав нь сэтгүүлч. Одоо бүрэн эрх нь хэрэгжиж буй 10 хүний тав нь мөн л сэтгүүлч. Тэгэхээр МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлд найман сэтгүүлч, өмнө нь энэ байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж байсан нөхөд болно гэсэн үг. Хэрвээ тийм бол нийгмийн бусад салбарын төлөөлөл энэ айлын Удирдах зөвлөлд багтах нөхцөлгүй болж байгаа хэрэг. Хуулийн дагуу бол өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар эрүүл мэнд, спорт, хууль эрх зүйн чиглэлийн төлөөлөл тус байгууллагын толгойд “суух” ёстой.Харамсалтай нь сонгуулийн өмнө жил хуулиа мөрдөхгүйгээр дан сэтгүүлч нараар МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийг бүрдүүлэх гэж байгаа нь нэг намын хараат зарчим үйлчлэхийн эхлэл болох нь гэсэн хардлага төрүүлж байна. Түүнчлэн МҮОНРТ-ийн одоогийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг ч мөн л МАН-ын томилсон хүн гэдэг. Тийм атал эрх баригчид ийн өөрийн мэдлээ бүхэл бүтэн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад тунхаглахаар зүтгэж байгаа нь ардчилсан нийгэмд бол арай л “даварсан” үйлдэл болох нь ээ.
УИХ-ын Байнгын хорооны гишүүд хуулиа мөрдөж чаддаг уу үгүй юу гэдгийг хуралдааны үйл явц тодорхой харуулах байх. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.П.ИТГЭЛ
Оллоо.мн