“Тавантолгой түлш” зах зээлийн 80 хувийг хангана


Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг багасгах бодлого баримтлан Засгийн газраас ирэх тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүй байх тогтоол гаргасан. Энэ хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн аж. Нийслэлчүүд өвөл 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Хэрэв үүнийг сайжруулсан түлшээр орлуулбал 600 мянган тонныг хэрэглэнэ хэмээн салбарынхан ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж. Ингэснээр агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоог ч мөн гаргасан байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
 

Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардав

Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 11 компани нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийг байгуулжээ. Ингэснээр 80 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн иргэдэд түүхий нүүрсний үнээр борлуулах гэрээг Засгийн газартай байгуулж, тонн тутамдаа 50 мянган төгрөгийн татаас авахаар болсон юм. Тиймээс гэрээний биелэлт, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа ямар шатанд явж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга нар шалгав. Нийслэлийн өрхүүдэд шахмал түлш нийлүүлэхээр “Усу коал”, “Дэрст тохой”, “Ширээтийн хурд”, “Дуулгант өлзийт оргил”, “МСРТ”, “Хотын түлш” компани болон “Тавантолгой түлш” компанийн ажлын явцтай танилцсан юм. Эдгээр компанийн ажлын явц зарим талаараа хангалтгүй байгааг салбарын сайд нь онцолж байв. Хамгийн гол тулгамдсан асуудал нь Тавантолгойгоос үйлдвэрүүдэд нийлүүлэх нүүрс тээвэрлэлт гэдгийг үйлдвэрлэгчид учирласан. Учир нь замын ачааллаас шалтгаалан нэг удаагийн татан авалтаар 35-37 тонн ирж байгаа нь эцсийн бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөхүйц хэмжээнд байгаа аж. Нөгөөтэйгүүр нийслэл рүү шахмал түлш борлуулах цэгүүдэд хүргэх замын зардал ч хангалттай биш гэдгийг тэд хэлж байгаа юм. Гэхдээ Засгийн газар болон үйлдвэрлэгчид түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүйгээр борлуулах хатуу гэрээ байгуулж татаас хэлбэрээр төрөөс санхүүжилтийг нь компаниудад өгөх тохиролцоо хийсэн. Тиймээс нэгэнт гэрээний үүргээ хүлээж, хариуцлагаа ухамсарладаг байхыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санууллаа. Тэрээр гэрээ хийх үед бүх нөхцлөө харилцан тохиролцсон. Хэн ч албадаагүй учраас сар бүр хийх шалгалтын үр дүн дээр суурилж, сайжруулсан түлш үйлдвэрлэгчидтэй хийх гэрээг сунгах эсэхийг шийдэх болно гэлээ.
 

Шахмал түлшний төлбөрийг банкны лизингээр шийдвэрлэнэ

 
Зах зээлд шахмал түлш нийлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулсан талаар хэрэглэгчид ярьж байсан. Харин энэ тал дээр албаныхан тайлбарлахдаа “Нөөц бүрдүүлэхийн тулд түгээлтийг түр зогсоосон” гэсэн юм. Учир нь ирэх тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсний борлуулалтыг зогсоосны дараа шахмал түлшээ өрхүүдэд нийлүүлж эхлэх аж. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх бий.Өрх тус бүрт эхний ээлжинд нэг, нэг тонн шахмал түлш нийлүүлэхийн сацуу төлбөрийг нь банкны зээл хэлбэрээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж буй аж. Тиймээс “Тавантолгой түлш” компани нийлүүлэлтээ түр зогсоон нөөцлөх ажилдаа оржээ. Тус компани ирэх зургадугаар сарын байдлаар 54272 тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөхийн зэрэгцээ оны эцэст 459616 тонныг үйлдвэрлэсэн гэдгээ албаныханд тайлбарласан. Ингэснээр нийслэлийн шахмал түлшний хэрэглээний 80 хувийг хангах боломжийг бүрдүүлэх юм байна. Тиймээс үлдсэн 20 хувийг хувийн хэвшлээс худалдаж авах болж байна.
Шахмал түлшний тухайд хувийн болоод хувьсгалын гэж ялгалгүй нэг стандартаар, түүхий нүүрсийг нь нэг газраас татуулж буй учир чанарын ялгаа гарахгүй хэмээн үйлдвэрлэгчид онцолж байсан. Нөгөөтэйгүүр шахмал нүүрсийг түүхий нүүрсний үнээр худалдаж авснаар зардал хоёр дахин буурах юм байна. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах тухай асуудал нь зөвхөн төр болоод түлш үйлдвэрлэгчдэд хамаатай асуудал биш гэдгийг салбарын мэргэжилтнүүд учирлаж байна. Тиймээс хэрэглэгчид гэр болон байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Утаатай тэмцэх анхны алхмыг нь төр хийсэн бол хоёр дахийг нь иргэд гэрээ дулаалах замаар хийх нь зүйтэй гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийхэн ярьж байсныг уламжилъя.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан