Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай хэн юу хэлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тэрбээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй ганцаарчилсан уулзалт хийх болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэхийг цэц эцэслэн шийдвэрлэнэ. Энэ утгаараа тухайн уулзалтууд тодорхой хэмжээгээр хардалт дагуулах болсон.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ойртох тусам одоогийн Ерөнхийлөгчийн эргэн тойронд олон асуудлууд өрнөж, хөндөгдөж байгааг бид өдөр тутамд харж, сонсож байна. Тэгвэл түүний тухай хэн юу гэж хэлэв, ямар байр суурьтай байна вэ гэдгийг зарим улс төрчдийн хэлсэн үгнээс ишлэн товч тоймлон хүргэе.
УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад Үндсэн хуулийн 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгавал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын ийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус” гээд цэцэд мэдээлэл гаргасан.
ХҮНамын дарга Т.Доржханд “Маш тодорхой заалт бий. Одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвшлээ гэхэд нэгдүгээрт, зөвхөн нэг удаа гэдэг заалтыг зөрчинө. Хоёрдугаарт, хуулийн хугацааны хязгаар зөрчигдөнө. Одоогийн Ерөнхийлөгч улирлаа гэхэд 10 жил болчихно. Хуучин Ерөнхийлөгч нар улирлаа гэхэд 14 жил болно. Гэтэл өнөөдрийн хязгаар 6 жил. Өмнөх Үндсэн хуулийн хязгаар 8 жил учраас болохгүй. Дахиж эрх мэдлээ хадгалахын төлөө улирч сонгогдоно гэж монголчуудаа талцуулж хуваах нь буруу гэж бодож байгаа. Тиймээс та бүхэн нэр төртэйгөөр, төрийн тэргүүн болон тэргүүн байсан хүний хувиар энэ амбицаа татан авч, иргэддээ боломж олгооч” гэсэн байр суурьтай байна.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх "Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр том инстутын хооронд зөрчил үүсэх вий. Ард иргэдийг татан оролцуулах вий, хүний амь эрсдэх вий гэж болгоомжилж байна. Тийм ч учраас энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. Эрх баригч намын даргын хувьд би Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Улс орны тогтвортой байдал, ард түмнийхээ амгалан тайван байдлыг бодож, улс төрийн нөхцөл байдал үүсэх вий гэж үзэж үүрэгт ажлаа өгч байна" хэмээн Ерөнхий сайдаас огцрох үедээ хэлсэн. 
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол ялна гэсэн уриагаар хууран мэхэлж, МАНАН-г хэвээр нь авч үлдсэн Ерөнхийлөгчийг хугацаанаасаа өмнө огцрохыг шаардаж байна. МАНАН-г шударга бус хонгилын шүүхтэй нь, луйврын сонгуультай нь хамгаалж хадгалсан, байгалийн баялгийг ард түмэнд өгөхийн оронд ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн гэсэн тодотголтой болгон гадаад, дотоодын олигархиуд өмчлөх, эзэмших эрхийг улам өргөжүүлэн баталгаажуулах санал гаргасан Ерөнхийлөгч сонгуульд аль аль нь нэр дэвших эрхгүй” гээд шаардлагадаа нэгдэхийг уриалсан.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад, үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өгөхийг шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэн. Албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд ямар зүйл анги, хэдэн жилийн ял өгөхийг даалгадаг Ерөнхийлөгчтэй гэдгийг Хууль зүйн сайд нь илчилснийг хараад уур хүрч байна. Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Холбогдох хэд хэдэн хууль байтугай, ҮХ зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд гуравхан хоногийн сошиалын сэдэв болоод мартагдаж байна. Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. “МАНАН, 30 гэр бүл, оффшор” гэсэн хуйвалдааны баахан хуурмаг гомдлыг бий болголоо. Өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөрөө тодорлоо” гэсэн хатуухан шүүмжлэлийг хэлсэн байна.
Хуульч Д.Үүрцайх Ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “ҮХ-д байгаа алдаа дутагдалууд нь Ерөнхийлөгчид байх ёсгүй эрх мэдлүүдийг их олгосон. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, Элчин сайд нарыг томилох, татгалзах, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт эрх мэдлүүд төрийн эрх мэдлийн хуваарилалтын талаасаа парламентын бүгд найрамдах улсын жишигт нийцэхгүй. Эдгээрийг харамсалтай нь ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөөгүй. Гэхдээ цаашид ердийн хуулиудаар ҮХ-д заасан бүрэн эрхэд нь хамаарахгүй бүрэн эрхийг олгож болохгүй гэсэн заалтаа хэрэгжүүлээд, хууль тогтоогч энэ чиглэлд яаралтай ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: bolod.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан