Цар тахал болон коронавирусийн тухай

Шинэ төрлийн титэмт вирус болох коронавирусийн тархалт дэлхий нийтийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед вирусийн тархалт гэж юу болох, хэрхэн явагддаг тухай бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. Халдварт өвчин гэдэг арьс өнгө, нийгмийн гарал угсаа, шашин шүтлэг, улс төрийн оролцоо, иргэншил хамаарахгүй халдварлаж чаддаг хамгийн аюултай өвчин. Хяналтнаас нэг гарвал хичнээн аймшигтай үр дагавар авчирдгийг бид бэлхнээ харж, сонсож мэдэрч суугаа. Ялангуяа амьсгалын замын өвчнүүд дээд зэргийн урьдчилан сэргийлэлт, чанга хатуу хорио цээрийн тусламжтай буурч, устдаг.
ЦАР ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pan­demic биш epidemic гэсэн үг. Менингококк болон улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд үүнд хамаарна.Харин цар тахлын хувьд бол маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно.
Түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цар тахлууд(он цагийн дарааллаар)
1. Антонины тахал. МЭӨ 165 он
Галены тахал гэгддэг Антонины тахал нь Бага Ази, Египет, Грек, Италид тархсан маш эртний тахал бөгөөд юунаас болж үүссэн нь одоог болтол тогтоогдоогүй. Энэхүү үл мэдэгдэх өвчнийг Месопотамаас эргэж ирсэн цэргүүд Ромд авчирсан гэж үздэг. Тухайн үед таван сая гаруй хүний аминд хүрч байжээ.
2. Юстинийн тахал. 541-542 он
Византийн эзэнт гүрэн ба Газар дундын тэнгисийн далайн боомт хотуудад өрнөж байсан дайны үед 25 сая хүн амиа алдаж байсан булчирхайн тахал. Бубоны тахлын анхны тохиолдол гэгддэг энэхүү өвчин нь Газар дундын тэнгисийн зүүнтээ төвлөрөх хүн амын дөрөвний нэгийг нь хөнөөсөн. Ид дэгдэлтийнхээ үед өдөрт 5000 хүн үхдэг байсан уг тахал Константинополь хотын хүн амын 40%-ийг сүйрүүлжээ.
3. Хар тахал. 1346-1353 он
Европын хүн амын 30-60% буюу 75-200 сая хүний амь насыг авч одсон цар тахал. Хар тахлыг Зүүн Азиас гаралтай, торгоны замаар дамжин Евразид түгсэн гэж үздэг ч тухайн үед худалдааны хөлөг онгоцон дээр хэдэн саяараа үүрлэн амьдардаг байсан харх, түүний бүүрэгнээс үүсэлтэй гэх магадлал хамгийн өндөрт тооцогддог. Тиймдээ ч худалдааны боомт хотууд төвлөрсөн гурван тивийг дамнан сүйтгэсэн байна.
4. Гуравдагч холер. 1852-1860
Долоон төрлийн холер өвчин байдгийн хамгийн их хөнөөл учруулсан нь Энэтхэгээс гаралтай уг тахал юм. Ази, Европ, Хойд Америк, Африк тивээр дамжиж сая гаруй хүний амийг авч оджээ. Их Британийн эмч Жон Сноу Лондонгийн буурай хөгжилтэй газар нутагт ажиллаж байхдаа холерын тохиолдлыг бүртгэж, улмаар бохирдсон ус нь өвчний халдвар тархах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ.
5. Томуугийн тахал 1889-1890
Анх “Азийн ханиад” буюу “Оросын ханиад” гэж нэрлэдэг байсан H2N2 томуугийн хүрээний вирусийн дэгдэлт гэж үздэг байсан боловч саяхан нээсэн нээлтүүд нь томуугийн А хэлбэрийн H3N8 хүрээнийх байсныг баталжээ. Таван сая хүний амь эрсэдсэн.
6. Зургаадагч холер. 1910-1911
Зургаа дахь холернь бусад таван тохиолдлын адил Энэтхэгээс гаралтай бөгөөд 800,000 хүн амиа алдаж, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, Орос руу тархжээ. Америкийн эрүүл мэндийн байгууллагууд эртнээс урьдчилан сэргийлсний ачаар халдвартай хүмүүсийг тусгаарласнаар ердөө 11 хүн нас барж байсан аж.
7. Испани ханиад. 1918-1920 он
Энэ нь томуугийн цар тахлын өвчин бөгөөд H1N1 хүрээний тахлын анхны тохиолдол. Тухайн үед дэлхийн хүн ам 1,8-1,9 тэрбум байж. Тэгвэл “Испани ханиад”дэлхийн нийт хүн амын 27% буюу 500 орчим сая хүнд халдварлаж 50-100 сая хүнийг үхэл рүү илгээжээ. Эхний 25 долоо хоногт л гэхэд 25 сая хүн нас барж байж.
8. Азийн ханиад. 1956-1958
Азиас гаралтай уг өвчин нь Хятадаас гаралтай H2N2 томуугийн тахлын дэгдэлт байсан бөгөөд 1958 он хүртэл үргэлжилжээ. Хоёр жилийн хугацаанд Азийн ханиад нь Хятадын Гуйжоу мужаас Сингапур, Хонконг, АНУ-д тархсан байна. Азийн ханиадны улмаас нас барсан хүний тоо эх сурвалжаас хамааран өөр өөр байдаг боловч ДЭМБ-ын тооцооллоор хоёр сая хүн нас барсан гэсэн судалгаа байдаг.
9. Томуугийн тахал. 1968 он
Хоёрдугаар ангиллын томуугийн тахал, зарим тохиолдолд “Хонконгийн ханиад” ч гэдэг. H2N2 дэд бүлгийн удамшлын томуугийн H3N2 омгийн улмаас үүссэн. Хонконгт анх гарснаас хойш гурван сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, АНУ-ын хэмжээнд тархжээ. Нас баралтын түвшин харьцангуй бага байсан (5%) боловч нэг сая хүний аминд хүрчээ.
10. ХДХВ/ДОХ-ын халдвар. 1976-
1976 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ нь дэлхий даяар тахал болж, 1981 оноос хойш 36 сая хүн амиа алдаад байна. Одоогийн байдлаар 31-35 сая хүн уг өвчний вирусийг тээдгээс 25% нь Африк тивд хамаарна. Бэлгийн замаар болон цусаар дамждаг, бүрэн эмчлэгддэггүй өвчин юм.
Түүнчлэн 2009 онд H1N1 хүрээний томуугийн халдвар болох гахайн ханиад дэгдэж дэлхийн хүн амын 21%-ийг халдварлуулжээ. 150-750 мянган хүн нас барсан тоон баримт бий бөгөөд испани ханиадны нэгэн адил уушги үрэвслүүлдэг аж. Түүхийн баримтаас үзвэл энэ мэтчилэн зуу зуун төрлийн тахал өвчин энд тэндгүй тархаж, дэлхийн хүн амын өсөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөлж байжээ.
COVID-19 БУЮУ КОРОНАВИРУС НЬ ЦАР ТАХАЛ МӨНҮҮ?
Өнгөрсөн оны сүүлээс БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотоос дэгдсэн коронавирус нь өдгөө 60 гаруй улс орны 90 орчим мянган хүнд халдварлаж, 3000 гаруй хүн уг өвчний улмаас хорвоог орхиод байгаа билээ. Энэ өвчнийг цар тахал гэж үзэх эсэх талаар ДЭМБ одоог хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Гэсэн ч тэдний зүгээс коронавирусийн дэгдэлтийн зэргийг “өндөр”-өөс “маш өндөр” ангилал руу шилжүүлээд буй. Хамгийн аюултай нь өвчний зовуурь илрээгүй үедээ халдварлуулах боломжтой. Хятад улс тархалтыг зогсоох ажил буюу containment-ийг нэгэнт алдсан харин одоо тархалтыг бууруулах буюу mitigation ажиллагаанд шилжсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн.
Ямар тохиолдол цар тахал буюу pandemic болж, ямар тохиолдолд халдварт өвчин буюу epidemic болох вэ гэдэг нь нэлээд субьектив шинжтэй бололтой. Коронавирусийн тухайд одоогийн байдлаар энэ хоёр нэр томьёог хоёуланг нь ашиглаж байгаа бөгөөд аль нь ч байсан үхлийн аюултай, дэгдэлтийн өндөр зэрэгтэй гэдгийг мэржгэжилтнүүд хүлээн зөвшөөрчихлөө. Өнгөрсөн сард ДЭМБ дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус "тахал" гэсэн үгийг хэрэглэх эсэх нь вирусийн газарзүйн тархалт, нийгэм дэх нөлөөллийн хэмжээ болон тасралтгүй үнэлгээн дээр үндэслэгдэнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн уг өвчин нь тахлын халдвартай юу гэвэл тийм хэмээн онцолжээ.
Ийм хурдацтай тархаж буй аюулт өвчнийг цар тахал гэж зарлахгүй байгааг мэргэжилтнүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Коронавирусийг цар тахал мөн гэж үзэж байгаа эрдэмтэд “Хэрвээ тахал гээд зарлачихвал дэлхий нийтээрээ сандралд орж, үймээн самуун дэгдэхвий гэдгээс болгоомжлоод байх шиг байна” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгийн хямралаас авахуулаад олон сөрөг үр дагавар бий болох учраас тэгтэл нь дэвэргэчихгүй шиг болгоомжтойгоор, гэхдээ шаргуу тэмцэж байгаа нь илт байна гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл, мэдээллүүдийг гадны эх сурвалжуудаас уншиж мэдэж болохоор байна. Гүнзгийрүүлж судалъя гэвэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн судалгааны бүтээлүүдийг уншиж болох юм. Түүнчлэн зарим эрдэмтэд хэдийгээр дэлхий даяар онц байдал зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байгаа ч халдварын хүрээг хумьж чадалгүй алдсан тохиолдолд яалт ч үгүй тахлын үе шатанд шилжих болно. Ийм зүйл болоход маш ойрхон ирчихээд байна, тиймээс бодолтой байх хэрэгтэй хэмээн сануулсан байна лээ. Харин энэ талаар ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревич “Цар тахлын нэгдүгээр зэргийг тодорхойлох зургаан үе шат бий. Үүнийг баримтлан ажиллах боломжгүй байна. Учир нь мал, амьтнаас хүнд халдварлаж цар тахлын хэмжээнд хүрсэн кэйс бидэнд алга” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн стандартад зургаан түвшнээр цар тахлын нэгдүгээр шатыг тодорхойлдог бол CoVid-19 халдварын тухайд уламжлалт энэ аргаар биш харин нийгэмд үзүүлж буй нөлөөллөөр нь цар тахал мөн эсэхийг тодорхойлно гэсэн үг болж таарч байна.
ХҮНАМЫНБӨӨГНӨРӨЛ ҮГҮЙ БОЛСНООР ХАЛДВАРТ ӨВЧИНГ ХЯЗГААРЛАХ БОЛОМЖТОЙ
Хүмүүс томоохон хотуудад төвлөрөн суурьшсанаар байгаль экологид асар их хохирол учруулдаг. Агаар, хөрс, орчин бохирдсоноор экологийн тэнцвэр алдагдаж, халдварт өвчин тархах магадлал ихэсдэг. 20 сая хүн амтай метрополитан хотод тахал дэгдлээ гэхэд эрсдэл маш өндөр, авах арга хэмжээний хувьд ч хязгаарлагдмал болох юм. Эсрэгээр энэ 20 сая хүн 500.000 юм уу нэг, нэг саяараа жижиг хотууд үүсгэн суурьшвал халдварт өвчин гарсан тохиолдолд маш хурдан тусгаарлалт хийж урьдчилан сэргийлэх боломжтой. Эдийн засгийн хувьд ч алдагдал бага хүлээнэ. Улсаас тухайн халдвар гарсан бүс нутагт анхаарал хандуулан, чанартай, хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоо бүрдэнэ ээ гэсэн үг. Хятадын жишээнээс харахад 11 сая гаруй хүн амтай том хотод халдвар тархаж, вирус хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдлээ. Томоохон эдийн засгийн шинжээчид Хятадын амсах хохирлыг судлан дүгнэж буй энэ өдрүүдэд геополитикийн салбарынхан ч энэ талаар нухацтай авч хэлцэж байгаа юм билээ. Дээрх туршлагыг нэвтрүүлэх нь дэлхийн улс орон бүрийн оролцоо, нэгдмэл бодлогоос хамаарах нь мэдээж. Урт хугацааны ажил гэдэг нь ч тодорхой. Сүүлийн жилүүдэд хүмүүс томоохон хотуудаас аль болох зайлсхийж, жижиг хот суурингуудыг бараадан амьдрах нь олширсон. Дэлхий нийт дээрх хандлага руу өөрийн эрхгүй чиглэж байж магадгүй л юм.

А.Мөнхзул
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан