Ипотек саарсан нь барилгын салбарт хямрал даллалаа



  • Хүн амынх нь талаас илүү хувь эсгий гэрт амьдарч буй Монгол Улс ипотекийн зээлээр их олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой
  • Ипотек зогсох эрсдэлд орсноор иргэдийн найдвар бага багаар бөхөж эхэллээ. Ийм байхад “Барилгын салбар хямралаас гарлаа” хэмээн салбарын сайд ярьсанд олон хүн эгдүүцэж байна
Ипотек зогсох эрсдэлд орж, иргэдийн найдвар бага багаар бөхөж эхэллээ. Ийм байхад “барилгын салбар хямралаас гарлаа” хэмээн салбарын сайд ярьсанд олон хүн эгдүүцэж байна. Арилжааны зарим банк найман хувийн зээл олгохоо хүртэл зогсоож, иргэдээс хүсэлт авахаас татгалзах боллоо. Үүнээс болж урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн залуус өнөөдөр сэтгэл гонсгор үлдэж байна. 2016 оноос хойш ипотекийн санхүүжилт дорвитой нэмэгдэх бус хумигдсаар ийм байдалд хүрэв. Засгийн газар жилээс жилд төсөвт тусгадаг ипотекийн санхүүжилтээ танаснаас 2020 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн өрх энэхүү зээлд хамрагдахаар болж байна. Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг шууд хоёр дахин багасгасан. Ипотек ийнхүү туйлын эмзэг байдалд орсноор барилгын салбар дахин хямралтай золгож байна. 

Орон сууцны борлуулалт саарснаар барилгын компаниуд ажилгүй болж, тус салбарт ажиллаж байсан иргэд ажилгүй, орлогогүй болж эхэллээ. Уг нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлоход барилгын салбарын үр нөлөө их. Өрхийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар хоорондоо харилцан адилгүй. Тиймээс нэг дор 100 хувь төлбөрөө бэлнээр төлөөд орон сууцтай болох нь нийгмийн цөөнх. Харин урьдчилгаа 30 хувиа бүрдүүлснээр ипотект хамрагдаж, олон жилийн мөрөөдлөө биелүүлэх нөхцөл дундаж давхаргад 2013 оноос бүрдсэн юм. Гэвч ипотекийн санхүүжилт жил ирэх тусам хасагдсаар байртай болох хүн болгоны хүслийг энэхүү хөтөлбөр гүйцээх боломж улам алсарч байна. Уг нь орон сууцны борлуулалтыг өсгөж байсан нь ипотек. Тэгвэл нийгмийн дундаж давхаргыг тэтгэх учиртай найман хувийн зээл санхүүжилтийн хомсдолд орсноор зах зээлд борлуулахад бэлэн байсан 30 гаруй мянган орон сууц эзнээ олох хугацаа үргэлжлэн сунахаар байна. Үүнтэй холбоотойгоор барилгын шинэ төслүүд царцанги байдалд шилжих нь. Компаниуд шинэ төсөл эхлүүлэхээс хүртэл болгоомжилж эхэллээ. Улсын хэмжээнд ипотект 90 гаруй мянган иргэн хамрагдаж, зээлийн үлдэгдэл дөрвөн их наяд төгрөгийг хэдийн хол давсан билээ. Хэдий тийм боловч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ипотект хамрагдсан өрхийн тоо тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Үүний шалтгааныг зээлийн эх үүсвэртэй холбон албаныхан тайлбарладаг. “Хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн барилгын салбараа дэмжих зайлшгүй шаардлагатай. Гэтэл нийгмийн эрэлт хэрэгцээ болсон найман хувийн хүүтэй орон сууцны зээл улам хумигдаж эхэллээ. Дундаж давхаргаа дэмжихэд уг бодлогын ач холбогдол маш чухал” хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун өгүүлсэн юм. 
Барилга, хот байгуулалтын сайд ипотекийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэх боловч бодит байдал дээр хоёр дахин тэлэх боломжоо бид энэ хугацаанд алджээ. Төв банкны мэдээлснээр, 2019 оны 12 дугаар сарын байд лаар 1365 зээлдэгчид 111. 9 тэр бум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.3 хувь нь хөтөлбөрийн, 43.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. 2019 онд Монголбанкнаас 213.4, Засгийн газраас 112, арилжааны банк өөрийн эх үүсвэрээс 118 буюу нийт 443.5 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй зээлд зарцуулжээ. Ингэснээр 6476 өрх хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай болжээ. 2020 оны төсөвт эрх баригчид 60 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь 2019 онтой харьцуулахад 50 гаруй тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Энэ онд 7783 айлын орон сууц шинээр ашиглалтад орох ёстой. Салбарын яамны мэдээлснээр, ипотект хамрагдах хүсэлтэй 70 гаруй мянган өрх байгаа юм. Барилга, хөрөнгийн зах зээл зэрэг олон салбарт эргэлт авчирсан орон сууцны хөтөлбөр хэр урт наслахыг Засгийн газар шийдэх л үлдлээ. Нийслэлийн агаар, хөрсний бохирдолд цэг тавих ипотек санхүүжилтийн гацаанаас гарч чадвал Монголын мянга мянган иргэний хүсэн хүлээж буй тохь тухтай орчинд амьдрах хүсэл сая биелэх юм. Эрх баригчдын нүд үзүүрлэх ипотекийн зээл монгол хүнийг үл хөдлөх хөрөнгөтэй болгож, олон нийтийн санхүүгийн сахилга батыг дээшлүүлсэн, амьдралын чанарыг сайжруулсан гээд ач холбогдлыг дурдаад байвал дуусахгүй. Хүн амынх нь талаас илүү хувь нь эсгий гэрт амьдарч буй Монгол Улс ипотекийн зээлээр тулгамдсан олон асуудлаа шийдэх боломжтой билээ. Хэрэв ипотек энэ хэвээрээ саарвал эргээд утаатай Улаанбаатар уул дамнан тэлэх нь дамжиггүй.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан