Мах экспортлох 20 жилийн мөрөөдөлд цэг тавьсан Ч.Улаан сайдын хориг

Зэс, нүүрс, ноолуураа зарж доллар олдог Азийн Монголд ногоон валют олох боломж өчнөөн бий. Наад зах нь малынхаа мах, ноос, сүүг боловсруулаад экспортлоход л олдог долларынхаа хэмжээг өсгөх боломжтой. ОХУ-ын зах зээл биднээс хатуу, хөтүү, хол хөндий байсаар ирсэн. Одоо ч тийм. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалъя гэсэн ч өндөр татвар, гаалийн элдэв хүнд суртлаараа босго тавиад алга тэнийж, нүүр өгдөггүй характертай зах зээл. Цаашид ч сүрхий зөөлөрч найр тавих нь юу л бол. Европын холбооны улсууд, Япон гэх мэт органик хүнс, бүтээгдэхүүнд дурладаг өндөр хөгжилтэй орнуудад малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортолъё гэхээр босго нь хэт өндөр. Монголын үйлдвэрлэгчид тэдний шалгуурыг давж чадалгүй өнөөг хүрсэн нь нуугаад байх юмгүй бодитой үнэн. Японтой хийсэн эдийн засгийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэм, тусын нөлөөгөөр чацарганы тос, шүүс, халгайтай шампунь гэх мэт цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг арлын орон руу экспортолж байгаа. Олзуурхмаар жишээ ч гэлээ экспортод жин дарахаар нөлөө үзүүлтлээ өдий гэж үйлдвэрлэгчид онцолдог.
Харин Хятадын хувьд арай өөр өнгө анзаарагддаг. Хойд хөрш шиг зах зээл нь төрөөсөө шууд хамаардаггүй. Хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь санал болговол үнээ тохирч, алгаа тосоод авдаг улс. Товчхондоо урд хөршид зах зээлийн хууль жам ёсоороо үйлчилдэг. Тавьдаг босго шалгуур нь Япон, Европын холбооны улсууд шиг хэт өндөр биш гэсэн онцлог бас бий. Энэ утгаараа ахиу доллар олж болох ганц зах зээл маань. Гэлээ гэхдээ монголчууд энэ аварга зах зээлд махаа их хэмжээгээр экспортлох завдалгүй өнөөг хүрсэн юм. Харин өнөө жил урд хөрш рүү хийх махны экспорт дажгүй байлаа. Өнгөрсөн онд ч түүхэндээ байгаагүй их хэмжээний мах экспортолсныг гаалийн мэдээнээс харж болно.
Ер нь Хятадын гаднаас худалдаж авах махны хэмжээ 2018, 2019 онд өсөлттэй яваа. Махны импортоо өсгөсөн нь мэдээж тодорхой шалтгаантай. Түрүү жил урд хөршид гахайн мялзан дэгдсэнээс болж дэлхийн махны нийлүүлэлтийн 30 хувийг дангаараа хэрэглэдэг хятадууд сая гаруй гахайгаа устгасныг дэлхийн хэвлэлүүд онцолж мэдээлсэн. Гахайн мялзан өвчнөөс болж хятад иргэд бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг илүүд үзэж эхэлсэн тухай мэдээ ч дэлхийн мэдээллийн агентлагуудын онцлох сэдэв болоод амжсан. Хятадад үүссэн энэ асуудал Австрали, Япон, Шинэ Зеландын мах экспортлогчдын хувьд мэдээж аятай шалтаг. Товчхондоо дэлхийн улс орнуудын дунд Хятадад хонь, үхэр, шувуу, далайн гаралтай мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх өрсөлдөөн ид өрнөж байна. Дэлхийн улс орнуудаар аялж зугаалж шоппингддог, чанартай хүнс хэрэглэдэг, тохь тух, брэндийг илүүд үзсэн дундаж давхарга хүчээ авсан урд хөрш ямар ч улсын хорхойг хүргэх зах зээл. Жаахан хазайж хэлэхэд ийм зах зээлийн ердөө хажууханд гэсэн шалтгаанаар л гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг зорьж ирдэг нь булзах аргагүй үнэн. Иргэд нь мөнгөжих хэрээр Хятадад чанартай махны хэрэглээ огцом өсч эхэлснийг баталсан жишээ олон бий. Вагю буюу япон үүлдрийн үхрийг урд хөршөөс 7000 гаруй км-т, Австралид үржүүлдэг. Гэсэн хэдий ч дээд зэрэглэлийн стейкний мах худалдан авах хэрэглэгчдийн захиалга түрүү жилийнхээс 50 хувиар нэмэгдчихэж. Өндөр үнэтэй вагю үүлдрийн үхрийн махны хэрэглээ ингэж огцом өссөн нь австраличуудын хувьд таатай боломж. Урд хөршийн гахайн махны импорт ч хоёр дахин өсчээ. Монгол махны хувьд бэлчээрийн гэдэг утгаараа чанартай сайн гэсэн ангилалд зүй ёсоор багтана. Товчхондоо Монголын малын маханд Хятад гэдэг аварга зах зээл үүдээ найрсгаар нээж байна.
Ийм үед салбарын сайд нь малын махаа яаж илүү өртөг шингээж, үнэтэй экспортлох вэ гэдэг дээр ухаан зарах учиртай. Экспортын чигийн үйлдвэрүүдээ дэмжиж, технологио сайжруулахад нь хөнгөлөлттэй зээл олгож, адуу, үхэр, хонины махандаа илүү гүн боловсруулалт хийж, өчнөөн нэр төрлийн бүтээгдэхүүн болгож урд хөршийнхөө зах зээлд гаргая гэж дуугарах ёстой. Японд болсон “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр тэнд амьдардаг монгол залуус Японы вагю үүлдрийн үхрийг эх орондоо үржүүлэх тухай санаа сэдэл гаргаж, төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Урд хөршийн бизнес эрхлэгчид 7000 гаруй км алс Австралиас вагю үүлдрийн махыг стейк хийе гээд үнэ уралдуулан авч байгаа тухай өмнө цухас дурдсан. Яг өдийд ХХААХҮ-ийн сайд арлын улсад суугаа монгол залуусынхаа санаачилгыг дэмжье гэдэг ч юм уу, махны чиглэлийн дэлхийд гэгддэг үүлдрийг Монголдоо нутагшуулж махны экспортыг доллар олдог гол суваг болгоё гээд яриад суувал ухаалаг харагдана. Гэтэл мань эр огт өөр зүйл яриад хадуураад сууж байна. Саяхан болсон Засгийн газрын хуралдааны үеэр Ч.Улаан сайд “Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ нийслэлээс бэлдээд байна. Үүнийг таслан зогсооно” гэж сүржигнэв. Салбарын сайд экспорт нэмэгдсэнээс болж махны ханш өссөн, махны үнэ хаданд гарснаас болж иргэд бухимдсан, иргэд бухимдаад байгаа учраас экспортлогчидтой хатуу тэмцэнэ гэсэн утгатай тайлбар хийнэ лээ. Ч.Улаан сайд энэ парламентын поп гишүүдийн тод төлөөлөл. Попууд сонгуулийн өмнөх жил иргэдийг бухимдуулсан ямар ч асуудалтай дайн зарладаг. Эх орончийн дүр эсгэж сэлэм эргүүлдэг нь попуудын гэм биш зан болоод удаж байна. Энэ удаа махны үнэ иргэдийг бухимдуулсан учраас мань хашир дүрдээ орж буй нь энэ. Ер нь мах экспортлогч үйлдвэрүүд түүхий эдээ хаанаас бэлдэх нь салбарын сайдад огт хамаагүй. Зах зээлийн энэ мэт процесст оролцох шаардлага манайх шиг чөлөөт эдийн засагтай улсад хэтээсээ байхгүй. Харин нөөцийн махыг их хэмжээгээр худалдан авч экспортолсон бол сайд хориг тавих ёстой. Ингэсэн бол таслан зогсооно гэсэн мэдэгдэлд нь гайхаад, шүүмжлээд байх юм алга.
Махны ханш өсдөг үед нөөцийн махаар асуудлыг зохицуулдаг жишиг төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Инфляци өсгөдөг “хэргийн эзэд”-ийн нэг учраас үе үеийн Засгийн газар нөөцийн махны нийлүүлэлтийг анхаарлаасаа гаргадаггүй. Өнгөрсөн засгийн үед гэхэд л онцгойлон анхаарсныг тод санаж байна. Үр дүнд нь инфляци түүхэн доод хэмжээндээ хүрч байв. Харин МАН засагласнаас хойш нөөцийн мах тэгтлээ анхаарал татах сэдэв байхаа больсон гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Өөрөөр хэлбэл засаг махны үнийн өсөлтийн эсрэг барьдаг гол зэвсгээ тоохоо байсан. Зах зээлийн жамаараа яваг гэсэн гоё тайлбар хэлээд суудаг болсон нь нууц биш. МАН засагласан сүүлийн хэдэн жилд нөөцийн мах ёс төдий хэрэгжиж ирсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.
ХХААХҮ-ийн сайдын засгийн хуралдаанд хэлсэн эх оронч, сүржин үг экспорт хийдэг үйлдвэрүүдийн мах бэлтгэлийг таслан зогсооно гэх төдийгөөр дуусаагүй. Ч.Улаан сайд “Хэдий хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж экспортлох вэ гэдэгт жил бүр квот тогтоодог болохоор тогтлоо. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өмнө нь баталсан журамд тодорхой өөрчлөлт орно. Хонь, ямааны мах хяналтгүй, квотгүйгээр экспортод гардаг байсныг эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх үүднээс квоттой болж, мөн квотын хэмжээг жил жилд нь тодорхой болгоно. Квот тогтоож буй нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй холбоотой. Мөн компаниуд экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан буюу нөөцөлсөн байх шаардлагыг тавьж байна. Цаашид махны дотоодын зах зээлийн хангамж, үнийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч, хуулийн хүрээнд зохицуулалтууд хийнэ. Мөн улсын хэмжээнд нөөцлөх махны хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд 15 мянгаас доошгүй тонн махыг нөөцөлсөн байх бэлтгэл ажлыг зохион байгуулалтыг одооноос эхлүүлэхээр шийдэж байна” гэж өндөр дуугаар мэдэгдсэн юм. Нөөцийн махны тухайд сайд ниргэсэн хойно нь хашгирлаа. Сайдын мэдэгдлээс анзаарахад дулааны аргаар боловсруулж экспортолдог маханд жил бүр хатуу хэмжээ тогтоох нь. Ингээд ч зогсохгүй энэ коммунист хэнээрхлээ ажил болгохын тулд Засгийн газрын журамд өөрчлөлт оруулах юм байх. Ч.Улааны попролтын үргэлжлэл нь бүр нүд орой дээр гаргамаар. Хонь, ямааны махыг хяналтгүйгээр экспортод гаргахыг зогсооно гэж муйхарлав. Шалтгаан нь бүр инээд бармаар шог. “Эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх үүднээс” гэсэн таван үгийг нь уншсан учир мэдэх хэн ч мушийна. Ч.Улааныхаар бол экспортлогч компаниуд боловсруулсан махныхаа 10 хувийг заавал дотоодын зах зээлд борлуулах юм уу экспортлохгүйгээр хадгалах юм байх. Австрали, Шинэ Зеланд гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй улсууд махаа яаж ахиу хэмжээгээр экспортлох вэ гэж толгойгоо гашилгаж байхад хорин жил малын махаа доллар болгохсон гэж мөрөөдсөөр ирсэн Монголын хүнс, хөдөө аж ахуй хариуцсан сайд нь ингэж хэлээд сууж байгааг юу гэж ойлгох вэ. Тэнэглэл гэхээс өөр үг олдохгүй байна, үнэндээ.

Ц.Баасансүрэн     
Эх сурвалж: Өдрийн сонин   
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан