Монгол Улс УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ юу вэ


Дөрвөн жил тутамд өөрчлөгддөг хууль бол Сонгуулийн тухай хууль. Энэ утгаараа Монголын хамгийн тогтворгүй хууль гэж тодотгож болно. Сонгуулийн хуулийг ингэж сонгууль бүрийн өмнө өөрчлөх нэг шалтгаан нь тухайн үед эрх барьж буй нам өөрийн эрх ашигтаа тохируулах, дараагийн сонгуульд "даам" гарах боломжийг хууль эрх зүйн зохицуулалтаар хөнгөвчлөх гэсэн санаархалтай холбоотой. Гэхдээ Сонгуулийн хуулийг өөрчиллөө гэхэд хуулиар зохицуулагдсан дөрвөн хэлбэр л бий. Тэр нь одоогийн энэ жижиг 76 буюу жижигссэн мажоритар мөн томсгосон мажоритар буюу олон мандаттай тойрог,  Бүсчилсэн буюу бүс 1 тойрог,  Улс-1 тойрог гэсэн хэлбэр юм.  Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэнээсээ хойш  УИХ-ын сонгуулийг одоогоор 7 удаа явуулаад байна. Эдгээрийн  4 удаагийнхыг жижиг мажоритараар, 3 удаагийн сонгуулийг томсгосон буюу мажоритар, пропорциональ  хосолсон системээр явуулсан байдаг.
Мөнгө тараах, царцаа буюу сонгогчдыг  тойрог руугаа шилжүүлэх зэрэг бусад  хууль бус хүчин зүйлийн нөлөөлөл багасч,  сонгууль шударга байх зарчим илүү хэрэгжих  давуу байдал харагдаж байна.
Урьд урьдын жишгээр энэ парламентын хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хууль мөн багтаад буй. Энэ хууль ирэх намрын чуулганаар батлагдах магадлалтай. Учир нь МАН-ын бүлгийн зарим гишүүдийн хэлж байгаагаар тоглоомын дүрэм тодорхой байх учиртай. Иймээс Сонгуулийн хуулийг аль болох эртхэн батлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн  хуулийн төслийг боловсруулж  өргөн барих үүрэг бүхий 12 хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ерөнхийлөгч, УИХ, Аймаг дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар 2015 онд хуульчилсан ч амьдрал дээр олон асуудалтай тулгарсан учир эдгээр гурван шатны сонгуулийг тус тусдаа хуулиар зохицуулъя гэж байгаа. Сонгуулийн шинэ хуулийн анхдагч гол зохицуулалт ийм байхаар байна.
Хоёр дахь нь УИХ-ын  сонгуулийг  өмнөхөөс өөр зарчмаар  явуулах хувилбарыг олонхийн бүлэг дэмжижээ. Тодруулбал, Монгол Улс бүхэлдээ сонгуулийн нэг тойрог байх аж. Энэ тогтолцоо шинэ юм шиг сонсогдох авч  урьд нь нэг бус удаа яригдаж байсан билээ. Тэр үед энэ хувилбар дэмжигдээгүй шалтгаан нь техник ажиллагаа, технологийн шийдэлтэй холбоотой байв. Харин одоо ийм боломж бүрдсэн гэж байна.
Монгол Улс -1 тойрог байх энэ хэлбэр нь мэдээж хэрэг давуу болоод дутагдалтай тал байж таарна. Үүнийг хойно өгүүлье. Харин одоо сонгуулийн тогтолцооны энэ хэлбэрийг арай дэлгэрүүлж харъя.
Нэгэнт улсаараа зөвхөн нэг тойрог болж байгаа учраас саналын хуудсан дээр тухайн намуудын 76 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт байна гэсэн үг. Харин сонгогчийн тухайд дэмжиж буй нэг л нэр дэвшигчээ дугуйлах юм байна. Тэгэхээр сонгогчийн хариуцлага өмнөхөөс илүү өндөр болж, нэр дэвшигчдээс аль намын хэнийг дэмжихээ урьдчилан товлосон байх хэрэгтэй болж байна. УИХ-ын сонгуульд нийтдээ 500-700 хүн л нэр дэвшдэг гэсэн судалгаа байгаа юм байна. Энэ нэр дэвшигчид саналын хуудсан дээр нам, намаараа магадгүй, цагаан толгойн үсгийн дарааллаар бичигдэж таарах биз. Ингээд Монгол Улсынхаа иргэдээс хамгийн олон санал авсан эхний 76 хүн бидний төлөөлөл болон парламентад сууна гэсэн үг.
Сонгуулийн энэ тогтолцоо нь өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай манайх шиг улс оронд хамгийн тохиромжтой хэлбэр гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм. Сонгуулийн яг ийм хэлбэрийг гадны  орнуудын  судлаачид ч бас урьд нь санал болгож  байжээ.
Монголын хөгжлийн хоцрогдлын нэг шалтгааныг сонгуулийн тогтолцоотой холбох том шалтгаан байгаа юм. Тухайлбал, өнөөг хүртэл хэрэгжиж байсан сонгуулийн тогтолцоо улсын эдийн засгийг доройтуулах шалтгаан болсоор иржээ. Санхүү, хөрөнгө мөнгийг тойргийн явцуу эрх ашгийн зорилгоор хэт тарамдуулж, өнгөрсөн 30 шахам жил сургуулийн дээвэр, соёлын төвийн Ямаха хөгжим,  эмнэлгийн засварын  хөрөнгө мөнгөний хэрүүлтэй ирсэн. Үүний уршгаар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтууд тойргийн хөрөнгө оруулалтын хойно эрэмбэлэгдэж, хоёрдугаарт тавигдсаар иржээ.    
Тэгвэл энэ байдлаас гарах нэг боломж нь Монгол Улс-1 тойрог гэсэн зарчим болно. Улсаараа нэг тойрог болохын нэг давуу тал энэ. Сонгогчид сонголтгүй сонгууль гэж гомдоллодог.  Энэ үнэн. Нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй байгаа хэрнээ аргагүйн эрхэнд хэн нэгнийх нь төлөө саналаа өгдөг тулгалттай байнга л  тулгардаг.  Тэгвэл одоо Та тухайн жилд нэр дэвшсэн тэр 500-700 хүнээс сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл, танд сонголтын маш өргөн боломж нээгдэнэ. Энэ бол бас нэг давуу байдал.  Мөнгө тараах, царцаа буюу сонгогчдыг тойрог руугаа шилжүүлэх зэрэг бусад хууль бус хүчин зүйлийн нөлөөлөл багасч, сонгууль шударга байх зарчим илүү хэрэгжих давуу байдал харагдаж байна.
Том тойргоос сонгогдсон гишүүн Монгол Улсын ашгийг том хэмжээнд харж, тойргоо тордох явцуу сэтгэлгээнээс сална.  Тийм болохоор хууль тогтоогчид улсын эрх ашиг нэг цэг дээр санаа оноогоо төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэхчлэн олон давуу байдал бий болох магадлалтай. 
Гэхдээ ганц тойргийн энэ тогтолцоо шинэ залуу хүмүүс улс төрд орж ирэх боломж бололцоог хэр хангах бол гэдэг нь эргэлзээтэй. Сонгогчдын увьд "Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр" гэдэг шиг  сэтгэлгээгээр хандаж, зүс харсан, нэр мэдэх хэдийгээ дугуйлаад байвал  шинэчлэл биш болно.
Мөн энэ хуулинд жендерийн тэгш байдлыг хэрхэн хангах, үндэстний цөөнхийн төлөөллийг яаж сонгох вэ гэхчлэн асуудал үүсч болох юм. Гэхдээ үүнийг хуулиндаа ямар нэг хэмжээгээр зохицуулж таарна.
Цаашид Сонгуулийн хуулийг  тогтвортой байлгах  асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулахаар зорьж байгаа аж.  Эцэст нь дурдахад, Ажлын хэсгийнхэн сонгуулийн хуулийн төслийг улс төрийн 26 нам, сонгуультай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүдийг оролцуулан хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ.  Мөн СЕХ-ны цахим хуудаснаа  хуулийн төслийг байршуулан иргэдээс цахимаар санал авч тусгаад байна. Энэ  хуулийн төслийг удахгүй Засгийн газарт хүргүүлэх ажээ.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/36fedg35cскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан