Гурван “Хаан” төрлөө

Ардчилсан зарчмаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн бус аргаар, төрийн эргэлт хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хавсаж, хэнээс ч хараат бус байх ёстой Шүүх засаглалыг атгандаа оруулсан үйл явдал 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болов.
Үндсэн хуулийг уландаа гишгэн байж, Шүүх засаглалыг савартаа оруулах Ерөнхийлөгчийн санаархлын цаана ямар явцуу эрх ашиг нуугдаж байна вэ гэсэн асуулт энэ цаг үед хүн бүхэнд төрж буй.
Тэр МАНАН бүлэглэлтэй тэмцэж, хэлмэгдүүлэлт, яргалал, шударга бусын хонгил гээчийг нураана гэх авч, хачир дээрээ бүх эрх мэдлийг гагц өөртөө төвлөрүүлж, улсын “Хаан” болох туйлын ганц хүсэлтэй. Үүндээ ч “МАН-гаруудын” ачаар хүрчихлээ. Одоо түүнд таалагдахгүй, дургүйг нь хүргэсэн, өс хонзонтой байсан бүх шүүгчийг халж, танай, манай гэсэн явцуу эрх ашигаар асуудалд хандаж, шүүхийн системийг засаглах нь. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан байдаг.
Тэгвэл Үндсэн хуулийн шүүгч хараат бус байх энэ үзэл санаатай Ерөнхийлөгчийн санаачилан, батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчилдөж буй. Тус хуулийн 17 дугаар зүйлд шүүгчийг тодорхой долоон үндэслэлээр хугацаанаас нь өмнө бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байсан бол шинээр “ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, шүүгчийг түдгэлзүүлж болно” гэсэн найм дахь заалтыг тусгаснаар шүүх засаглалд улс төрийн нөлөө орох нөхцөл бүрдэв. Өөрөөр хэлбэл, дээд шүүхийн шүүгчийг зургаа, дунд шатныхныг гурван жилийн хугацаатай томилж, сольдог байсан бол шинэ хуулиар шүүгчийг томилж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хугацаагүй болж өөрчлөгдөв.
Ерөөс ганцхан өдрийн дотор санаачилж, өргөн барьсан энэхүү хууль нь бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийг устгасан үйл явдал боллоо гэж хуульчид дүгнэв. Ингэхдээ дараах дөрвөн үндэслэлийг тайлбарлав. Үүнд,
1. ҮАБЗ зөвлөмж гаргавал ямар ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалт оруулж байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд тусгасан шүүгчийн хараат бус байдлын тухай заалтыг зөрчиж байна. Ингэхдээ ямар үндэслэлээр эрхийг нь түдгэлзүүлэх талаар хуулийн төсөлд тусгаагүй. Энэ нь шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл бий болгож байна.
2. Аль ч шатны ерөнхий шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулах зохицуулат орж ирж байна. Энэ нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийг зөрчиж байгаа бөгөөд мөн л огцруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгаагүй.
3. ҮАБЗ зөвлөмж гаргавал Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь буулгах заалт орж ирсэн нь мөн Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах баталгааг үгүйсгэж байна.
4. Мөн ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх өөрчлөлт орж байна.
Тиймээс хуулийн төслийг санаачилж, хэлэлцэх үед уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг том байгууллага огт байр сууриа илэрхийлээгүй. Энэ нь шүүгчид хэдийнэ айдаст автаж эхэлсний илрэл. Хууль төрсний маргааш гэхэд л Ерөнхий шүүгч Ц.Зориг, ЖДҮ-чин гишүүдийг намнасан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарыг огцрууллаа.
Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Зөвлөмж гаргаад халаад, огцруулаад байдаг эрх мэдэл угаас ҮАБЗ-д байхгүй” гэх чихрээр хүүхэд хуурч буй мэт тайлбар өгч байсан нь өчигдөрхөн. Харамсалтай нь, энэ бүхэн зүгээр л нэг худал хуурмаг өнгөлөн далдлалт байсныг хуулийн байгууллагын удирдлагыг нэг хонолгүй огцруулснаар илэрлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар бол У.Хүрэлсүхийн “Утсан хүүхэлдэй”. Тэгвэл У.Хүрэлсүх өөрөө Х.Баттулгын "Мануухай” болж гэдгийг учир мэдэх хүмүүст хэлсээр. У.Хүрэлсүхийн ард ЖДҮ-ээр барьцаалагдсан 30 гаруй гишүүн бий. Тиймээс МАНАН-гаас Х.Баттулга Ерөнхийлөгчөөр толгойлуулсан цоо шинэ бүлэглэл дөнгөж нярайлаад байгааг бэлхнээ харж болохоор. Ингээд бид “ҮАБЗ-ийн гурван хаантай” болж, эрх мэдлийг гурав хуваан авч, монголчууд хуульгүй хонгилоор алхах эгзэгтэй мөчтэй нүүр туллаа.
Х.Баттулга “Хаан” болох хүслээ хангаж, Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг булшлав. Энэ бол хар өдөр, мартаж болохгүй түүхийн үнэн. Угтаа тэр ардчиллын үр шимээр жирийн зураачаас ганзагын наймаачин, ганзагын наймаачнаас толгой бизнесмен, толгой бизнесменээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон баялаг түүхтэй нэгэн. Даанч Х.Баттулга зогсохоо мэдэхгүй, эрх мэдэлд олгойдож, харах нүд, сонсох чихээ таглаж, Монгол Улсад авторитори дэглэм тогтоов.
Ардчилал, ардчилсан Үндсэн хуулийн буянаар Ерөнхийлөгч хэмээх алдрыг хүртчихээд төрүүлсэн ижийнхээ өр рүү өшиглөж буйн адилаар эцэг хуулиа эрээ цээргүй эмтэлж сууна. Хийж байгаа үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдийг нь харахаар хэтээс технологитой болсон нь тов тод. Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах кнопны хөлсөнд 950 сая төгрөг тараасан нь ийм л холын зорилготой байж. МАН-ын гишүүдэд Ерөнхий сайд ЖДҮ гэх урхи тавьсныхаа хариуд М.Энхболдыг огцруулж, өөрөө улсын “Хаан” болох нууцхан хүслээ биелүүллээ.
Тэрчлэн насаараа хуулийн байгууллагыг толгойлж явсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэв гэнэт л нойрноосоо сэрж, Монголд эрүүдэн шүүх ажиллагаа, яргалал байдаг юм байна гэдгийг мэдэв. Сонирхолтой нь, түүний “ухаарал” хууль батлахын өмнөх цаг хугацаанд таарав. Тэрбээр гэнэт л С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шөлгөх явцын талаарх 26 минутын бичлэгийг олов. Үнэмшил муутай энэ жүжгийг эртнээс төлөвлөсөн нь гарцаагүй. ЖДҮ-чин гишүүдэд тэр бичлэгийг үзүүлж, нэг ёсондоо “Төрөөс хулгай хийсэн чинь үнэн шүү. Аятайхан байхгүй бол ингэж эрүүднэ шүү. Тиймээс миний санаачилсан хуулийг баталж өг” гэсэн өнгө аяс харагдаж байгааг нуух юун.
Нөгөөтэйгүүр, 2013 онд эрүүдэн шүүх сандлыг Ц.Нямдорж сайд оруулж ирсэн гэж хэвлэлээр тухайн үедээ шуугиж байлаа. Ингээд улс орон даяар тараасан уг сандлыг буцаан татсан гэдэг. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж сайд “Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэнэ, ийм зүйл огт байх ёсгүй” гэх мэтээр хамгийн чанга дуугарч байгаа нь тун хачирхалтай. Тэр шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, таван удаа Хууль зүйн сайдаар томилогдсон хүн. Түүний хариуцаж буй хуулийн салбар ямар завхралд орж, тэр өөрөө энэ салбарыг 20 жил яаж завхруулснаа өөрийн биеэр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн 26 минутын бичлэгээр нотолчихлоо.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, хуулийг арван хуруу шигээ мэддэг шүүгч урьдчилан хорих ангид амь насаа алдав. Энэ бол хууль зүйн салбарыг толгойлогч сайд өөрөө хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа нэг үйлдэл. Нөгөө талаас, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын дарга М.Энхболдыг унагаасан тактик, хар технологийг эртнээс, маш нарийн төлөвлөж, зохион байгуулалттай хэрэгжүүлсний илрэл.
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно, ШХАБ-д элсэнэ, бүр цаазын ялыг сэргээнэ” гэж ардчилсан хуульт улсын тэргүүн хэлсэн нь саяхан. Монгол Улс цаазын ялнаас татгалзаж, олон улсын конвенцид нэгдсэн, өөрийн гэсэн бодлоготой улс. Социализмын үед хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх төдийд л гадуурхагддаг, шоронд хоригддог, ажилгүй болдог, цөлөгддөг, бүр цаазлуулдаг байсныг тэр цаг үед өсөж торнисон хүний хувьд хамгийн сайн мэдэх хүн нь Х.Баттулга.
Хэрэв бид Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ардчиллын тухай яриад ч хэрэггүй болно. Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн эхний 30 улсын 20 нь парламентын засаглалтай, гурав нь Ерөнхийлөгчийн, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн, гурав нь хаант, нэг нь коммунист дэглэмтэй байна. Эндээс харахад, эдийн засгийн хувьд хамгийн сайн гэж үзэж болох улсын гуравны хоёр нь парламентын засаглалтай байгаа биз. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн засаглал эсхүл авторитар дэглэм рүү шилжихгүйгээр парламентын засаглалтайгаа эдийн засгийн хувьд хөгжих боломжтой гэдэг нь олон улсад нотлогдсон. Харин нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлснээр гарах хор уршгийг бишгүй олон түүх харуулсан. Өнөө ч Венесуэль, Турк улсад тогтсон нэг хүний дарангуйллын систем нь хэдэн мянган хүнийг эх орноосоо дүрвэж, эрх чөлөөгөө хасуулж, тусгаар тогтнолоо алдахад хүргээд буй.
ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч толгойлж, гишүүнээр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд байдаг. Үнэндээ гуравхан сая хүн амтай, парламентын засаглалтай, ардчилсан Үндсэн хуультай, ардчилал тогтоод 29 жилийн нүүр үзэж буй Монгол Улсыг ҮАБЗ-ийн гуравхан хүн удирдах нь. Энэ бол социализм, коммунизм, фашизм руу ухарсан алхам. Жинхэнэ айдас хүйдэс.
Иргэдийн зүгээс ч ийм бодолтой байна. Иргэн Ж.Эрхэмбаатар “Нүдэн дээр хууль тогтоох засаглал үгүй болчихлоо. Ерөнхийлөгчийн хүссэн хуулийг үг дуугүй баталчихлаа. Шүүх эрх мэдлийг гартаа оруулчихлаа. Үүнээс цааш юу болохыг хэлж үл чадна. Үндсэн хуулийг яаж дураар өөрчлөхийг үл мэднэ” гэв. Иргэн М.Саруул-Эрдэнэ “Төрийн гурван томчууд нэг үзэл санаатай байх нь зөв. Гэхдээ яг ямар үзэл санаа, үнэт зүйл дээр нэгдэж байна вэ гэдэг чухал. Энэ учиртай гурван толгой, ямар хор найруулж байна вэ. Шударга бусын хонгил гэж юу вэ. Бүх баримт нь байсаар байхад юуны учир Ерөнхийлөгч өөрт хэрэгтэй хууль батлуулав” гэсэн бол иргэн Т.Алтангэрэл “Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгчдэд улс орныг хөгжүүлэх сэтгэл, ухаан чадвар байна уу. ЖДҮ, 60 тэрбумын схем л гэнэ. Одоо бүх шүүгчийг солиод С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг эрүүдэн шүүсэн бичлэг шиг зүйлийг хуулбарлаад хэрэг илрүүлсэн нэр зүүх вий. Эрдоган яг л алхам алхамаар ийм зүйл хийж, төрийн эргэлтээр өөрт ашигтай хэдэн хууль баталсан. Энэ улсаас иргэд нь дүрвэж, гаднын улс орон руу явсан гашуун түүх бий. Энэ замаар манай улс явах гээд байх шиг. Тэгвэл хожмын нэг өдөр “Бидэнд ардчилал байсан юм шүү” гээд үр хүүхдэдээ яриад сууж байх гашуун өдөр ирэх вий” гэсэн юм.
Өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд Монгол Улсыг дараагийн Венесуэл, Турк болгоход “Том хувь нэмэр” оруулж, кноп дарлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг МАН-ын ЖДҮ-чин Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ж.Батзандан, Б.Баттөмөр, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатайр, Д.Дамба-Очир нарын ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой 34 гишүүн үг хэлэх, үнэт ардчиллыг хамгаалах суурь зарчмаасаа ухарч, Ерөнхийлөгчийн “Хаант” засаглалыг дэмжлээ.
Ардчиллыг булшилсан коммунист гишүүдийг шүүх цаг удахгүй ирнэ. МАН-ын ЖДҮ-чид хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэх нь дамжиггүй. Учир нь, ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар нийлээд хэнд хэрэг тохож, хэнийг шоронд илгээж, хэнийг хэргээс мулталж, хэний өмчийг дээрэмдэж, хэнээс авлига авах нь хуулийн дагуу бүрэн нээлттэй боллоо.
Одоо Үндсэн хуулийн цэцэд хандах, эсвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн хэмжээлшгүй их эрх мэдлийг хязгаарлах хоёр л арга бидэнд үлдсэн. Ер нь, хамгийн зөв гаргалгаа бол хууль шүүхийн байгууллагын томиолгоог УИХ-аас бүх талын оролцоог хангаж, нээлттэй сонсгол хийж, бүрэн эрхийнхээ хэмжээнд албан тушаалтнуудад хариуцлага тооцох явдал. Шүүх, прокурор, АТГ гэх мэт байгууллагын удирдлагыг гурав байтугай хүний, олон талын оролцоотой, нийтэд нээлттэй тусгай зөвлөлөөр сонгодог, түдгэлзүүлдэг болох талаас нь ярих нь зөв зам байлаа.
Шүүх эрх мэдлийг улстөрчдөөс хараат бус, хуульд захирагдаж ажиллах боломжийг нээлттэй байлгах, шүүх нь өөрөө авлигаас ангид, дарга нарт үйлчилдэггүй, чанартай, хууль зүйн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх ёстой. Гаднын улсад ҮАБЗ-ийг толгойлдог хүн нь Ерөнхий сайд байх жишээ олонтой. Ингээд дотоод хэргийн сайд, тагнуул, цагдаа, батлан хамгаалах гээд тусгай чиг үүргийн байгууллагыг оруулж, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажилладаг. Улмаар хамтдаа хэлэлцэж, зөвлөмж гаргадаг.
Учир нь ҮАБЗ нь Ерөнхий сайд, Засгийн газар, хууль тогтоох байгууллагынхаа эрх мэдлийг булааж хэрэгжүүлж болохгүй тул ердөө л зөвлөмж гаргадаг. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрсдийн эрх мэдлийг тэлэх гол хэрэгслээ ҮАБЗ гэдэг нэрээр халхавчилдаг. Энэ гажиг нь одоо хуульчлагдах хэмжээнд хүртлээ гажуудлаа. Өмнөх Ерөнхийлөгч нар эхний бүрэн эрхээ дуустал “Би хаан болъё” гэж хэлдэггүй байлаа. Ардчиллын замаар гарч ирдэг болохоор ардчиллаас ухрая гэж шууд хэлэхээс ичдэг байж. Хэмжээлшгүй эрх мэдэлд дасаад, тойрон хүрээлэгчдээрээ магтуулаад эзний өвчинд автаад ирэхээрээ л хаан болох гээд эхэлдэгсэн.
Өнөөдөр хууль шүүхийн эрх мэдэлд Үндсэн хуулийн бус аргаар халдаж байгаа Ерөнхийлөгч, цаашлаад Үндсэн хуулийн бус аргаар парламент болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булааж авбал яах вэ. Энэ мэт хор хөнөөлтэй үр дагаварууд үргэлжлэх эхлэлийг МАН-ын 64 гишүүн тавилаа.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН. Б.Бямбасүрэн
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан