Польш, Беларусийн хилийн хямралын “буруутан” нь тодорхойгүй

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг Польш болон Беларусийн хил дээр үүссэн цагаачдын хямрал татаж байна. Шинэ амьдралаа эхлүүлэхээр Польш улсаар дамжин Европын холбоог  зорьж байгаа олон мянган цагаач Беларусийн хил дээр гацаад байгаа юм. Тэдний заримыг эх орон нь буцаан татаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан энэ үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг тоймлон хүргэж байна.

 

CNN: ЦАГААЧДЫН ХЯМРАЛ ПОЛЬШ УЛСЫН ЭРХ БАРИГЧ НАМД АШИГТАЙ

 

"Польш болон Беларусийн хил дээр үүсээд байгаа цагаачдын хямрал нь Польш улсын Засгийн газрыг олон асуудлаас холдуулж, иргэдийн анхаарлыг сарниулахад тусалсан” хэмээн "CNN” агентлаг бичжээ. Польш улсад 2015 онд олонх болсон  "Хууль ба шударга ёс” нам (PiS)-ын эрх мэдэл жилээс жилд суларсаар байна. Тус намын эрх баригчид Европын холбоотой соёлын асуудлаар байр суурь зөрчилддөг билээ. Гэвч энэ удаагийн цагаачдын хямрал Европын холбоо болон Польшийн хурцадсан харилцааг зөөлрүүлэхэд тус өгсөн хэмээн ажиглагчид үзэж байна. Тухайлбал, Европын холбооны дээд шүүхээс өнгөрсөн сард Польшийг Европын холбооны  хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж  өдөрт 1.2 сая ам.доллар төлөх торгууль ноогдуулснаар зөрчил илүү хурцадсан билээ. Харин одоо Европын холбоо нь тус холбооны зүүн талын хилийг хамгаалагч хэмээн үзэж Польшийг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж байна.

Энэ талаар Европын холбооны Гадаад харилцааны зөвлөлийн Варшав дахь төлөөлөгчийн газрын дарга  Пиотр Бурас "Польшийн Засгийн газрын хүнд цаг үед улс төрийн намуудын  мөрийн хөтөлбөрт цагаачдын хямрал ач тусаа өглөө. Инфляц өссөнөөс тус улс санхүүгийн хямралд орсон. Тиймээс парламентад олонх намын нэр хүнд сүүлийн хэдэн долоо хоногт буурлаа. Хүмүүнлэгийн хямрал, аюулгүй байдлын зөрчил нь улс төрийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ноцтой, эрсдэлтэй байдалд орж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хямралыг улс төрийн зорилгоор ашиглах үйлдэл ч бий” ярьжээ.

Мөн Карнеги Европ судалгааны төвийн редактор Жуди Демпси "Польш, Беларусийн хил дээр үүссэн хямрал Польшийн эрх баригч намд ашгаа өгсөн. Тус намыг одоо Польшийн тусгаар тогнолын төлөө тэмцэгч, Европыг хамгаалагч гэж харж байна” гэв. Польшийн Засгийн газар 2015 оны цагаачдын хямралын үеэр дүрвэгчдийг хүлээж авахаас татгалзаж байсан билээ. Тиймээс  цагаачдыг нэвтрүүлэхгүй хориглохын тулд хилийн хамгаалалтаа чангатгаж, цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн байдаг.

Польшийн талаас хүч түрэн хил давахыг завдсан цагаачдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашигласанд хүний эрхийн байгууллагуудын зүгээс Польшийг шүүмжилсэн юм. Энэ үеэр хоёр хүн гэмтэж, 45 цагаачийг баривчилсан.

 

БЕЛАРУСЬ ЕВРОПЫН ХОЛБООНД "БЭЛЭГ БАРЬЖ БАЙНА”

 

Польш болон Европын холбооны зүгээс хил дээр үүссэн  энэ асуудалд Беларусь улсыг буруутгаж зохиомлоор цагаачлалын хямрал үүсгэж, тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байгаад буруутгажээ. Тухайлбал, Ойрхи-Дорнод болон Азийн зарим орны цагаачид  Польшийн хилийг хялбархан давахад туслах амлалт өгч, онгоцоор тээвэрлэн авчирсан гэж Беларусийг хардан буруутгажээ.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд дахин ялсан ч түүний ялалтыг хууль бус, луйвар хэмээн үзэж, иргэд нь хэдэн сарын турш жагссан билээ. Гэвч Лукашенко иргэдийн жагсаалыг хүчээр дарж, сөрөг хүчнийхнээ баривчилсан. Үүнийх нь хариуд Европын холбооноос Беларусийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Үүнээс хоёр сарын дараа олон мянган цагаач Европын холбоог зорин Беларусийн хил дээр цугларч эхэлсэн. Тиймээс Беларусийн эсрэг хориг тавьсны хариуд Европын холбоонд цагаачлалын хямрал үүсгэж "бэлэг барьж байна” гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко үүнийг үгүйсгэж, цагаачдыг хил нэвтрүүлэхгүй хориглосон Польш улсыг буруутгав.

Лукашенко цагаачдыг Польшийн хилийг давж, Европын холбоонд хүрэхэд нь цэргийн хүчээр тусалж болно гэж мэдэгдсэн нь "Олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр BBC" сувагт ярилцлага өгөхдөө  "Бид слав хүмүүс. Бидэнд зүрх сэтгэл бий. Манай цэргүүд дүрвэгчдийг Германд очих хүсэлтэйг мэдэж байгаа. Тиймээс тэдний зарим нь дүрвэгчдэд тусалсан байхыг үгүйсгэх аргагүй. Би дүрвэгчдийн нүүдэлд саад хийхгүй гэдгээ Европын холбоонд хэлсэн. Учир нь тэд манай улс биш, өөр улс руу нэвтрэх гэж байна.  Би тэднийг уриагүй. Беларусийг дүрвэгчдийн дамжин өнгөрөх гарц болгохыг би хүсэхгүй байна” гэсэн юм.

 

"ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЯМРАЛ ҮҮСГЭЖ БАЙНА”

 

Мөн Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямралын ар талд ОХУ-ыг байгаа гэж хардаж байгаагаа зарим албаныхан илэрхийлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь Беларусийн удирдагчтай ойрын холбоотой  байдаг учир Польшийн хилд цагаачдыг бөөгнөрүүлж, Украйны хил дээр цэргийн хүчээ зузаатгасан нь ижил зорилготой гэж хардаж байгаа юм.

Тухайлбал, Украйны Дотоод хэргийн сайд Денис Монацирский  "Польш, Украйны хил дээр системтэйгээр сайн боловсруулсан төлөвлөгөөний дагуу хямрал үүсгэсэн. Одоогоор Украйны хил дээр нөхцөл байдал хяналтад байна. Гэхдээ цагаачид хил давахыг оролдвол, гал нээсэн ч хамаагүй тэднийг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ. ОХУ нь цэргийн сургуулилт хийх зорилгоор Украйны хилийн ойролцоо олон тооны цэрэг, байлдааны техник хэрэгсэл төвлөрүүлсэн. Гэвч цэргийн сургуулилтаа дууссаны дараа тодорхой  тооны цэрэг, техник хэрэгслийг Украйны хил дээр үлдээсэн нь Киев болон Европын холбоог түгшээж байгаа аж. Харин ОХУ-ын талаас "АНУ, Европын холбооноос Хар тэнгисийн ойролцоо байлдааны хөлгүүдээ илгээж, Украйнтай хамтарсан цэргийн сургуулилт хийх байдлаар ОХУ-ыг өдөөн хатгасан үйлдэл хийж байгаа тул хилийн хамгаалалтаа зузаатгах арга хэмжээ авсан” гэж тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.11.25 ПҮРЭВ № 232 (6709)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан