Өнгөрсөн оны нэгдүгээр сараас бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн танхимын үйл ажиллагааг зогсоож улсын хэмжээнд ЕБС-ийн 640 мянган сурагч гэрээсээ цахим хичээл үзэж эхэлсэн. Ингэснээр манай улс дэлхийн улс орнуудаас хамгийн удаан хугацаанд танхимын хичээлээ зогсоосон улсын тоонд ороод буй. Шинэ хичээлийн жил эхлэх хугацаа ойртож хичээл танхимаар эхлэх талаар асуудал хөндөгдөж эхэллээ. БШУЯ хичээл, сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа ч цар тахлын нөхцөл тооцооллыг эвдэж магадгүй болоод байна.
Энэ намраас танхимын хичээл эхлэх үү
Манай улс өнгөрсөн сарын сүүлээс 12-оос дээш насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны 24843 хүүхэд, 16-17 насны 14401 хүүхэд дархлаажуулалтанд хамрагдсан байна. Гэсэн хэдий ч халдварын тохиолдол өсөж, эрсдэл нэмэгдсээр байгаа. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Намраас хичээлийг танхимаар оруулахаар бэлтгэн ажлаа хангаад явж байна. Хоёр жилийн хугацаанд танхимын сургалтыг орлох өөр чанартай сургалтын арга байхгүй гэдгийг дэлхий даяар харлаа. Тиймээс ногоон бүс байгаа 50 гаруй сумын хичээлийг танхимаар эхлүүлнэ. Эрсдэл өндөртэй орон нутаг, нийслэлд мөн танхимын хичээлийг эхлүүлэхээр бүх боломжийг судалж байгаа.
Гэхдээ танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэрийг БШУЯ дангаар гаргах боломжгүй, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагана. Хэрэв танхимаар хичээл эхэлвэл эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй сурагчдаас заавал вакцины гэрчилгээ шаардахгүй” гэв.
Мөн эцэг эхчүүд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд хүүхдээ танхимын хичээлд суулгалгүй цахимаар хичээллүүлэх боломжийг хангаж ажиллах юм байна. Энэ жил 81 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ, бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Хоцрогдлыг цогц төлөвлөгөөний дагуу арилгана
Дэд бүтэц, ялгаатай байдлаас үүдэж цахим хичээлийн үр дүн, хүртээмж хумигдаж бүтэн хоёр жилийн хичээлийг хоцрогдол үүсээд байгаа. Үүнийг эцэг эхчүүд төдийгүй Олон улсын байгууллагуудын судалгаа ч харуулж байна. Жишээлбэл, НҮБ-ын Хүүхдийн сан арван аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын турш судалгаа явуулахад сурагчдын 57 хувь нь цахим хичээлийг танхимын хичээлээс ойлгомжгүй, “чанаргүй” гэж хариулжээ. Мөн сурагчдын 16 орчим хувь нь цахим хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй. Хөдөө орон нутгийн, дэд бүтэцгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд цахим хичээл үзэхэд хүндрэлтэй, боломж хомс байгааг судалгаанд онцолсон байна. Цахим хичээлийн хүртээмжийн асуудлаас үүдэн 174 мянган сурагч хичээлийн бодит хоцрогдолд орсон. Засгийн газраас хичээлийн хоцрогдлыг арилгах үндэсний хэмжээний гурван жилийн цогц төлөвлөгөөг боловсруулан тавдугаар сард баталсан. Үүний дагуу боловсролын хоцрогдлыг үе шаттайгаар, сурагчдад ачаалал нэмж дарамт үүсгэхгүйгээр арилгах юм байна.
- Нэгдүгээрт, залгамж холбоог тогтоох. Хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчдад сургуульдаа дасах, багшдаа ээнэгших зэрэг айдасгүйгээр хичээл сургуульдаа дасахад хугацаа өгнө.
- Хоёрдугаарт, сурлагын хоцрогдлыг нөхөн засах. Хоцрогдлыг арилгах хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн төлөвлөгөөгөөр өмнөх хоёр жилийн хичээлийн агуулгыг заана.
- Гуравдугаарт, сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах. Сурагчид тавдугаар ангиа төгсөхөд бага ангийн үзэх ёстой бүх агуулгыг үзсэн байхаар төлөвлөж байгаа юм байна.
Цахим хичээл ялгаатай байдлыг улам ихэсгэж байна
Дэлхий даяар илүү хоруу чанартай коронавирусын дельта хувилбар тархаж байна. Дельта хувилбарын эсрэг одоогийн тариулсан хоёр тун вакцин үр дүнгүй байгаа тул бүүстэр тунгийн талаар дэлхий судлаад эхэлсэн. Харин манай орны хувьд дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдээд байгаа. БШУЯ хичээлийг танхимаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ч нөхцөл байдал хүндэрвэл үргэлжлүүлэн цахимаар орж таарна.
Цахим хичээл энэ чигээрээ үргэлжилбэл амьдралын түвшнээс шалтгаалсан боловсролын ялгаатай байдал үүсч хүртээмж хумигдаж хоцрогдлоо нөхөж чадахгүйд хүрэх нь.
Мөн цахим хичээлд хамрагдах боломжгүй, хөдөө орон нутгийн болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн сурагчдад цахим хичээл үзэх хэрэгсэл, материалаар хангах эсэх нь бас л тодорхойгүй байна.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин