Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэзээ батлуулах вэ?

УИХ-ын  сонгуульд  МАН 62 суудал авч  үнэмлэхүй олонх боллоо.  Засгийн эрхийг дахин атгалаа. Энэ боломжийг тэд алтаар мөнхлөх бус  амласнаа биелүүлснээр бичих учиртай. Монголын төрд  тогтсон үзэл баримтлалаар ялсан намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болдог. Гэхдээ аль ч нам гарсан тэр бүр амласнаа биелүүлж байгаагүй.  Харин У.Хүрэлсүхийн Засгийн газарт ингэх эрх байхгүй. Учир нь тэд сонгуулийн үр дүнгээр  хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг бий. “Би Төрийн ордны хананд зурагаа залсан зүгээр нэг  Ерөнхий сайд баймааргүй байна.
 
Монголын түүхэнд хийсэн зүйлтэй, ард түмнийхээ өмнө бүтээсэн ажилтай Ерөнхий сайд баймаар байна” гэж тэр хэлсэн.  ”Гоё хэлдэг, сайхан амладаг, хийх нь бөөрөнхий сайд байж билээ” гэх юм уу,  “Үгээр сэлэмдэж, толинд харж өөртэйгээ тулалдсаар  амар сайхандаа  жаргасан” гэж дурсагдахыг  ер нь тэгээд   хэн ч  хүсэх вэ. Тэгэхээр Ардын намын амнаас “А” гэж авиа гарсан бүхнийг Засгийн газар нь хэрэгжүүлэх ёстой. 
 
Тэр нь Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", “Алсын хараа 2050”бодлогын баримт бичиг,  иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэсэн байх учиртай. Хэзээ  бэлэн болж УИХ батлах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ганцхан сарын өмнөх МАН-ын амлалтыг эргэн  сануулъя.
 
ОРЛОГОТОЙ ИРГЭН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 
-Нийгмийн даатгал төлдөг хүн бүрийг  орон сууцтай болгоно.
- Цалинг  үе шаттайгаар  нэмнэ.
-Иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
-Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
-Зээлийн хүүг бууруулна.
-Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг хоёр  дахин бууруулна.
-4-6 хувийн хүүтэй  ипотекийн зээл олгоно.
-“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.
-273 шинэ цэцэрлэг барина.
-200 шинэ сургууль барина.
-Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
-Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээнд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ.
-“Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
-“Чингис хаан музей”, “Үндэсний урлагийн их театр”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний төв номын сан”-гийн барилга, байгууламжийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгана.
 
ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД 
-Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
-Оюу толгойн далд уурхайг ашиглана.
-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.
-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.
-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.
-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна
-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.
 
ИМПОРТЛОГЧ УЛСААС ЭКСПОРТЛОГЧ УЛС 
-Үндэсний аж үйлдвэрийн салбарт  150,000 ажлын байр шинээр бий болгоно.
- Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.
- “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.
-Био-комбинатын өргөтгөлийг бүрэн дуусгаж, малын эм тарилга, вакциныг дотоодоос бүрэн хангана.
-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийн Эко парк байгуулна.
 
БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСАГ 
-Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эрчимжүүлж, бүтээлч аж үйлдвэрийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, соёлын аж үйлдвэрийн парк байгуулна.
-Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
- Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна.
 
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ 
- Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Ховд аймагт аж үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
- "Шинэ зуун мод", Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.
 
ТӨМӨР ЗАМ 
-730 км-ээс багагүй урт төмөр зам шинээр барина. Үүнд:
-Таван толгой -Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барьж дуусгана.
-Таван толгой -Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барьж дуусгана.
-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.3 км төмөр замыг барьж байгуулна.
-Богдхан төмөр замын төсөл хэрэгжүүлнэ.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
-Сайншанд – Баруун-Урт – Хөөт – ЧойбалсанЭрээнцав чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.
-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ.
 
АВТО ЗАМ 
- Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина.
 
ӨРИЙН ДАРАМТГҮЙ УЛС 
- Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна
 
АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛГҮЙ ЦЭВЭР ХОТ 
- Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
-Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
-Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна.
-Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн найман  гарц, шаардлагатай байршилд давхар зам барина.
-Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ.
-“Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.
-Их тойруу, Сэлбийн хурдны болон захын дэд төвүүдийг холбосон тойрог замууд барина.
- Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох "Шинэ зуун мод" хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
-Олон төрлийн /орлогод нийцсэн, амины, түрээсийн, ногоон/ инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно.
 
МАН-ын амлалт дахь  төсөв хөрөнгө оруулалт шаардсан  бүтээн байгуулалтын томоохон  төсөл хөтөлбөрүүд  ийм байна. Үүн дээр хөдөө орон нутагт чиглэсэн   зарим онцлог сумдыг хамруулан хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого хөтөлбөүүд  ч бий. Үүнийгээ сонгуулийн амлалтдаа   аймаг, дүүрэг  тус бүрээр оруулсан байх  тул буух эзэн, буцах хаягтай.  
 
  Харин  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө  хэрхэн суулгаж, хийж хэрэгжүүлэх арга замаа хэр бодитой тодорхойлохыг  сонгогчид нь чих тавьж, шахаж шаардах эрх үүсч байна.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан