СОНГУУЛЬ 2020: Бие даагчид олонх болсон ч Засгийн газар байгуулах эрхгүй

Удахгүй болох УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн талаар өчигдөр тус газраас мэдээллээ. Энэ бол Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр тоо юм. Тодруулбал, 1992 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бие даан нэр дэвшигчид 18 байсан бол 2020 онд энэ тоо бараг 10 дахин өссөн байгаа нь энэ. Үндэсний аудитын газраас бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд, шаардлагад нийцээгүйг нь тав хоногийн хугацаанд дахин засварлаж, хуульд нийцүүлэх боломжийг тухайн хүнд олгох юм. Ингээд бодохоор бие даагчаар бүртгүүлсэн 208 хүнээс тийм ч олон нь хасагдахгүй байх магадлалтай. 
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцох нь тодорхой болоод байна. Тэдэн дээр нэмэгдээд 200-аад нэр дэвшигч өрсөлдөх нь.
Өмнөх сонгуулийн жилүүдэд бие даан нэр дэвшигчид цөөхөн ч байж. Гэтэл энэ жил олны олон дотроо нэр нөлөө бүхий, өмнө нь АН-ын лидер байсан хэд хэдэн эрхэм бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь энэ удаагийн сонгуулийн таамгийг будилаантуулахаар болоод явчихлаа. Тодруулбал, энэ жил АН-ын удирдлагуудтай таарамж муутай, хөөгдсөн, туугдсан гэдгээ зарлаж гомдоллоод буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл, Эрээний консулын газрын дарга асан Д.Мөнх-Эрдэнэ, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа нарын эрхмүүд бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд байна.
Тэдний араас АН-аас нэр дэвшихийг санаархсан ч С.Эрдэнэд “тоогдоогүй” Ерөнхийлөгчийн зөвлөх С.Уянга, дөрвөн жил УИХ-д “ганцаардсан” С.Жавхлан гишүүн ч бие дааж нэр дэвшихээр Үндэсний аудитын газар материалаа хүргүүлжээ. Түүнчлэн, хуульч Ж.Эрхэмбаатар, Тулааны урлагийн нэгэн од гэгддэг “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан тэргүүтэй урьд өмнө нь улс төрд орж байгаагүй, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, чадварлаг залуус бие даахаар болоод байна.  Ийнхүү намаасаа нэр дэвших эрх олж авч чадаагүй эрхмүүд болон амбийц ихтэй залуус бие даах сонголт хийлээ.
Өөрөөр хэлбэл, дөрөв дөрвөн жилээр ээлжилж эрх барьж байсан МАН, АН буюу МАНАН-гийнхан энэ удаагийн сонгуулиар аль нэг нь үнэмлэхүй ялалт байгуулах магадлал бүр багаслаа гэсэн үг. Гай таараад 2020 оны сонгуулиар бие даагчид хамгийн олон суудал авчихвал яах бол. Энэ талаар мэргэжлийн хуульчаас асууж үзвэл, тус тусдаа мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд өрсөлдсөн бие даагчид хэдий олон суудал авсан ч тэдэнд ямар ч чадамж байхгүй гэдгийг онцоллоо.  Өөрөөр хэлбэл, бие даагчид  олонх болохоор хэмжээнд ялалт байгуулсан ч хамгийн олон суудал авсан улс төрийн нам л төрийн эрхийг  барих ёстойг хуулинд заажээ. 74 бие даагч гараад ирсэн ч 2 суудал авсан намдаа захирагдана, эсвэл намтайгаа эвсэж болох нь.
УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх
8.1. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонхи (цаашид “олонхи” гэх) гэнэ.
8.2. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 38 ба түүнээс доош суудал авсан нам, эвсэл, гишүүнийг цөөнх (цаашид “цөөнх” гэх) гэнэ.
8.3. Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн авсан суудлыг зөвхөн тухайн нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон гишүүдийн тоогоор тодорхойлох бөгөөд үүнд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг оруулж тооцохгүй.
Гэхдээ ийм зүйл болохгүй биз. Учир нь 2016 оны сонгуулийн үеэр нам, эвсэлд итгэх иргэдийн итгэл алдарчихсан байна, бие даагчид гарах магадлал өндөр гэж ярьж, бичицгээж байв. Гэтэл үр дүнд нь 2016 онд ганцхан дуучин С.Жавхлан  л төрийн ордон орох эрхээ өвөртөлсөн билээ.
Ямартаа ч түүхэнд анх удаа ийм олон бие даагч өрсөлдөхөөр дуулдсан нь “дархлагдсан” хэдийг айлгаж буй сурагтай. 2020 онд иргэд өөр сонголт хийх ч юм бил үү.

Б.Бурмаа
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ