Өрөөсөн амлалт

Гүйцэтгэх засаглалыг улс төрийн намын лидер, эсвэл Ерөнхийлөгч тэргүүлдэг жишиг олон улсад нэгэнт тогтсон. Тэр дундаа парламентын засаглалтай улсад сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох нь нийтлэг. Өнгөрсөн зууны 50-иад оноос эхлэн парламентын засаглалтай бараг бүх улсад намын дарга нар хүчтэй Ерөнхий сайдын дүрийг амжилттай бүтээсээр өнөөдөртэй золгов. Харин олон улсын түвшинд “бичигдээгүй хууль” гэгддэг эл жишгийг манайд энэ удаагийн сонгуулиар илүүтэй нэхэж, шаардаж байгаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүчтэй Ерөнхий сайд, тогтвортой Засгийн газар оршин тогтнох зохицуулалтыг хуульчилсан хэмээж буй. Нэлээд найдлага тавьж, хүлээлт үүсгэсэн эл өөрчлөлт хэрхэн хэрэгжих, гүйцэтгэх засаглал хүчтэй бөгөөд тогтвортой байж чадах, эсэхийг энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулах Засгийн газрын үйл ажиллагаа харуулна. Тэгээд ч 30 шахам жилийн өмнө баталсан ардчилсан Үндсэн хуульд Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцахаар хэдийн хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хэмээх албан тушаалтан манай төрийн тогтолцоонд чухал байр суурь эзлэхээс аргагүй.
Тиймээс ч сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн дарга нарын дунд “Хэн нь хүчтэй Ерөнхий сайд байх вэ” гэсэн “марафон” илүү идэвхтэй өрнөж, кампанит ажил, сурталчилгааных нь салшгүй хэсэг болж байна. Гагцхүү хуулийн заалтаар хүчтэй Ерөнхий сайдыг “бүтээчихгүй” тул нам, эвслийн дарга нарын улс төрийн нөлөө, олон нийтийг татах байдал, хувь хүн, улстөрчийнх нь харизм төдийгүй бие бялдар, зүс царайг нь хүртэл харьцуулан сонжиж буй. Энэ ч үүднээс харвал АН дараагийн Ерөнхий сайдаа зарласан шиг ирэх өдрүүдэд хэд, хэчнээн нам, эвсэл Засгийн газрын тэргүүн, бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулахыг хэлж үл мэднэ. Хэрэв танилцуулбал сайн хэрэг, шинэ хандлага. 2012 онд орон нутгийн сонгуулиар АН Э.Бат-Үүлийг нийслэлийн, 2016 онд С.Одонтуяаг Баянгол дүүргийн Засаг даргаар томилно гэж зарласныг эс тооцвол Ерөнхий сайд битгий хэл, гүйцэтгэх удирдлагын түвшинд томилох албан тушаалтнуудыг урьдчилан танилцуулж байсангүй.
Гэвч Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдаар зарласнаар АН-ын дарга С.Эрдэнэ МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “хэмжээ”-нд хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. МАН-ын дарга, өнөөгийн Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд түүний илгээсэн нэр дэвшигчдийг багаар нь сонгоё хэмээн өрсөлдөгч нам нь уриалж байхад ийм шийдвэр гаргасан С.Эрдэнийн үйлдлийг үүнээс өөрөөр яаж тайлах билээ. Сайн, муугаар хэлүүлдэг ч Монголын улс төрийн голлох хоёр хүчин болсон энэ хоёр намыг удирдаж яваа тэдний талаарх олон нийтийн санал бодлыг тандсан судалгааны дүн эрс зөрүүтэй байгаа.
Түүх сөхвөл, 2000 онд МАХН (өнөөгийн МАН)-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдсоноор энэ жишиг манайд биеллээ олсон гэж хэлж болно. Үүнээс өмнө буюу шинэ Үндсэн хууль баталсан ардчилсан төрийн үед гүйцэтгэх засаглалыг анх тэргүүлсэн П.Жасрай (1992), М.Энхсайхан (1996), Ц.Элбэгдорж (1998), Ж.Наранцацралт (1998), Р.Амаржаргал (1999) нарын хэн нь ч Ерөнхий сайдаар томилогдох үедээ намаа удирдаж байгаагүй юм. Н.Энхбаяраас хойш Ерөнхий сайдаар ажилласан Ц.Элбэгдорж (2004 онд томилогдсон. Тэрбээр уг албыг хоёр удаа хашсан) АН, М.Энхболд (2006) МАХН, С.Баяр (2007) МАХН, С.Батболд (2009) МАХН, Н.Алтанхуяг (2012) АН-ын дарга байв. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа түүний оронд АН-ын даргаар сонгогдсон З.Энхболд бус, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон юм. З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосон. 2016 онд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд мөн УИХ-ын даргаар сонгогдсоноор парламентын сонгуульд ялсан намын дарга гүйцэтгэх эрх мэдлийг толгойлдог нийтлэг жишгээс Монгол Улс татгалзсан хэрэг. Харин одоо АН үүнийг үргэлжлүүлэх нь.
МАН-ын хувьд ялсан намын дарга нь заавал Ерөнхий сайд байхаар Улс төрийн намын тухай хуульд хуульчлахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Засгийн газрын тэргүүн болчихоод, эрх, үүргээ бүтэн болгоно гэсээр МАН-ын даргаар томилогдсон У.Хүрэлсүхийн хувьд мөрийн хөтөлбөртөө ийм амлалт тусгах нь зүйн хэрэг. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлахаар төслийг нь УИХ-ын энэ оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан ч амжаагүй бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар тус чуулганыг нээхдээ “Сонгуулиар олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор хуульчилснаар Үндсэн хуулийн 3.1-т заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчиллыг амилуулах үндсэн зарчим. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж, тогтвортой, хариуцлагатай ажиллах учиртай. Энэ бүхэн цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө” хэмээн онцолж байлаа.
Үнэхээр ч намын даргаа Ерөнхий сайдаар томилоогүйгээс болж Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүйг дээрх түүх харуулна. Сүүлийн хоёр тохиолдлыг харахад л аль аль нь дангаараа Засгийн газраа байгуулахуйц, тэр ч битгий хэл УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болчихоод гүйцэтгэх засаглалаа нэгэн бүрэн эрхийн хугацаанд гүйцэд, нэг удирдлага доор ажиллуулж чадаагүйн түүх давтагдахгүй гэх баталгаа алга. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авсан ч дөрвөн жилийн дотор дөрвөн Ерөнхий сайд сольж, Засгийн газраа огцруулсан түүх ч үүнийг батална. Намын дарга атлаа Ерөнхий сайд болоогүй, зовлонг нь зах зухаас нь мэдэрсэн З.Энхболд өнгөрсөн онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөх үеэр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа “Парламентын засаглалтай орнуудын хувьд сонгуульд намын дарга нар намаа тэргүүлэн орж, ялбал шууд Ерөнхий сайд болдог. Ялсан намын дарга Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг уралдаан дэлхийн хаана ч болдоггүй. Энэ жишгийг 1992 оны Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй учраас гудамжинд явж байсан хэн нэгэн шууд Ерөнхий сайд болсноос олон асуудал үүдсэн. Намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэвэл сонгуулийн явцад намынхаа нэр дэвшигчдийг араасаа жагсааж, түүчээ тогоруу нь болж, Засгийн газрыг тэргүүлэх мандат олж авч байна гэсэн үг. Дэлхий нийтийн жишгийг дагая. Намын хагарал үүнээс л улбаатай. Дэлхийд мөрдөж байгаа парламентын тогтолцоог авах гэж байгаа бол бүгдийг нь хэрэгжүүлэх ёстой” хэмээн онцолж байсан юм.
Юутай ч Р.Амаржаргал С.Эрдэнээс ч, У.Хүрэлсүхээс ч мундаг байлаа ч намаа атгаж чадахгүй бол Засгийн газрыг засаглалын хямрал тойрохгүй гэсэн үг биш. Учир нь С.Эрдэнэ түүнийг Ерөнхий сайдаар томилно л гэсэн болохоос АН-ын даргын албан тушаалаа ч өгнө гэж хэлээгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, хүчтэй Засгийн газрыг хүлээгээд хэрэггүй гэсэн үг. Олон болохоороо засаглаж чаддаггүй гэх “имиж”-тэй болчихсон АН-ын зовлон Монголынх болох суурь тавигдаж буйгаас өөрцгүй. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно гэж зарласнаас нь болж АН-ынхан намын даргынхаа талаар хэдийн шивэр авир хийгээд эхэлсэн сурагтай. Уржигдар хэвлэлийн хурал хийж нэрийг нь гэнэт зарлахад Р.Амаржаргал цочиж, гайхсанаа үйлдлээрээ ч, үгээрээ ч илэрхийлснээс харахад С.Эрдэнэ эл шийдвэрийг дур мэдэн, цөөн хэсэг хүний хамт гаргасан гэх эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд бэлэн болчихсон юм билээ.
Дарга нь аман дээрээ “АН олонхыг бүрдүүлнэ” гэж байгаа ч ялалтын талаарх АН-ын бус, С.Эрдэнийн тооцоолол арай өөр бололтой. Өөрөөсөө ч, өрсөлдөгчөөсөө ч илүү гэж үзсэн нэгэнд Засгийн газраа даатгахаа гэнэт мэдэгдсэн нь АН-ынхны хувьд гол өрсөлдөгч Ардын намд өгөх сонгогчдын саналыг татах пиар гэлтэй. Харин энэ нь наад талдаа намын, цаашлаад улсын эрх ашигтай хэр уялдах бол.
Эцэст нь, С.Эрдэнэ Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно хэмээн амласнаас бус, АН-ын дарга болгоно гэж хэлээгүйг анхаарна уу. Хамтдаа байж гэмээнэ хүчтэй, тогтвортой Засгийн газар бүрдүүлэх ёстой хоёр албан тушаалаас нэгийг нь л тэр нэрлэсэн. 

Б.Номин
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан