"Барьж идэж" мэдэх барын зулзага

Сонгуулийн дүнг таашгүй гэдэг үнэн. 2016 оны УИХ-ын сонгууль юу боллоо доо. Тэр үед нийслэл дээр дархан гээд сууж байсан Э.Бат-Үүл хүртэл багаараа нам тавиулсан. Тэрбээр “МАН гэсэн шошготой бор халзан төлөг ч сонгогдохоор байлаа” гэж байв. Тэр үнэний ортой. Хэдийгээр олны хандлага МАН руу байсан ч энэ намыг УИХ-д 65 суудалтай болно гэж хэн ч зүүдлээгүй. Өөрсдөө ч итгээгүй байх. Яг үнэндээ амны “бөхчүүд” нь давчихсан. Ингэж МАН төрийн эрхийг дангаар барьж эхэлсэн. Хэдхээн сарын дараа дүнгээ тавиулна. Хэцүү л юм болох байх. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд их олон үйл явдал болж өнгөрлөө шүүдээ. Маш товчоор дүгнэхэд УИХ-ын нэр хүнд унаж, олон улстөрчийн карьерт цэг тавьж байх шиг байна. Үндсэндээ, олдоод өлдсөн МАН-ынхны хоорондын зөрчил тасарсангүй. Сайхан муухайгаа дэвэн дэлхийд түгээсээр өнөөдрийг хүрлээ. Харин энэ дунд Э.Бат- Үүлийн хэлсэнчлэн нэг “бор халзан төлөг” өөрөөр тоглож байна. Тэр бол 2016 онд УИХ-ын гишүүн болж, хоёр жил гаруйн дараа ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ юм.
2016 оны зургадугаар сарын сүүлчээс 2019 он дуусч буй энэ өдрийг хүртэлх хугацааг шүүрдвэл их сонин дүн гарч ирж байна. Их сонин шүү. 2016 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган болсон. Тэр чуулган дээр МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосйн. Тэр үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Намын дарга Ерөнхий сайд болох ёстой.
Анхнаасаа ийм зарчмын зөрчил гаргаж болохгүй” гээд цод цод хийж эхэлсэн байдаг юм. Хоёр жил шахмын дараа 2018 оны зургадугаар сарын 15-нд АТГ-ын үүдэнд “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэсэн Ерөнхийлөгч, амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд, хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ” гэсэн нь олны анхаарлыг нэлээд татаж байв.
Ер нь энэ гурван жил гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ огцруулсан, шалгуулсан, шалгасан, хориулсан, онцгой дэглэм тогтоосон ажлуудыг хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахад онцгой “гавьяа” байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар “хүлцэл өчүүлж” дөнгөсөн. Ингээд зогсоогүй. Удалгүй түүнтэй УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нар нийлэв. Тэд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаал хийсэн. Энэ үеэр УИХ-ын 40 орчим гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай мэдэгдэж байв. Дараа нь 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр дахин 20 гаруй мянган хүн цугласан жагсаал хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хурапдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсан. Яг үнэндээ УИХ-ын дарга М.Энхболд хэн билээ, сая гишүүн болсон Л.Оюун-Эрдэнэ хэн бэ гэдэг харьцангуй ойлголт юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд хүнийг нь харвал үнэндээ шалихгүй. Улс төрийн түүх ч нимгэнтэй юм. Харин М.Энхболд бол аль эрт 1990 онд МАН /тухайн үеийн МАХН/-Д элсч, 1991 оноос Үүрийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Тэндээс М.Энхболдын улс төрийн түүх тоологдож эхэлнэ. Тэгээд ч М.Энхболд бол хоёр ч удаа МАН-ын даргаар ажиллаж байсан. Түүнд алдаа, оноо байдаг бол МАН-ынханд бүгдтэй нь холбоотой гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ ингэсээр 60 тэрбумыг сэргээн шалгуулсан. Шүүхээр шийдүүлсэн.
Гэвч энэ асуудлаар нь уг танилцуулгыг бэлдсэн болон голлож сонссон хүмүүс нь шүүхээр ч оролгүй үлдсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг төрд буцаан авахад гол үүргийг гүйцэтгэсэн. Л.Оюун- Эрдэнэ 2019 оны нэгдүгээр сарын 25-нд “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхцуулан шийдвэр гаргаж магадгүй байна. Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулга тавина гэж мэдэгдсэн. Үүнийг “Монголын зэс корпораци” үгүйсгэсэн юм. Гэвч “Монголын зэс корпораци” 2019 оны нэгдүгээр сарын 14-нд УБЕГ-т “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “ERDENET CORP PTE” компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн. Ингэхдээ тус үйлдвэрийн 49 хувийг 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. “ERDENET CORP PTE" компани энэ оны нэгдүгээр сарын 16-нд 80 мянга 326 сингапур доллар, 17-нд 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн. 
УБЕГ-аас “Монголын зэс корпораци”-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байв. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаа зогссон байдаг. Мөн гуравдугаар сарын эхээр Л.Оюун-Эрдэнэ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахдаа 400.2 сая ам.долларыг хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав. “Тус үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад нийт хөрөнгийн 72.4 хувь нь төрөөс, Худалдаа хөгжлийн банкнаас 27.6 хувь нь бүрдсэн" гэж тэр мэдэгдсэн. Үүнээс ганц нэгхэн хоногийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авч ТӨХК болгох, мөн “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр гарч, Л.Оюун-Эрдэнэ 6-ны өдөр ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга, албаны бусад хүмүүсийн хамт тус үйлдвэрт очиж онцгой дэглэмийг тогтоосон. Энэ хооронд Худалдаа хөгжлийн банк,  “Монголын зэс корпораци”-ийн удирдлагууд, тухайлбал Д.Эрдэнэбилэгийг хүртэл хууль хяналтын байгууллагаас цагдан хорьж шалгасан. Гэтэл “Монголын зэс корпрораци”, түүний удирдлага болох “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг хэн билээ дээ. Тэр бол Монголын топ бизнемэнүүдийн нэг. Түүнийг зөвхөн Монголдоо бус дэлхийд тоглодог бизнесмэн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 2-нд ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Хөгжлийн банкны чанаргүй, томоохон зээлийн асуудлыг шалгаж нягтлах ажлыг эхлүүлсэн. Дараахан нь 1990-ээд оноос хойших хувьчлалуудыг шалгах ажлын хэсэгбайгуулав. Мөн “Жаст”-ын хэрэгтэй холбоотой асуудалтай ч зууралдсаар байна. Л.Оюун-Эрдэнийн бас нэг ярьдаг зүйл нь шүүх, прокурор, АТГ-ын өмнөх удирдлагууд байлаа. Тэднийг солиход бас л нөлөө үзүүлсэн гэдэг. АТГ-ынхан, прокурор, шүүх нийлээд томоохон хэргүүдийг гацааж, МАНАН хэмээх бүлэглэлд үйлчилж байгаа талаар байнга ярьж байв.Гэхдээ Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурор, өөрөө ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараа 2019 оны есдүгээр сарын 5-нд нэгэн сонин мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Прокурорын тухай хуулийн дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад, эргэн төлөөгүй нэр бүхий зургаан компанийг прокурорын байгууллагад өгч байгаа юм. Энэ бол Монгол Улсад үүсч байгаа хохирол, мөн. Прокурорын байгууллага, Ерөнхий прокурор Монгол төрийн өмнө хууль цаазын тэргүүн зөвлөхийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой.
Прокурорын байгууллагыг чиг үүргээ биелүүлэх талаар өмнө нь хандаж байгаагүй учраас шинэ харилцаа үүсч байгаа юм. Олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн хойноос хөөцөлдөөд байхад яагаад өнөөдрийгхүртэл шийдэгдэхгүй байна вэ гэхээр холбогдох хуулиудын хугацаат графиктай холбоотой байгаа юм. 30 хоног өмгөөлөгч гомдол гаргана. Өмгөөлөгчид дандаа 29 дэх хоногт гомдол гаргаж байгаа. Ингээд дахиад 30 хоног сунгагдана.  Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. Өмгөөлөгч ны гомдол гаргаад яваад байхад хөөн хэлэдцэх хугацаа нь дуусдаг. Энэ хуулийн заалтыг нэн яаралтай өөрчлөхгүй бол ял завших асуудал нэг ёсны мода боллоо. Томилсон эзэндээ үнэнчээр ажиллах хандлага шүүх байгууллагад байгаа учраас энэ асуудал газар авч байна. Бид хуулийн заалттай холбоотой дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байгаа. 30 хоногтой холбоотой асуудлаар шүүх дээр 12 сар болж байгаа хэрэг ч байна. Шүүхээс прокурор юмуу АТГ-т хэрэг нь буцаж ирэх ёстой. Гэтэл нэр бүхий 3-4 шүүгч тодорхойгүй шалтгаанаар 14 хоногт шалгагдаад буцах байсан хэргийг өмгөөлөгч нь 29 дэх хоног дээр нь гомдол гаргах байдлаар бүтэн 12 сар гацааж байна. Шүүх албаар замхруулж байна гэж үзэж байна.
Шүүх үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Ямар шалтгаанаар 12 сар дарсан бэ гэдгээ. Төрийн болон нийтийв эрх ашиг хохирсон хэргийн хойноос ЗГХЭГ бус прокурор гүйх ёстой" гэсэн юм. Энэ мэтээр яалт ч үгүй л 2016-2020 оны хоорондох энэ бүрэн эрхийн хугацаанд болсон МАН-ын дотоод хэрүүлээс бусад асуудалд Л.Оюун-Эрдэнэ холбогдож таараад байна.
Онолын хувьд бол олонх болсон намд цөөнх бий болдог. Харин тэр цөөнх нь намынхаа удирдлагуудыг шантаажилж бөөнөөрөө албан тушаал, аль эсвэл эрх мэдлийн боломж хүртэх зорилготой хөдөлгөөн, жигүүр төдий байдаг. Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаа нь өөр. Ил тавуулаа харагддаг ч нидэр дээрээ ганцаараа улс төр хийгээд байгаа юм. Дээр дурдсан Прокурорын тухай хууль дахь агуулга, заалтыг л гэхэд жирийн нэг гишүүн олж харна гэдэг сонин. Хуулийн маш нарийн гаргалгаа хийсэн байгаа юм. Бас өмнө өгүүлсэв бүхий л “ажил”-уудыг ч ганц хүн амжуулах боломжгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд зөвлөдөг эсвэл арыг нь даадаг, чигийг, нь заадаг “хүн” байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Л.Оюун-Эрдэнэ бол анх орж ирж байх үед нь харж байсан шиг “бор халзан төлөг” биш аж. Харин “барьж идэж” мэдэх барын зулзага юм байна. Барын зулзагыг юу гэдэг билээ?

Б.Самдан
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан