Нийтэд үнэлэгдээгүй намын даргынх нь нэр хүнд АН-ыг УИХ-ын ээлжит бус сонгуулиас айх шалтгаан болов уу?


“УИХ-ыг өөрөө тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурна гэнэ. Зуруулна гэнэ”... Энэ бол сүүлийн үед улстөрчдийн хамгийн олон хэлж, тэр хэрээр олон нийтийн хамгийн их сонсож байгаа үг. Яг үнэндээ уг гарвалыг нь өчигдөр, өнөөдөр хоёр ч эхэлчихсэн санал санаачилга биш юм. Учир нь, 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөх саналаа УИХ-ын дарга асан М.Энхболдод өргөн барьсан. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгын санал санаачилгыг дэмжиж, УИХ-ыг өөрөө тарах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн түүхтэй. Төрийн ордны хоёр давхрын голд байрлах УИХ-ын чуулганы танхимын өмнө цэмцгэр гэгч нь залж тавьсан уг бичигт тухайн үед УИХ-ын 20 орчим гишүүн гарын үсэг зурж, төрийг цэвэрлэх, түмнийг тэтгэх их үйлсийн хүчин зүтгэгч мэтээр зураг хөргөө авахуулж, мутраа үлдээж байлаа. Тэр үеэс инээд хүргэм үлдэж хоцорсон дурсамж нь тухайн үедээ л унаж ойчсон нэр хүндээ өөд нь татахын тулд заавал тав арван хэвлэлд ярилцлага өгч, зургаа авахуулж, гарын үсгийнхээ хэвийг үлдээх бага үйлдэлтэй атлаа түүнээсээ өргөн дэлгэр агууламж бүхий пиар ажиллагаа болж хувираад байсан юм.
 
 
“УИХ дахь Ардчилсан намын бүлэг л Ерөнхийлөгчийн УИХ-ын тараах саналыг дэмжлээ. Ёстой манай нутгийн нөгөө шударга УИХ-ын гишүүн чинь эрх мэдэлтэйгээ зууралдахгүй нь бололтой, шууд гарын үсгээ зурж байна. Нөгөө хэн яаж дутахав угаасаа зоригтой залуу, гарын үсгээ зурчихсан байна билээ” гэх мэт яриаг л үндсэндээ олон дундаа ярьж явах гэж бодсон доо л тэр шүү дээ. 
 
 
Харин энэ цаг үеэс хойш Ардчилсан намын эр зориг ч, эрх баригч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгээд байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тэргүүтэй бүлэг нөхдийн яриа хөөрөөний эрч суларч, таг чиг болов. Сүүлдээ зарим нэг нь бүр “УИХ-ыг тараах нь Монгол Улсын жинхэнэ утгаараа засаглалын хямралд хүргэнэ. Жилийн өмнө тараагүй УИХ-ыг одоо тарааж болохгүй. Ингэж төрөө, түмнээ доромжилж болохгүй” хэмээн чарлах. Хамгийн сонирхолтой нь, тухайн цаг үед буюу ердөө хагас жил орчмын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжиж, гар хөлөө өргөж явсан Ардчилсан нам маань гэнэтийн сонин хариулт өгсөн нь хачирхамаар. Учрыг тайлбарлаваас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ыг тараах бичигт өнөөдрийн байдлаар 40 орчим гишүүн гарын үсэг зурсан байгаа.Эрх баригчид үнэнд гүйцэгдээд ирэхээр УИХ-ыг тараах ажлыг хийж байгаа нь буруу. Ардчилсан нам УИХ-ыг тараах ажилд МАН-д дэмжлэг болж оролцохгүй” гэдэг байр суурийг Ардчилсан намыг төлөөлж мэдэгдэх нь тэр. 
Уг нь бол энэ оны, бүр тодруулбал 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр дээр хэлсэнчлэн УИХ-ыг өөрөө тарах тогтоолд гишүүдээрээ гарын үсэг зуруулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тухайн үедээ мөн л “УИХ-ын нэр бүхий гишүүд албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга батын олон алдаа гаргасан нь Монгол төрийн хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөхөд хүргэж байна. Үүнээс гадна УИХ-ын нэр хүнд хамгийн доод хэмжээндээ хүрсэн гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн итгэл 76-80 хувь алдагдсан байна. Тиймээс АН-ын Удирдах зөвлөлөөс бидэнд ирүүлсэн зөвлөмжийн дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд заасны дагуу тогтоолын төсөлд нийт гишүүдийн 2/3 нь буюу 66 хувь нь гарын үсэг зурсан байх ёстой. Тиймээс эхлэн УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна. Ээлжит бус сонгуулийг энэ хавар явуулах бөгөөд ээлжит бус сонгууль явуулах зардал 16 тэрбум төгрөг болно. Үүнийг 2019 оны төсөвт тодотгол хийх замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байж. 
 
Гэтэл өнөөдөр тэд буюу Ардчилсан нам эсрэгээрээ. Асуудлыг арай гэнэн цайлган талаас нь харвал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн МАН энэ санаачилгыг гаргасан учраас дэмжихгүй байж мэдэх юм. Яахав сөрөг хүчний хувьд ийм амбиц бас байж болно гэж ойлговол шүү дээ. Гэхдээ яг үнэндээ учир начрыг нь тунгаан бодох талаас ухаж ойлгоход бол асуудал арай өөрөөр тайлбарлагдана. Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулж гэмээнэ Ардчилсан намын хувьд энэ нь тооцоолоогүй улс төр болж хувирна. Мэдээж яг 2018-аас 2019 онд шилжих тэр мөчийн улс төрийн үйл явдлыг эргэн харах нь ээ, эрх баригч хүчин болох МАН-ын дотоод зөрчил олон нийтийн гайхшрал, дургүйцлийг өдөөж байсан нь үнэн. Тэр хэрээр, МАН-д ч, АН-д ч итгэх олны итгэл унасан нь ч үнэн. Гэхдээ тэр үед УИХ-ыг тарааж, ээлжит бус УИХ-ын сонгууль явуулж гэмээнэ ашиг тус нь Ардчилсан намд үнэмлэхүй тусч мэдэхээр байсан юм. Яагаад гэхээр Ардчилсан намд яг үнэндээ зөрчилдөх гээд ч өдгөө лидер нь ч, лойдор нь ч байхгүй болсон гэдэгтэй уншигч та нэг санал зөрөхгүй л болов уу. Тухайн он шилжих цаг мөчид ч адилхан. АН-ын хүч бүрэн тарамдаж, лидерүүд нь талаар нэг тарж, намын даргыгаа унагааж, огцруулах хүсэлдээ шатаж яваа тийм л хий хоосон тэмүүлэгчид болж хувирсан.
 
Хамгийн сонирхолтой нь, С.Эрдэнэ даргыг өдгөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч бай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч байсан унагаж хүчрэхээргүй болсон. Учир нь, С.Эрдэнэ дарга бол хүссэн ч, эс хүссэн ч бүх намынхаа гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон удирдагч. Ийм байхад АН-ын бусад бүлэг фракцийн лидерүүд өнөөдөртөө түүн рүү чулуу шидиж, залуусаа турхирлаа гээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг гартал тэрбээр намын даргын албанаасаа түлхсэн ч, чулуу шидсэн ч буухгүй.
 
 
Харамсалтай нь, энэхүү намын гишүүдийнхээ олонхийн саналаар олж авсан эрх мэдэл нь Ардчилсан намын эрх ашгийг ганцхан Шонхор фракц тодорхойлох хэмжээнд хүргэсэн бөгөөд энэ хэрээр УИХ-ын сонгуулийн бэлтгэл нь базагдаагүй ээ гэсэн үг. Нэг ёсны С.Эрдэнэ ба түүнийг тойрсон 20 хүрэхгүй улстөрчийн хосломол тоглолтоос өөр том тойргоор Ардчилсан намын дотоод улс төр, нэр дэвшигчийн мандатыг хуваарилалтыг өнөөдөртөө харахад хэцүү. Иймийн учир тэд энэ удаагийн УИХ-ыг өөрөө тарах тогтоолын төслийг баталж болохгүй гэдэгт эцсийн шийдвэрээ гаргасан хэрэг. 
 
Дээр нь, өөр нэгэн сонирхолтой харьцуулалт бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг эс тооцвол Ардчилсан намын угшилтай нэг ч улстөрч шилдэг улстөрчдийн судалгааны эхний аравт бичигдсэнгүй. Гялтайж, гялайлгах нь ганцхан УИХ-ын гишүүн Ж.Батзандан байсан бол тэрбээр өдгөө ШИНЭ-ийг байгуулаад алга болсон. Уг нь бол эрх баригч нам нь үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, тэр дундаа ЖДҮ-гээс эхлээд цөөнгүй хуйвалдаан, будилаанд хутгалдчихаад байгаа нь сөрөг хүчний хувьд гайхамшигтай сайхан боломж. Тэд өдөр болгон хийнэ үү, өдөртөө хоёр гурван удаа хийнэ ээ, МАН-аас өрсөж бүх улс төрийн нүүдлийг задалж, бүх улс төрийн логик дарааллыг эвдэж, бүх улс төрийг нь гараан дээр нь таслан зогсоож, бүр элэглэн шоглож болох байсан. Гэсэн ч тэгж чадаагүй. Ардчилсан намаас илэрдэг гал цог өдгөө байхгүй болчихсон. Урлагийн үзлэгийн тоглолт аятай ганц нэг жагсаал цуглаан зохион байгуулсныг нь эс тооцвол сөрөг хүчний улс төр бүхэлдээ унасан. 
Үүнийх нь үр дүн, Ардчилсан намын дарга нь ч, ганц нэг тодорч харагддаг лидерүүд нь ч бүгд өнгөрсөн гурван жилийн турш шилдэг улстөрчийн жагсаалтаас хасагдаж, МАН дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн нэр бүхий улстөрчдийн рейтинг суга өсөх нь тэр. Яг үнэндээ бол Ардчилсан намын даргын нэр хүнд ийн нийтэд ч, намдаа ч үнэлэгдэхгүй байсан тохиолдол яг үнэндээ бас ховор шүү. Тэгэхээр энэ бол үнэлэмж нь тодорхойгүй улстөрчийн удирдлага тухайн намдаа ялагдал авчирч мэдэхээр тийм л хүнд хэцүү сул тал нь юм. Дээр нь, намынх нь нэр хүнд мөн л өнгөрсөн гурван жилийн турш МАН-ыг үнэмлэхүй хол хаяж давсангүй. Хаа нэгтээ хоёр хувиар дээшилснийг эс тооцвол Ардчилсан намыг бодитоор хэлбэл тэд 2016 оныхоо УИХ-ын сонгуульд ялагдсан ялагдлынхаа шокноос гарч чадсангүй. Ийм сөрөг хүчний хувьд өдгөө УИХ-ын 51 гишүүн парламентыг тараая гээд гарын үсгээ зурж, өөрсдийн байр суурийг чуулганы танхимд хамгаалсан цагт Ардчилсан нам бүрэн утгаараа ялагдал хүлээж мэдэх юм. Тиймийн учир ч, энэ удаагийн УИХ дахь МАН-ын гишүүд болон Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгыг эсэргүүцэж буй. Учир нь, яг өнөөдрийн нөхцөлд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн удирдлагад зангидагдах нь Баянголын Ардчилсан намаас өөр хөгжөөн дэмжигчид байхгүй болсны дээр, сонгуулийн зодоондоо бус дотоод зодоондоо эрч хүчээ алдаж тэвдсэн цөөн тооны лидерүүд нь түүнтэй хэрхэн тэрсэлдэхийг ч бас төсөөлөхөд бэрх ээ. 
Нэг үгээр хэлбэл, 2019 оны нэгдүгээр сард Ардчилсан намын хувьд боломжтой гэж харагдаж байсан УИХ-ын ээлжит бус сонгууль энэ удаад тус намд боломжгүй болчихоод байгаагийн тайлбар ердөө л энэ. Бод л доо, цаасан дээр “УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахад 19 тэрбум төгрөг л хэрэгтэй юм байна. Асуудалгүй” гээд байр хөөртэйгөөр гарын үсэг цуглуулаад явсан нөхөд шүү дээ, АН-ынхан чинь. Гэхдээ дахин хэлэхэд 2019 оны нэгдүгээр сард шүү!
 
 
Д.ЦогЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан