Л.Болд, Ж.Батзандан нар парламентад суудалтай нам байгуулж чадахгүй

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах талаар АН-ын Бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөрчиж, хамгаалсан гэх шалтгаанаар Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болдыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гарсан билээ. Үүний дараагаар Л.Болд АН-аас гарах өргөдлөө арванхоёрдугаар сард өгсөн хэдий ч нам нь УИХ-д бүлэггүй болох эрсдэлтэй байгаа учраас намынх нь удирдлагууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаа. Харин өнөөдөр Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж, “МАНАН дэглэмийн эсрэг тэмцэнэ, шударга үнэний төлөө явна” гэв. Тэд шинэ нам байгуулж, УИХ-д суудалтай намтай болно гэнэ. Харин энэ бүтэхгүй шүү. Улс төрийн намын тухай хуульд заасан “УИХ-д суудалтай нам” гэдэг ойлголтыг Дээд шүүх 2010 онд тайлбарласан байдаг. Үүнд, “УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсан нам буюу, намуудын эвслийг УИХ-д суудалтай нам гэнэ” гэжээ.
Мөн, “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг парламентын үйл ажиллагааны бүрэн эрхийн хугацаанд УИХ-д суудалтай нам гэж үзэхгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Л.Болд Нэгдсэн Монгол нам юм уу, Шинэ Ардчилсан нам ч юм уу, АТОЗ намын ч юм уу дарга боллоо гэхэд тухайн намыг парламентад суудалтай гэхгүй. Ийм явдал бие даагч С.Ганбаатарыг ХҮН-ын дарга болоход ч, Г.Уянгыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болоход ч тохиолдсон. С.Жавхлан хүртэл нам байгуулна гэж яриад ам руугаа алгадуулсан тохиолдол бий. Парламентад суудалтай намын хоёр том эрх бий. Эхнийх нь, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн гишүүн, дэмжигчийг нэр дэвшүүлэх. Хоёр дахь нь, сонгогчийн саналын тоогоороо улсын төсвөөс санхүүжих. Энэ хоёр эрхийг парламентад суудалгүй нам байгуулах Л.Болд, Ж.Батзандан нарын нам эдлэхгүй. Ер нь, нэгэн парламентын бүрэн эрхийн хугацаанд нам солих, намаас гарах, намд элсэх явдал гаргах нь УИХ-ын гишүүний хувьд сонгогчоо хуурсан үйлдэл юм. Бие даагч учраас, АН-ын гишүүн учраас, МАН, МАХН-ын гишүүн учраас дэмжсэн олон мянган хүн байгаа шүү дээ.
Гэтэл дөрөвхөн жил гүрийж чадахгүй сонгогдсон хойноо тойргийнхноо хуурч, урваж явдаг хүмүүс байж л байна. Өмнөх парламентад бие даагч байсан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр МАН-д элсч байсан бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д очсон. Д.Арвин гишүүн 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хэдий ч 2012 ондоо багтаад АН руу урваж байв. 2004-2008 оны парламентад Л.Гүндалай АН-аас гарч тусдаа нам байгуулаад, тухайн намынхаа квотоор Засгийн газрын гишүүн болж байлаа. 1996-2000 оны эрх баригч намаас УИХ-ын хэд хэдэн гишүүн гарч ИЗН, МоАН-ыг байгуулж байсан. Хэдий одоогийн хуулиар УИХ-ын гишүүн сонгодсон намаасаа урваж, өөр намд орвол тухайн намынх нь суудлын тоо нэмэгдэх, хасагдах боломжгүй ч хууль тогтоох дээд байгууллагыг хямрал руу түлхэж буй энэ явдлыг таслан зогсоох шаардлагатай байна. Сонгогчоосоо урваж, АН-аас МАН руу үсэрдэг, улс төрийн чиг баримжаа өөр нам руу шарвадаг УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хариуцлагын механизмтай болмоор байна. 

Г.Улсболд
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан