УИХ-ын дарга асан М.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөөд 100 хонож байна. Уг нь М.Энхболдыг чөлөөлөгдсөний маргааш нь л нийслэл утаагүй болж, эмнэлгээр дүүрэн уйлж байгаа хүүхдүүд эдгэрч, замын түгжрэл алга болж шатахуун, доллар,өргөн хэрэглээний барааны үнэ навс унаж хонгилын үзүүрт гэрэл асч нар баруунаас мандах ёстой байв. Даанч тэгсэнгүй.
Харин ч эсрэгээрээ М.Энхболдыг буулгаж авсан эрх мэдэлтнүүд ард түмний хулхин дээр цэцэг ургуулж өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлж ард түмнээ умартан мартаж амласан амлалтуудаасаа нэгийг нь ч биелүүлсэнгүй. Уншигчид санаж буй бол 2018 оны арвөнхоёрдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гишүүд ийн хэлж ярьж байв. “ Бид өнөөдөр олуулаа болсон. Өнөөдөр утаа их байна үнэн, Валютын ханш чангарч, төгрөгийн ханш буурч байна үнэн. Иргэдийн орлого муудаж байна. Гэхдээ ийм байна гээд УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрвөл үүнээс дордоно. Гэнэт бүх зүйл сайхан болохгүй ч М.Энхболд даргыг огцорсны маргаашнаас эхлэн хонгилд гэрэл асна. УИХ-ын даргын, нэг хүний албан тушаал чухал юм уу, нийт Монгол улсын төрт ёсны эрх чухал уу. Өнөөдөр бүгд ёс зүйн хариуцлага хүлээж байна” хэмээж байв. Тэгвэл тэдний ярьсан шиг хонгилын үзүүрт гэрэл асч ард түмний амьдрал дээшилж ЖДҮ-чин гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээсэн үү гэвэл Үгүй гээд бардам хэлчихье.
Үнэн хэрэгтээ М.Энхболдыг албан тушаалаа өгсний маргаашнаас нь эхэлж эх оронч нэр зүүсэн дүр эсгэгчид ҮАБЗ-ыг гартаа оруулж АТГ, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дэд дарга гэсэн чухал, чухал албан тушаалуудад өөрсдийн хүмүүсээ тавьж хууль хяналтынханыг гартаа оруулчихсан. Мэдээж тэд М.Энхболдыг байхад дээрх газруудын дарга нарыг солих оролдлогыг олон удаа хийсэн ч бүтэлгүйтсэн. Учир нь М.Энхболд тэдэнтэй санал нэгдээгүйнхээ төлөө 60 тэрбумаар ацаглуулж албан тушаалаа өгөх болсон юм. Магадгүй тэрбээр У.Хүрэлсүх болон түүний багийнханы саналыг хүлээж авсан бол өдийд албан тушаалтайгаа зууралдаж тэдний булхай луйварыг мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд явах боломж байсан л байх. Даанч тэрбээр ийм сонголтыг хийлгүй албан тушаалаа хуулийн дагуу хүлээлгэж өгсөн нь түүнийг яалт ч үгүй төрийн хар хүн гэдгийг нь нотолсон хэрэг.
М.Энхболдын хийсэн бүхэн, болсон үйл явдал болгон Монголын түүхэнд тэмдэглэглэн үлдэж түүний Монголын улс төрд туулж ирсэн жудаг, цадиг байжээ гэдгийг хожим маш олон хүн дүгнэж цэгнэн ярилцана. Угтаа бол тэрбээр одоогийн энэ эрх мэдлийг У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гэх хүмүүст зүгээр л бэлэглэчихсэн. Харин тэд М.Энхболдын бэлэглсэн энэ их эрх мэдлийг эсрэгээр нь ашиглаж ард түмнээ хөсөр хаяж өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж Монголын төр, ард түмэн хоёроор даажигнаж байна.
Үүний нотолгоо нь сүүлийн хэдэн сар ард түмний амьдрал доройтож уур бухимдал нь дээд цэгтээ хүрч буй билээ. Ямартай ч М.Энхболдгүй 100 хоногийг тоочиход ийм л байна.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn