Газрын тос нэрэх үйлдвэр гэх ҮЛГЭРТ ИТГЭСЭЭР БАЙХ УУ!

Газрын тос нэрэх үйлдвэр гэх ҮЛГЭРТ ИТГЭСЭЭР БАЙХ УУ!

 

Монгол Улс Газрын тос нэрэх үйлдвэртэй болж, хямд үнэтэй шатахуун, түлш хэрэглэх тухай мөрөөдлөөсөө салах хэрэгтэй. Тэгээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ болж явдаг шатахуун, түлшний үнэ буурснаар амьдралын зардал багасна гэх үлгэрээ ч орхих цаг нь болсон. Харин айсуй 2024 оны сонгуулийн өмнөхөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэрийн талбайд ямар нэгэн "ажиллагаа" өрнөх болов уу. Магадгүй нефть дамжуулах 600 километр хоолойн шавийг тавьж болох юм. Зөвхөн шав шүү. Эсвэл дулаалгатай автомашинаар түүхий нефть нэг удаа зөөвөрлөн авчирч, олон нийтэд нефть нэрж үзүүлж ч магад. Тэгээд хэн нэгэн иргэний автомашины банкыг дүүргэх зэрэг “ажиллагаа” өрнөж болох юм. Арай ч амжихгүй юм болов уу. Ийм л шоу болно. Өөр ямар ч арга байхгүй.

 

ИТГЭХЭЭС Ч АРГАГҮЙ ҮЛГЭР

 

Өдгөө ажил нь эхлээд зургаан оны нүүр үзэж буй Газрын тос нэрэх үйлдвэрийг хэзээ ашиглалтад орж, хэзээ хямд үнэтэй шатахуун хэрэглэх вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байсаар байна. Эрхэм дээдсүүдийн зохиож өгсөн “Газрын тос нэрэх үйлдвэр” гэсэн үлгэрт итгэхээс өөр аргагүй. Сайншандаас зүүн хойш Газрын тос нэрэх үйлдвэр рүү авто болон төмөр зам татаж, зөрлөгөө хүртэл барьчихсан. Үйлдвэрийн ажил ид дундаа “оволзож” байна. Хүн харахад шүү дээ. Үүний зэрэгцээ Сайншандад үйлдвэрийн ажилчдын байр барьчихсан гэхээр эгэл ардууд итгэхгүй яах юм. Гэтэл энэ үйлдвэрийн төсөлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болж ажил гацсан. Хөрөнгө оруулалт байгаад ч түүхий эдээ ч хангаж чадахгүй. Усны хангамж муу, түүхий эдээ импортоор авснаар алдагдалд орно гээд дурдаад байвал олон шалтгаан бий. За яахав, үйлдвэрийг барьж дууслаа гэж бодъё. Хэрэгцээ шаардлага гарвал богино хугацааны настай үйлдвэр нээлтээ хийж эрхэм дээдсүүд тууз хайчлах байх. Газрын тосны үйлдвэрийн ойролцоох аймгууд, ялангуяа дорноговьчууд зах зээлийн үнээс хямд шатахуун түлшээр банк саваа дүүргээд багахан хугацаанд хөл хөөр болно. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Яагаад гэдгийг дор тайлбарлахаар зэхлээ.

 

УСНЫ НӨӨЦ НЬ ДИЙЛЭХГҮЙ

 

Монгол Улсад  Газрын тос нэрэх үйлдвэрийн шавийг хориод жилийн өмнөөс олон удаа тавьсан байдаг ч хэрэгжиж бий болсон нь үгүй. Ийнхүү удаа дараа шав тавьж, энд тэнд байгуулна гэж байх үеэр Японы “Жетро” байгууллага говийн бүсэд усны нөөц байхгүй. Говийн бүс рүү усны хоолой татах нь эдийн засаг, байгаль орчин, технологийн хувьд боломжгүй гэдгийг батлан, албан ёсны дүгнэлт тайлан хийсэн юм билээ. Мөн 2010 онд Дэлхийн банкнаас говийн гурван аймгийн усны нөөцийн талаар томоохон судалгаа хийж, говьд том хэмжээний аж үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Үүнээс гадна 2012 онд Нидерландын вант улсын санхүүжилтээр Монгол Улсад бүх усны нөөцийн талаар томоохон цогц судалгаа явуулахад мөн л говьд усны нөөц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Говийн хамгийн их устай газар нэг км.кв нутаг дэвсгэрт усны нөөц секундэд нэг литрээс илүү гардаггүй байна. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэрт секундэд 100 литр ус хэрэгтэй. Говьд тэр хэмжээний усан хангамж байхгүй гэдгийг бүрэн нотлосон хэрэг л дээ. Гэтэл дэлхийн хэмжээний судалгааны байгууллагууд дүгнэлт гаргаж өгөөд байхад зөрүүдэлсэн нь бидний мэргэжилтнүүдийнхээ үгийг тоодоггүй. Аливаа зүйлд зөвхөн улс төрийн талаасаа ханддагт байгаа юм.

 

НЕФТИЙН НӨӨЦ БАЙХГҮЙ

 

Одоогийн байдлаар Монгол Улсад Дорнодын Тамсагбулаг, Дорноговийн Зүүнбаян гэх газруудад хятадууд нефтийн олборлолт явуулж байгаа. Тэгвэл Тамсагбулагт олборлож байгаа тос бол Хятадын компанийн тос. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс ердөө 24 хувийг эзэмшдэг. Хятадын тал газрын тосоо манай улсад нийлүүлэхгүй гэсэн байтал манай улс бид авчихна гэж ярьсан тал бий. Хэрэв ингэхдээ тулвал импортоор шатахуун түлш авч байгаатай ажил зүйл болно. Нэгэнт гэрээгээр олон жил олборлолт явуулж байгаа хятадын компаниас тос авахдаа тулвал бид дэлхийн зах зээлийн үнээр авахаас өөр аргагүй.

Тамсагбулагт 2020 оны байдлаар 600 мянган тонн газрын тос олборлож, 2015 онд 1.1 саяыг олборлосноор оргилдоо хүрч байв. Тэгвэл 2017 онд 800 мянган тонн, 2019 онд 600 мянган тонныг олборлосон байна. Өөрөөр хэлбэл, Тамсагбулагийн газрын тосны нөөц шавхагдсан гэдгийг хэлж байна. Монгол Улс нийт 330 орчим сая тонн нефтийн нөөцтэй ч үүний 132 сая тонныг ашиглах боломжтой аж. Тэгвэл өдгөө Дорноговь аймгийн Зүүнбаянд хятадууд олборлолт хийдэг. Тус газарт 1950-иад оны үед Газрын тосны үйлдвэр байгуулан ажиллаж байгаад нөөцөө буруу тооцсон учраас цаашид ажиллах боломжгүй болсон гэдэг. Баримтаас харахад Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортоор авах болсон аж. Тухайн онд 15.000 тонныг импортолж байсан бол энэ хэмжээ жилээс жилд өссөөр, 1968 онд 52.000 тонн, 1969 онд 50.000 тонн болсон гэдэг. Мөнхүү 1962, 1964, 1965, 1968 онуудад алдагдалтай ажилласан нь үйлдвэрт саатал гарч, зардал ихэссэнээс болон гүйлгээний татварын хувь хэмжээг үндэслэл муутай тогтоож байсантай холбоотой байжээ. Нефть олборлолтын хэмжээ буурснаас нефтийн өөрийн өртөг өссөн. Тухайлбал: 1960 онд нэг тонн нефтийн өөрийн өртөг 211,73 төгрөг байсан бол 1968 онд 601,72 төгрөг болсон гэх зэрэг гашуун туршлага байхад чухам яах гэж Газрын тос нэрэх үйлдвэр байгуулна хэмээн хөл хөөрцөг болсон бэ гэхээр аанай л улс төр. Одоо ямар ч аргагүй байдалд байгаа учраас эрхэм дээдэс маань дотоодоос 50 хувийг олборлоод гаднаас 50 хувийн түүхий эдээ авна гэнэ. Энэ нь импортоор шатахуун түлш авч байгаатай адил зүйл болно.

Мөн 2014 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Зөвхөн дотооддоо олборлож байгаа газрын тосыг ашигла” гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад тийм хэмжээний нөөц байхгүйг дээрх баримтаас та бүхэн харж байна. 

НЕФТЬ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАЙГУУЛАХ НЬ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ЗАРДЛААС ХОЁР ДАХИН ИЛҮҮ ҮНЭТЭЙ

Газрын тосны үйлдвэртэй болчихлоо, нефтиэ хаанаас авах вэ гэх асуудал зүй ёсоор урган гарна биз дээ. Эрхэм дээдэс маань нэг хэсэг дулаалгатай галт тэргээр Дорнодоос зөөх тухай ярьж үзэв. Нефть нь зүгээр түүхий нүүрс биш учраас  халуун хүйтний тодорхой хэмд тээвэрлэх ёстой. Гэтэл Чойбалсан Сайншандын дунд төмөр зам ч байхгүй. Төмөр зам барих гээд далан шороо овоолж босгоод арван жил хэрэлддэг хүмүүст энэ тухай санахын ч гарз гэдгээ өөрсдөө сайн мэдэж байгаа. Сүүлийн олон жил төмөр зам барилаа гээд тууз хайчлаад байсан. Нэгийг нь ч ашиглаагүй. Ашиглах боломж ч хомс. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн энэхүү төсөл одоо ч зарлага гаргасаар байна. Эрхэм дээдэс маань урьд өмнөх төмөр замууд нь худлаа болсон учраас төмөр замаар нефть зөөх асуудлаа хойш тавьж, газрын тосоо хоолойгоор авчихна гэх үлгэр босгож ирж байна. Гэтэл мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар газрын тос дамжуулах хоолой байгуулах нь үйлдвэрээсээ илүү буюу 1.4-1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Бага хэмжээний газрын тос үйлдвэрлэхэд ийм үнэтэй хоолой байгуулах нь үр ашиггүй. Энэ хоолой ашиглалтад орсон ч 10 жилийн дараа нөөц нь шавхагдаж, маш үнэтэй төмрийн хог газар булагдаж хаягдана гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байсан. Энэ бол одоогоос гурван жилийн өмнөх тооцоолол. Тэгэхээр одоо энэ өртөг хоёр тэрбум ам.доллар лав давсан. Ингэхээр Газрын тос нэрэх үйлдвэр үр ашиг олох нь бүү хэл үйлдвэрлэлийн зардлаа дийлэхээ больж дампуурна. Эцэст нь Монгол Улсын гадаад өр нэмснээр дуусгавар болох нь тодорхой гэдгийг ч хэлж байв.

ГАЗРЫН ТОС НЭРЭХ ҮЙЛДВЭРИЙН ШАВИЙГ МӨН Ч ОЛОН ТАВЬСАН ДАА

Энд би өөрөө дур мэдэн бичсэн хэрэг биш. Эрдэмтэн судлаачдын гаргасан дүгнэлт, судалгаа гэдгийг ойлгоорой. Харин миний мэдэхээр анх 2005 онд газрын тос байгуулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулахаар ажил нь гарааны зурхай дээрээс хөдөлж байв. Үүнээс хойш 2007 онд “Оюуны-Ундраа”-гийн С.Отгонбаяр Налайх орчимд Газрын тосны үйлдвэр байгуулна хэмээн сонгуулийнхаа пиар болгов. Мөн “Сод Монгол”-ын Ц.Анандбазар 2012 онд Сайншандын төвөөс баруун хойно Газрын тос нэрэх үйлдвэр байгуулахаар шав тавьсан. Аанай л сонгууль угтсан ажиллагаа байсан.

Эдгээрийн аль алинд нь Төрөөс шийдвэр гарчихсан зүйл биш гэлээ ч ард түмэн хөл хөөрцөг болж байсан даа. Харин Төрөөс 2014 онд Говьсүмбэрт, дараа нь Зүүнбаянд, 2015 онд Бор-Өндөрт, 2016 онд Сайншандад, 2018 оноос Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулна гэсэн шийдвэр тус тус гарсан дагуу өдгөө Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэрийн ажил явагдаж байна. Гэхдээ чухам ямар учиртайг мэдэхгүй юм, Засгийн газраас 2015 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал говьд байгуулна гэсэн тогтоол шийдвэр гаргасан юм билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан