Шатахууны үнийг барьж дийлэх үү

Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг түгжрээний гол эзэн автомашины  шатахууны үнэ дахиад л өсч  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч мөн давхар хөөрөгдөж эхэллээ. 
Түлшний үнийн энэ сарын 8-ны өдрийн байдлаарх статистик мэдээллийг хүргэе. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1630-1800 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1785-1860 төгрөг, “Аи-95” шатахуун 2230-2310 төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 2250-2370 төгрөгийн үнэтэй байна.
Ийнхүү литр тутамдаа 50-80 төгрөгөөр өсөх болсон шалтгаан нь газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй холбоотойгоор буюу ОХУ-тай хамааралтай бололтой. “Нохойнд барьдаг” гэгчээр далим л гарвал оросууд руу буруугаа чихэн үнэ нэмчихдэг импортлогчид энэ удаа ч мөн өнөөх л хариултаа хэлж байна.  Өнгөрсөн оноос эрчимтэй нэмэгдсэн шатахууны өсөлт  Дахиад ч нэмэгдэнэ. Учир нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гадаад зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ цаашид ч нэмэгдэх магадлалтай байгаа юм.
Өмнө нь оросууд  биднийг шулдаг байсан бол одоо эрх баригчид ард түмнээ шулж байна
Монголчууд газрын тосны бүтээгдэхүүний импортыг 100 хувь ОХУ-аас нийлүүлдэг  байх үед хойд хөрш манайд дэлхийн зах зээлийн үнээс 200-300 ам.доллараар илүү, “тусгай” үнээр өгдөг байсан билээ. Тэр үед эрх баригчид “Дэлхийн зах зээлийн үнээр шатахуун импортлодог болчихвол үнэ хямдруулчихмаар л байна” гэсэн аргаа барсан мэдэгдэл хийдэг байв. Гэтэл олон эх сурвалжаас шатахуун импортолж, ОХУ-аас Сингапурын биржийн үнээр авдаг болсон ч байдал өөрчлөгдсөнгүй. Үнэ буурахгүй байгаа үндсэн шалтгаанууд эрх баригчдаас л гарч байна. Онцгой албан татварыг тэглэсэн ч, хөнгөлөлттэй олгосон зээлийнхээ хүүг нэмсэн гээд л.
Аливаа зүйлд сэтгэл их чухал. Эрх баригчид ард түмнээ үнэхээр боддог байсан бол шатахуун импортлогч улсуудад үүсээд байгаа таатай байдлыг ард түмэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцах байлаа. Гэтэл тийм сэтгэл байхгүй, харин ч төсвийн цоорхойгоо нөхөх эх үүсвэр болгон ашиглах болов. Өмнө нь оросууд өндөр үнэ хэлж монголчуудыг шулдаг байсан бол одоо эрх баригчид ард түмнээ шулж байна.
Ямартай ч шатахууны үнийг буурах ёстой тэр цэгт нь хүртэл буулгахад эхлээд төр нь ард олныхоо талд гарч зогсох хэрэгтэй байна. Цөөн хэдэн монополь компанийг ашигтай, алдагдалгүй байлгахын төлөө хангалттай л ажиллалаа. Одоо болсон. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэмэгдэх төдийд л 50-80 төгрөгөөр нэмчихдэг хэрнээ буцаад буухад нь 20-30 төгрөгөөр хямдаруулдаг нь ариун явдал мөн үү. 
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний үнийг засаг захиргааны аргаар биш, зах зээлийн замаар цаашдаа зохицуулах бодлогыг баримтлахгүй бол бензин байнга хомсдох, тасалдах магадлалтай.
Монгол Улс яавал шатахууны  хараат байдлаас гарах вэ?
Монголчууд бид нийлүүлэлт, хэрэгцээ хоёулан дээр зэрэг ажиллах шаардлагатай байна. Юуны өмнө хэрэглээгээ бууруулах, орлуулах, хэмнэх шаардлагатай. Хэрэглээг бууруулах хамгийн том алхам бол хотын замын түгжрэлийг арилгах, түүний тулд хотоо тойрсон хурдны зам тавих, хотын газрыг хотын удирдлагууд хулгайлахгүй болгох, дараа нь хот байгуулалтаа зөв төлөвлөх, замаа чанартай засах, жолооч нар дүрмээ барих, машины паркаа залуужуулах, түлш их иддэг машин унаад ганцхан хүн тээвэрлээд хотоор явах нь тухайн хүнд дэндүү үнэтэй байхаар татвар тогтоох зэргээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Дизелийн түлш ашигладаг орон нутгийнхан нарны эрчим хүчийг түлхүү ашиглах хэрэгтэй.
Энэ бүхэн оросуудаас хамаарахгүй, зөвхөн хэдхэн луйварчдыг солиод, хууль журмаа бүгдээрээ биелүүлэхэд л болох ажил. Мөн шингэрүүлсэн хийг ашиглах урамшууллын аргыг нэвтрүүлэх, юуны өмнө хийгээр явуулсан автобусны тоогоор шагнал олгох, улмаар үлдсэн бусад хэрэгсэл, түүний дотор таксиг нэн яаралтай хийгээр явуулах нь бас л биднээс хамаарна. Нийлүүлэлтээ ганц орноос аль болох бага хамааралтай болохын тулд өөр эх үүсвэр хайх, тээвэрлэлт хийж турших, Оросоос өөр орноос оруулж ирсэн бол татварын хөнгөлөлт үзүүлж болох юм. Нүүрснээс шингэн түлш гаргах ажлыг эхлүүлэх шаардлагатай, гэхдээ энэ түлш бензинээс хямд болохгүй бөгөөд харин хямрал, хамаарлаас ангижрахад чухал алхам болно. Одоо экспортолж байгаа түүхий газрын тосоо боловсруулах ажлыг мөн л эхлэх шаардлагатай. Гэхдээ түүхий тосны тал хувь нь түлш болж, үлдсэнийг ашиглаж чадвал ирээдүйд химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болохыг бас тооцох хэрэгтэй. Гэвч одоогоор тогтоосон нөөц маань бензин болгосны дараа манай хэрэгцээний тавны нэгийг л хангахыг бас тооцох хэрэгтэй. Үнийн хувьд эхний ээлжинд нэг их хямд болохгүй.
Б.Учрал
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан