Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс байв. Учир нь, энэ оноос эхлэн хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Харин он гарсаар хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоход төрийн байгууллагуудын зөрүүтэй мэдээллээс болж, зарим өрх үндэслэлгүй хасагдсанд иргэд бухимдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, иргэд өрхийн алдаатай мэдээллээ шинэчлүүлж байгаа билээ. Мэдээлэл шинэчлэх үйл явц болон хүүхдийн мөнгө тооцоолох аргачлалын талаар ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболдоос тодрууллаа.
-Энэ оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор хуульчилсан. Хүүхдийн мөнгө тооцоолох аргачлалын талаар талаар тодруулж мэдээлэл өгнө үү?
- Орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу хүүхдийн мөнгийг тооцсон. Энэ нь цоо шинэ аргачлал биш юм. ХНХЯ-аас 2016 онд зорилтот бүлгийг тодорхойлж, тохирсон халамжийг олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Өмнө нь орлогыг орлуулан тооцох аргачлалаар зөвхөн судалгааны мэдээлэл цуглуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, энэ зарчмаар хувьсагчдаа тооцоолж, үнэлгээ л хийдэг байсан. Харин энэ удаа төрийн байгууллагад байгаа мэдээллүүдийг ашиглаж, үнэлгээ хийх зорилт тавьсан.
Хүүхдийн мөнгийг тооцоолохдоо эхлээд 10 гаруй байгууллагын 130 гаруй үзүүлэлтийг сонгосон. Мэдээж бүх үзүүлэлтийг багтаасан загварыг боловсруулах нь нэлээн ярвигтай урт процесс юм. Тиймээс зарим үзүүлэлт нь хоорондоо хамааралтай эсэх, статистик ач холбогдолгүй байх зэргээр олон аргаар уг аргачлалыг туршсан. Ингээд хамгийн сүүлд, таван байгууллагын давхардсан тоогоор 12 үзүүлэлттэй загварчлал гарсан. Нэг ёсондоо Монгол Улсын хүүхэдтэй нийт өрхүүдийг эрэмбэлж, 91/9 гэсэн харьцаагаар хуваах боломжтой гэсэн үр дүнд хүрсэн.
-Иргэд өрхийн сангийн зөрүүтэй мэдээллээ засуулж байгаа. Мэдээлэл шинэчлэх процесс ямар шатанд явж байна вэ?
-Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 16-нд эхний байдлаар хүүхдийн мөнгө олгох иргэдэд мессежийг хүргүүлсэн. Түүнээс хойших хугацаанд өгөгдөл мэдээллийн сангууд дээрх алдаатай мэдээллүүдийг бүртгэж байна. Үүнд ард иргэдийн зүгээс мэдээллээ шинэчлэх, нягтлах асуудал дээр туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь, өөрсдийн хаяг дээр хэдэн хүн амьдардаг, доторх мэдээллүүд нь үнэн зөв эсэхийг нягтлах. Энэ үйл ажиллагаа хоёрдугаар сарын 08 хүртэл үргэлжлэхээр төлөвлөж байна. Хэрвээ тухайн өрх өөрийн мэдээллээ нягтлаад тус мэдээлэл нь зөрүүтэй байвал холбогдох хороо, нийгмийн халамжийн ажилтанд хандана. Мэдээллүүдээ шинэчлэх хүсэлтээ “И-монголиа” болон биечлэн очиж шинэчлэх бололцоогоор хангасан.
-91/9 гэсэн тооцооллыг хэрхэн хийсэн бэ. Өрхийн мэдээллийн сан нь зөрүүтэй байхад энэ харьцаа хэлбэлзэх боломжтой юу?
-2023 оны Төсвийн тухай хуулинд тусгагдахаас өмнө өрхүүдийг орлогын бүлгээр 91/9 гэж хуваах боломжтой гэсэн тооцооллыг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурлан гаргасан. Ингэхдээ өрхийн орлогод тухайн өрхийн хувьд байж болох бүх орлогыг оруулж, 3.7 сая төгрөгөөр хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, 3.7 сая төгрөгөөс доошхи орлоготой иргэд 91 хувьд хамаарна гэж үзсэн. Гадуур яригдаад буй 3.5 сая төгрөгөөс энэ нь зарчмын хувьд ялгаатай. Мөн энэ удаагийн тооцооллын аргачлал нь зөвхөн цалингийн орлого болон цалингаас бусад татварын өмнөх орлого гэсэн хоёр үзүүлэлтээр тухайн өрхийн орлогыг шууд хэмжиж байгаа. Харин Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд ашигласан өрхийн орлого нь цалин, татварын өмнөх орлого болон бусад орлого нэмэгдэнэ. Тэгэхээр арай өргөн хүрээтэй ялгаатай ойлголт юм.
Нийт хүн амын хэрэглээ болон амьжиргааны түвшинг шууд тодорхойлох боломж хомс. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа маань зөвхөн түүвэрлэж авсан хэсэг дээрээ дэлгэрэнгүй асуулгаар тодорхойлдог. Нийт хүн амын хувьд нэгдсэн мэдээлэл байхгүй. Зөвхөн цалингийн орлогоор нь тухайн хүнийг үнэлвэл өрөөсгөл. Тухайлбал, цалингийн орлогогүй мөртлөө үл хөдлөх хөрөнгө эсвэл машин, малтай хүн байж болно. Тиймээс боломжит бүр үзүүлэлтийн багцыг үүсгэсэн. Энэ үзүүлэлтийн тусламжтайгаар тухайн өрхийн амьжиргааг дунджаар үнэлж байна гэсэн үг. Үүнд, байр, машин, мал гэх мэт зүйлс багтана.
Төрийн байгууллагуудад байгаа мэдээллийн сангууд зөрүүтэй байгаагаас ард иргэд бухимдаж байна. Гэвч, нэгдүгээрт хүүхдийн мөнгийг тооцоолсон энэхүү аргачлал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Үүний дагуу улс орнууд зорилтот бүлгээ тодорхойлох ажлыг хийдэг. Хоёрдугаарт, анх удаагаа төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашигласан. Өмнө нь бүх айлаар орж судалгаа авдаг байв. Гуравдугаарт, боловсруулсан загвар маань оновчлол сайтай, үр дүнгийн хувьд харьцангуй гүйцэтгэл сайтай гэж дүгнэж болно.
Гэсэн хэдий ч мэдээллийн зөрүүтэй байдлаас болж тодорхой байдлаар хүмүүсийн хүлээлтэд нийцэхгүй байх дүр зураг ажиглагдаж байна. Мэдээллээ шинэчлэх боломжийг хүмүүст өөрсдөд нь олгож байгаа. Жишээ нь, шилжилт хөдөлгөөнөө бүрэн гүйцэт хийгээгүй байх, автомашинаа зараад шилжүүлээгүй байх, хоёр хүүхэд нь өөр өөр хаяг дээр байх гэхмэтчилэн асуудал байгаа. Үүнийг оновчтой ашиглавал төрийн байгууллагуудын мэдээллийн өгөгдлийн сангийн чанар нь сайжрах боломж бүрдэнэ. Цаашилбал, Засгийн газар, бодлого боловсруулагч нар нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцооны таатай орчин бүрдэх давуу талуудтай байгаа. Ард иргэд болон аж ахуй нэгжүүд маань өөрсдөө мэдээлэгч юм.
“Хүүхдийн мөнгө тэтгэмж-“ийг 2005 оноос сар бүр гурван мянган төгрөгөөр олгож эхэлсэн. 2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулжээ. Тухайлбал,
0-18 НАСНЫ НИЙТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДСАН ХУВЬ ХЭМЖЭЭ
- 2005 онд 34 хувь
- 2006 онд 70 хувь
- 2007-2016 оны 06 сарыг дуустал 100 хувь
- 2016 оны 07 сараас 60 хувь
- 2017 онд 100 хувь
- 2018 оны 03 сарыг дуустал 60 хувь
- 2018 оны 04 сараас 80 хувь
- 2019 онд 80 хувь
- 2020-2022 онд 100 хувь
- 2023 онд нийт хүүхдийн 91 хувь
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
- 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
- 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25 000 төгрөг
- 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
- 2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
- 2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.