Эрүүгийн хуульд өөрчлөлт орлоо. Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгав. Өмнө нь хууль хяналтын байгууллагууд дээр хөөн хэлэлцэх хугацаагаар “барьдаг” байв. Тэгсээр хугацаа нь дуусахаар хэрэгсэхгүй болгодог. Гарцаагүй баригдвал хялбаршуулсан журам хэмээх ял наймаалцах зарчмаар 40 саяар торгуулаад өнгөрдөг байлаа. Бас тэрбумын хохирол учруулсан албан тушаалтны ялын хэмжээ халаасны хулгайчаас ч “хямд” байв. Ийм цоорхойнууд Эрүүгийн хууль, бусад хуульд байсан.
Эдгээрийг засав. Угтаа энэ нь нийгмийн захиалга байв. УИХ-ын баталсан хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж төрөөс хулгай хийсэн, авлига авсан хүмүүст чанга тусна. Сургаар нь албан тушаалтнууд “...Пүү паа, одоо яана аа” гээд сүйд болж байна гэнэ. Гэнэ ч гэж дээ, тэгж байна. Уг нь ингэж дуу алдаад байх хуулийн өөрчлөлт биш. Угаасаа байх ёстой л хариуцлагын тогтолцоо юм. Урд хөршид л гэхэд төрд гурван сая юаниас дээш хохирол учруулах юм уу, авлига авбал шууд цаазын ялтай. Улс орнууд авлига, албан тушаалын хэрэгт ингэж хатуу ханддаг. Гэтэл манайд бүх хариуцлагаас мултрах боломжийг хуулиар олгож ирсэн. Үүнээс болоод л төрийн хөрөнгөөр “Эрдэнэт”-ийг худалдаж авсан. Оюу толгойтой холбоотой олон хэрэг гарсан. ЖДҮХС-г тоносон. Хөгжлийн банкийг цөлмөсөн. Одоо шуугиж буй нүүрсний хулгай ч гарч байгаа юм. Ингэж л нэлээд олон жилийн туршид нийтийн эрх ашгийг хулгайлсан.
Ер нь бол ёс суртахууны хил хязгаарыг давбал хуулийн хазаар хэрэглэдэг номтой гэдэг. Энэ талаар агуу философичид олон зууны тэртээ тодорхойлчихсон. Манай нэртэй хуульч С.Нарангэрэл гуай ч монгол ёс суртахуун хийгээд хуулийн “харилцан үйлчлэл”-ийг олон жил судалсан. Сонин дүгнэлтүүд хийсэн байна лээ. Япон л гэхэд“...Албан тушаалыг ёс суртахуунтай хүнд л өг” гэсэн үндсэн зарчимтай.
Тэдгээрээс харахад өнгөрсөн жилүүдэд манай эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын энэ “галзуурал” бол төрийн хүн, тэр бүү хэл монгол хүний ёс суртахуун гэдэг зүйл “тэг” заачихсаныг л илэрхийлж байгаа юм. Улстөрчид, албан тушаалтнууд ёс суртахуунаа гээчихсэн жишээг өнгөрсөн хугацаанд бид зөндөө л сонслоо. Нүдээ таглаж, чихээ бөглөмөөр үйлдлүүд байдаг. Одоо ч түшээд маань цахим сүлжээний “амны зугаа” болсоор байна. Хамгийн гол нь ингэж олны нүдэн дээр ёс суртахуунаа “нүцгэлүүлчихээд” хариуцлагын талаар огт ярьдаггүй. Боддог ч үгүй биз ээ. Аюул нь энэ. Тийм учраас ийм хүмүүст зориулж Эрүүгийн хууль, бусад хуульд “хазаар” хийж байгаа хэрэг. Тэгэхээр “...Хулгай хийхгүй” л гэвэл айж хулчийх хэрэггүй. Ямар ч падлийгүй. Тийм л хууль шүү дээ, дарга нар минь?!
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин