Казино байгуулах долоо дахь санаачилга буюу Макао загвар Монголд

Казино байгуулах долоо дахь санаачилга буюу Макао загвар Монголд

 

Монголд казино байгуулах санаачилга 20 жилийн өмнөөс гарсан ч оролдлого болгон бүтэлгүйтэж, замхарч иржээ. Казино байгуулахаар баталсан хууль, байгуулах явцад төрийн албан тушаалтнууд хутгалддаг. Зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж хууль оруулж ирээд бүтэлгүйтсэн бараан түүх ч бий.
Улстөрчид нэг болохоор “Казино байгуулах цаг болсон. Хэзээ нэгэн цагт байгуулах учраас одоо л эдийн засгаа дэмжье. Харин монголчуудыг оруулахгүй” гэдэг. Ашиг сонирхол нь хавчигдаад ирэхээр хар тамхи, мөнгө угаалт гээд болохгүй бүхнээр ард түмнийг айлгаж байгаад сарниулчихдаг. Үндсэндээ  би биш бол чи хийхгүй гэсэн эрх ашиг Казиногийн хуулийг унагаж ирсэн. 
Ийм л жишгээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын казинотой болох зургаан удаагийн санаачилга унасан юм. Он цагийн дарааллыг товчхон харвал, манай улс 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Казиногийн хуулийг баталснаас жилийн дараа буюу 1999 оны нэгдүгээр сарын 22-нд УИХ казиногийн тухай хуулийн төслийг хүчингүй болгов. Эхний бүтэлгүйтлээс хойш долоон жилийн дараа казино байгуулах хоёр дахь давалгаа эхлэв. 2000 оны сүүлчээс хойш таван жил сураг тасраад байсан казиногийн асуудал 2014 онд дахин сөхөгдсөн. 2015 оны хоёрдугаар сарын 12-нд Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Харин 2020 онд Казиногийн хуулийг буцаасан.Ийнхүү Казинотой холбоотой хуулийн зохицуулалт, ойлголт хэдэн төрийн нүүр дамжиж явсаар нэлээн жигдэрч, цэгцэрсэн гэж хэлж болно. Тиймээс энэ удаагийн  парламентын гишүүд дараагийн санаачилгыг гаргаж монголчуудад хаалттай казино байгуулах цаг болсныг илтгэж буй юм. Хамгийн сүүлийн буюу 2020 оны хуулийн төсөөлөлд
Сангийн яамныхны тооцоолсноор эхний жилд казиногоос 138 орчим тэрбум, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзсэн байдаг. Энэ нь нэг казиногоос олох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74 тэрбумаас 148 тэрбум төгрөг болж өснө гэсэн үг гэж байв.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж Аялал жуулчлалын хуулийн малгайн дор Казино, Бооцоот тоглоомын хуулийн төслийг өргөн барьсан нь долоо дахь санаачилга болж байна. Энэ дагуу эрх баригч намын бүлэг ч дэмжиж оны өмнө хуулийг батлахаар санал нэгдсэн тухай хэлсэн. Эндээс харвал Монголд Макаогийн загвараар байгуулах казино одоо л биелэлээ олох нь. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Олгох лицензийн тоо хэд, хаана байгуулах вэ гэдгийг эцэслээгүй. Бүс нутгийн хөгжлөө бодвол Замын-Үүд, зүүн талд Дорнод, баруун талд дөрвөн сум, аймгийн төв байх уу зэргээр ярилцаж байна. Ер нь бол хов хоосон Монголын хөрсөн дээр хэн хамгийн их бодит хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг мөнгөн дүнгээр нь лиценз олгоно. Хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая ам.доллар  буюу их наяд төгрөгөөс доошгүй байх юм.
Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор Монгол Улсад оруулна. Харин төр 25-30 жил бизнест нь огт оролцохгүй. Өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийг Монголын Засгийн газар авна. Ширээ болгон дээр орж байгаа орлогоос татвар авна гэсэн үг. Үлдсэн 60 хувиараа амьдар, бооцоогоо тавь гэж байгаа юм.
30 жилийн дараа нийт ширээний тал хувийг Засгийн газар төлбөргүй шилжүүлж авна. Харин 10 жилийн дотор өөр хэн нэгэнд дахин лиценз өгөхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад хэлэх ёстой. Хуулийг үндсэндээ Макаогийн казиногийн хуулиас санаа авсан гэж хэлж болно. Дэлхий дээр хамгийн их либералчлагдсан, хамгийн их орлоготой нь Макао шүү дээ. Манай зарим бизнесменүүд  зочид буудлынхаа хүзүүвчинд казино байгуулах сонирхол байх шиг байна. Хууль санаачлагчийн хувьд үгүй гэж хэлнэ. Бодит хөрсөн дээр хамгийн их хөрөнгө оруулалт амласан бол хэнд ч хамаагүй лиценз олгоно. Түүнээс биш дуудлага худалдаагаар өгөхгүй. Хөшгийн хөндийд газар, дэд бүтцийг нь өгье. Хэдэн сая ам.доллар оруулах вэ түүнийгээ хэл гэж байгаа юм. 350 сая ам.доллараар амралт зугаалгын цогцолбор бариад үүн дээр бидний тавьсан нөхцөлийг зөвшөөрч байвал 30 жил лицензээ эзэмшээд татвараа төлөөд явах маш тодорхой дүрэм, зарчим үйлчилнэ” гэдгийг тодорхой хэлсэн.
 
Мөн “Казиногийн хуулийн батлуулах их хэцүү. Батлуулахгүй байх харин амархан. Казино гэхээр л  бохир мөнгө, хар тамхи, биеэ үнэлэлт гээд хорьдугаар зууны адал явдалт кино хүмүүсийн санаад хамгийн эхэнд орж ирдэг. Үүн дээр дөрөөлсөн ашиг сонирхлоор казиногийн хуулийг эсэргүүцэх маш амархан. Казиногийн хуулийг баталж болохгүйдээ байгаа юм биш. Монголын ард түмэн ч тэгтлээ их эсэргүүцээгүй. Шийдлийн хувьд монголчуудад хориотой, гадаадын иргэн, жуулчдад зориулсан хязгаарлагдмал казино байх хэрэгтэй. Гадны казиногийн төвүүдэд татварын байцаагч, эрүүл, ахуй, мэргэжлийн хяналт, цагдаа гээд бүх хяналт бий. Казиногийн бизнес хөрөнгө оруулалтаа хамгийн хурдан нөхдөг. Гадны туршлагаас харахад хоёр жил гаруй хугацаанд л зардлаа нөхдөг юм билээ.  Экологид ямар нэг хор нөлөөгүй. Алт, зэс, нүүрснээс хамаагүй эрүүл бизнес. Хууль батлагдвал үзвэр, тоглоомын газар, спорт, амралт цэнгээний газар бүхий олон улсын стандартад нийцсэн өргөтгөсөн аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр үйлчилгээний төвүүдийг байгуулах шаардлагаа манай төр засаг заавал тусгаж оруулах хэрэгтэй. Зөвхөн казиногоор хязгаарлагдахгүй ажлын байр, үйлчилгээний төвүүдийн дам орлогууд маш их байдаг. Жуулчдын тоо  нэмэгдэхийн хэрээр авиа компанийн орлогод үлэмж нөлөөлнө. Бүтээн байгуулалтаас эхлээд дотоодын аж ахуйн нэгжүүд бүх ажлыг гүйцэтгэнэ. Ингэснээр зах зээлээ тэлж, эдийн засгийн чадавхи нэмэгдэж санхүүгийн системд нэмэлт орлогын эх үүсвэр бүрдэх юм.
Монголын улстөрчид иргэдтэйгээ хамт нэг шийдэлд хүрч зориглох цаг болсон. Казинотой боллоо гээд алдах юм байхгүй. Байдаг л нэг бизнесийн төрөл шүү дээ” хэмээн эдийн засагч, доктор Г.Дугаржав манай сонинд ярьж байв. Тэгвэл эдийн засагчдын зүгээс цар тахлын дараа жуулчдад бэлэг барьж байгаа, тэр хэрээр улс орны “хэтэвч”-ийг зузаалах Казиногийн хуулийн шинэ хувилбарын онцлох заалтуудыг сонирхуулья.
 
НӨХЦӨЛ:
 
♦Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Төсөл шалгаруулалтыг үнэлэхдээ оролцогчдын санал болгосон үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж тооцно.
 
♦30 жилийн хугацаагаар олгох ба 10 жилээр сунгаж болно. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад казино эрхлэгч хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.
 
♦Хөрөнгө оруулалт 300 сая ам.доллартой  тэнцэх хэмжээний нэг их наяд төгрөгөөс доошгүй байна. Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор Монгол Улсад оруулна.
 
♦Зайнаас зохион байгуулах болон Монгол Улсын иргэнийг тоглуулахыг хориглоно.
 
ТАТВАР:
 
♦Казиногийн онцгой албан татварыг хуульд заасан хувь хэмжээний аль өндрөөр буюу улсын төсөвт ашигтай байх хувилбарыг сонгож долоо хоног бүр төрийн санд төвлөрүүлнэ.
 
Казиногийн үйл ажиллагаанаас олон нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 40 хувиар эсвэл казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс долоо хоног бүр 2500000-68000000 төгрөг.
 
♦Казиногийн үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө.
 
♦Казиногийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа буюу Монгол Улсын иргэд үйлчлүүлж болох казиногийн цогцолбор дахь хоолны газар, дэлгүүр, үзвэр, үйлчилгээ гэх мэт аялал жуулчлалын бусад үйлчилгээнээс олсон орлогод Монгол Улсад аж ахуй эрхэлдэг бусад этгээдийн адил хуульд заасан албан татвар ногдуулна.
 
♦Тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан