Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол Улс гарах боломж

 

Монгол Улс ойрын 10-20 жил, түүнээс цааш ч уул уурхайн салбараа түшин урагшлах нь өнөөгийн нөхцөл байдлаас тов тодорхой. Энэ салбарын 100 жилийн ойг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Оюутолгой” компанитай хамтран анх удаа зохион байгуулж, салбарын бүхий л асуудлыг цогцоор нь хэлэлцсэн Mining Week арга хэжээний үеэр урьд өмнө энэ салбарын хурлуудаар олон нийтийн өмнө хэлэлцэж байгаагүй уран хэмээх байгалийн баялгийг анхаарлын төвд авчирсан нь яах аргагүй онцлох сэдэв байв. Монгол Улсын Засгийн газар энэхүү ашигт малтмалаа уул уурхайн хөгжлийн нэг тулгуур болгож байгааг Mining Week илтгэсэн юм.

 

 Дэлхийн 200 гаруй улсаас ураны нөөцтэй ердөө 16 орон байдгийн нэг Монгол буюу манай улсад эрчим хүчний зах зээлд жижиг ч хамаагүй гол тоглогчдын нэг болох өгөгдөл байгаа гэсэн үг. Дэлхийн нийт ураны нөөцийн 2% нь Монголд оршдог. Энэ нь цөмийн эрчим хүчний станцуудыг бүтэн жил тасралтгүй хангахуйц хэмжээ хэмээн жишдэг юм билээ. Тэр дундаа Монгол, Францын Засгийн газар хамтран байгуулсан “Бадрах Энержи” компанийн төсөл хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо нь нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн хамгийн том ураны ордод тооцогдож байна. Тус төслийн талаар Mining Week арга хэмжээний хоёр дахь өдрийн “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан.

 

 Зөөвч-Овоо ордын ураны нөөц нь 93,291 тонн. Тус ордын нөөцийг 2013 болон 2020 онд тус тус  бүртгүүлж, 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд “Бадрах Энержи” компани өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэх энэ туршилтын үр дүнд төслийн шинэ ТЭЗҮ илүү нарийвчилж гарах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ураны түүхий эд болох шар нунтгийг ямар хэмжээтэйг хэдий хугацаанд ямар өртөг зардлаар олборлож, улсад хэдэн төгрөгийн татвар хураамж төлж, хөрөнгө оруулах зэрэг бүх тооцооллыг урьдчилан хийх нөхцөл бүрдэх аж. Өмнөх ТЭЗҮ-дээ түшиглэн хийсэн урьдчилсан тооцоогоор үйлдвэрлэлийг албан ёсоор эхлүүлсэн өдрөөс хойш 30 жилийн хугацаанд олборлолт явуулах юм байна.

 

Үндсэн олборлолт эхэлснээс төслийн үргэлжлэх нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх ба  төслийн нийт хугацаанд мөн нэг тэрбум ам.долларын татвар хураамж төлөх тооцоотой байна. Үүний цаана орон нутаг, улсын хэмжээнд бизнес, ханган нийлүүлэлтийн боломжууд гарахын зэрэгцээ хамгийн чухал нь ур чадвар бүхий хүний нөөц бий болгох юм. Одоогийн байдлаар тус компанид ажиллаж буй нийт ажилтны 97 хувь нь монгол ажилчид тэдний 30% нь нутгийн иргэд аж. Худалдан авалтынхаа 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс хийж байгаагийн зэрэгцээ орлого багатай өрхийг дэмжих, малын эрүүл мэнд болон малжуулах төсөл хэрэгжүүлэх зэргээр нутгийн иргэдийг амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, орлого багатай өрхийг дэмжих төслийг 2016-2019, 2019-2021 болон 2022 онд буюу гурван удаа хэрэгжүүлэхдээ 200 мянган евро зарцуулж, 300 өрхийг хамруулсан байна. Малжуулах төслийн хүрээнд л гэхэд 120 өрх тус бүр 50 толгой малтай болсон бол 2014-2016 онд 392,550 толгой малыг паразитын эсрэг эмчилгээнд хамруулсан зэргийг танилцуулсан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 255 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулахдаа “Бадрах Энержи” компани татвар хураамжид нийт 25 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс зөвхөн 2017-2021 онд л гэхэд 16.5 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

Илтгэгчдийн сайн туршлагаас харахад “Бадрах Энержи” компани орон нутаг дахь оролцогч талуудтай сайн харилцаатай байж, төслөөс ирэх нийгэм, эдийн засгийн үр ашгийг шударга хуваалцах удирдлагын механизмыг эртнээс бий болгон, нутгийн ард иргэдээс санал болгосон нийгмийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай санагдсаныг нуух юун. Хэрэв ТЭЗҮ шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 900 гаруй ажлын байр бий болох тооцоо байна. Монгол Улсад Оюутолгойгоос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь мега төсөл болох Зөөвч-Овоогийн хамгийн том ач холбогдол нь эрчим хүчний бие даасан байдлаа хадгалах, энэ салбарт олон улсад гарах юм.

 

 Гэвч энэ том амбийцад хүлээс болж мэдэх гол асуудал нь нутгийн иргэдийн эсэргүүцэл. Монгол орон даяар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа орон нутаг, иргэдийн уул уурхайн талаарх ойлголт. Тэднийг бодит, үнэн зөв мэдээллээр хангаж эргэлзээг тайлах нь энэ салбарт ажиллаж байгаа бүхий л компани, төслийн толгойн өвчин болоод байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хариуцлагагүй уул уурхайн замнал энэ муу жишгийг бий болгосныг “Mining Week”-т оролцогчид хаа хаанаа хүлээж зөвшөөрч байв. Тухайлбал, сүүлийн хоёр жилд л гэхэд байгаль орчны зөрчил хэмээн үзсэн олон нийтийн санаачилгаар нөхөн сэргээлт хийгээгүй 48 талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболд хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн эсэргүүцэл их байвал цуцлах, хаах амархан болсныг энэ тоо харуулж байна.

 

Мөн энэ үеэр танилцуулсан зарим онцлох тоог харвал 2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашигт малтмалын 2,564 тусгай зөвшөөрлийг 6 сая га газарт олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9%-тай тэнцэж байгаа юм. 2005 онтой харьцуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2.5 дахин, нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 11.5 дахин буурчээ. Улмаар 2018 оноос хайгуулын зөвшөөрөл эрс буурч, дээд тал нь наймыг л олгож байсан бол эсрэгээрээ олгосон байсан хайгуулын талбайгаа буцааж авсан тохиолдол олож байжээ. Энэ хэрээр уул уурхайн салбарын хөгжих боломж хумигдсан гэсэн үг.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл байдал /2005-2022/ Эх сурвалж: АМГТГ

Ялангуяа, ураны салбарт нэг ч хайгуулын зөвшөөрөл олгоогүй буюу шинээр төсөл хэрэгжих боломжгүй байгаа юм. Үүний цаана геологичид мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч асан Ч.Энх-Амгалан хэлж байв.

Хайгуул хийхгүй байна гэдэг бид ямар нөөц боломж байгаагаа тооцох боломжгүй гэсэн үг. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа энэ тохиолдолд дараагийн нөөц баялгаа тодорхойлж, улам хөгжүүлэхгүй бол эдийн засгийн боломж энэ улсад ирэхгүй нь тодорхой байна. 

Иймд цааш алхахын тулд нийгмийн лицензийг авах буюу орон нутгийн иргэд, малчдад уул уурхайн талаар үнэн зөв, бодит мэдээллийг байнга өгч, хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Mining Week-ийн оролцогч талууд онцолсон юм. Үгүй бол иргэд нь харанхуй эсэргүүцсээр Монгол Улсад хөгжих биш, малаа маллаад л амьдрах сонголт л үлдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан