Хувийн цэцэрлэгт хуваарилагдсан бол хувьсах зардлын зөрүүг төлнө


С.УЯНГА
 
Манай улс энэ жил анх удаа цэцэрлэгийн хүүхдийн сугалааг халж цахимаар бүртгэсэн. Улсын цэцэрлэгээс гадна хувийн хэвшилд хүүхдүүдийг  хамруулах зохицуулалтыг хийсэнд салбарын сайдын хэлдгээр олон нийт алга ташсан. Өөрөөр хэлбэл, энэ жил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй зохицуулалт хийлээ хэмээж олон нийтээс өндөр үнэлгээ авч эхлэв. Гэвч цахим бүртгэл, хуваарилалтын дараа үл ойлголцол, шүүмжлэл дагуулсан олон асуудал эцэг, эхчүүдийн өмнө босч ирлээ. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тэгвэл энэ их хөрөнгө, зохицуулалт хэр үр дүнтэй байгаа нь бодит байдал дээр багагүй шүүмжлэл дагууллаа. Цэцэрлэгийн бүртгэл хуваарилалтын дараа хүүхэд нь хувийн цэцэрлэгт хамрагдахаар болсон, мөн өмнө нь гэрийнхээ хажууд улсын цэцэрлэгт явж байсан бол холдуулж хувийн цэцэрлэгт хуваарилсан.
Ингэхдээ мөн нэг айлын хоёр хүүхдийг хоорондоо зайтай хоёр өөр цэцэрлэгт оруулсан зэрэг маргаантай олон асуудал байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн бухимдаж байгаа зүйл бол өмнө нь улсын цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгэж хуваарилахдаа хувийн цэцэрлэгт оруулсан. Тэрхүү цэцэрлэг нь 400-600 мянган төгрөгийн төлбөртэй. Гэтэл төрөөс хувьсах зардал гэж хэдэн төгрөг олгох нь тодорхойгүй. Зарим цэцэрлэгийн өгсөн мэдээллээр төрөөс 150 мянган төгрөг өглөө гэхэд 250-450 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөхөөр байгаа. Үүнээс гадна хоолны мөнгө нэмж авна гэсэнд бухимдаж  зөвлөл хүртэл байгуулжээ. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “ Систем автомат хуваарилалт хийхдээ таван настай хүүхдүүдээс эхэлж цэцэрлэгт хуваарилсан учраас нэг айлын хүүхдүүдийг ялгаж таниагүй. Тиймээс хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргаж, цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг нэгж дээр шийдвэрлэнэ. Цэцэрлэг бүр харилцан адилгүй төлбөртэй. Төрөөс хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгон, хоолны мөнгө нэмэлтээр өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийн дараа тухайн цэцэрлэгийн төлбөрт зөрүү гарвал эцэг эх, асран хамгаалагчтай нь харилцан тохиролцож зөрүүг тооцож авна” гэсэн тайлбарыг өглөө. 

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилж, мэдээллийг  асран хамгаалагчдад мессежээр илгээгээд байгаа юм. БШУЯ-ны мэдээлснээр цахим бүртгэлээс гадна 24 цаг, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилжээ.  Хэрэв утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг  зөвлөөд байна. 

Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарчээ. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Тэгвэл урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байна. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.  Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа" гэсэн юм.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан