Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

 

АЙЛЧЛАЛААР ЭХЭЛСЭН ДОЛОО ХОНОГ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал шийдвэрийг гаргасан.  Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед найрсаг хөршийн хувиар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байгаад баяртай байна. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. 


-Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.


-Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцсан” хэмээн онцолсон юм. 


Айлчлалаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр “Бид 10 жилийн турш урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг тавьж байсан. Өндөр түвшний хэлэлцээг хийж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Харин энэ удаагийн айлчлалаар энэ хэлэлцээрийг хийж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод терминалаар нүүрс гаргаж эхэлсэн. Дээрээс нь Гашуунсухайтын терминал дээр “AGV” автомат зөөвөрлөлтөөр нүүрс гаргаж байна. Монголын нүүрс задгай тээврээс гадна чингэлэг тээвэр, терминалаар дамжиж гардаг боллоо. Терминал дотроо “AGV” автомат зөөвөрлөлттэй болсон. Энэ тээвэр эрчимжээд ирвэл олон сувгаар нүүрс гардаг болно. Терминал бол урт хугацаандаа бидэнд их хэрэгтэй. Нүүрс, зэсээ бид төлөвлөгөөний дагуу гүйцэтгэчихвэл төсвийн орлогын төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлт байна.

 

Орлого бүрдүүлэлтийг хойш татаж буй зүйл нь төмрийн хүдэр, түүхий газрын тос зэргийн гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гэхдээ орлого бүрдүүлэлтэд үзүүлэх нөлөө нь нүүрс, зэсийн баяжмалтай харьцуулахад хамаагүй бага. Сүүлийн хоёр сард нүүрсний гаралт огцом нэмэгдэж, 700-900 машин гараад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 900 орчим машинаар нүүрс гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцлийг авч үзвэл нүүрс, зэс хоёр дангаараа 70-80 хувийг эзэлдэг. Нүүрсний гаралт сайжирна гэдэг гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлнө” гэлээ.

 

 

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

 

Энэ оны эхний долоон сард 355 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4500 орчим өрхөд Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоод байгаа аж. Харин энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор ажиллаж байна гэж Төвбанк мэдээллээ.


Мөн “Цар тахлын хууль”-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулжээ. Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

 

Энэ талаар Монголбанкны Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун “Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2016 онд Монголбанкнаас баталсан журмын дагуу олгогдож байгаа. Шалгуурууд нь иргэн, банк, орон сууц дээр тавигддаг. Зээлийн эх үүсвэр багассан. Тус хөтөлбөр нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүждэг. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар болон Монголбанкнаас “Цар тахлын хууль”-ийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр таван удаа хойшлуулсан нь бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн банкуудад маш их хүсэлтүүд бөөгнөрсөн байна. Энэ дунд шаардлага хангахгүй, хүүхдүүддээ 2-3 удаа ипотекийн зээл аваад өгчихсөн хүмүүс удаа дараа хүсэлт өгч байна. Гэтэл хөтөлбөрийн үндсэн зорилго нь дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан. Тиймээс материал өгсөн бүх хүн хамрагдах боломжгүй. Яг зорилтот бүлгийн хүмүүстээ олгохыг зорьж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан