Б.Батцэцэг: Монгол, ОХУ сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо

Б.Батцэцэг: Монгол, ОХУ сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээний дүнгийн талаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хэвлэлийн хурал хийж танилцуулав.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан ноднин Улаанбаатар болон Москва хотод тэмдэглэж, энэ жил хоёр орны харилцааны шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад бид баяртай байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо.

 

Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлыг ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлвийг тодорхойллоо. Монгол, Оросын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах тал дээр санал нийлж ярилцлаа. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд 2 тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах бүрэн боломжтой гэж үзлээ. Сүүлийн үед хоёр улсын бүс нутгийн харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход хамтран ажиллах сонирхол манайд байгаа.

Мөн Монгол Улсын хилийн боомтуудыг шинэчлэн өргөжүүлэх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэхэд анхаарал хандуулахаар тохирлоо. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровтой хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцсон. Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төслийн ажил хуваарийн дагуу хэвийн явж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр улстай холбогдох коридоруудын талааар хөндөж ярилцлаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх ажил ахицтай байгаа. Эрчим хүчний салбарт эрчим хүчний обьектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярилцлаа. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн техникийн шинэчлэл хөтөлбөр болон Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 3 дугаар үе шатыг хамтран хэрэгжүүлж, үр тарианы элеватор барих, мал сүргээ дархлаажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлуудууар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров: “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн хэлэлцээ харилцан найрсаг уур амьсгалд маш үр дүнтэй боллоо. Манай хоёр улсын сайн хөршийн харилцаа хамтын ажиллагаа олон жилийн түүхэнд суурилж идэвхтэй хөгжиж байгаа. Хоёр ард түмэн Дэлхийн II дайны он жилүүдэд байгуулсан нөхөрлөлийг сайнаар санаж байгаа. Өнөөдрийн уулзалтаар бид Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн.

 

Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар санал солилцож, Улаанбаатар хотноо 2019 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааг улам бүр өргжүүлэх хүсэлтэйгээ хоёр тал илэрхийлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн айлчлалын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Түүнчлэн цар тахлын хоргийг цуцалсны дараа хоёр орны хамтын ажиллагааг сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалыг өндрөөр үнэлсэн. Хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд өмнөх үеэсээ 30 гаруй хувиар нэмэгдсэн. Мөн энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 45 хувиар нэмэгдсэн байна. Мөн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэг, сансар судлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газрын комиссын үйл ажиллагааг дэмжих болсон бөгөөд тус комиссын ээлжит хурал энэ жил ОХУ-д болно.

 

Олон улсын асуудлаарх манай байр суурь ойрхон байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын Үндсэн дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсуудын эрхийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр дэмжих явдал юм. Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, шийдвэрлэх боломжийн талаар нарийн ярилцлаа. Хамгийн эрсдэлтэй үйл явдал бол сүүлийн жилүүдэд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацист дэглэмтэй улс болгон хувиргаж, Украины нутгаас ОХУ-д аюул занал учруулж байгаа. Өөрийн зүгээс Донбасс болон Украины бусад нутгуудын цэргийн тусгай үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.

 

Бид Украинд болж байгаа үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа тухай үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь зарим орон үнэн бодит, бие даасан, хараат бус мэдээллийн эх сурважлийг хязгаарлаж байна. Бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд гэвэл НҮБ, ЕАБХАБ-ын хүрээнд харилцан уялдаатай ажиллахаар тохирсон. Монгол Улс ШХАБ болон ЕвроАзийн эдийн засгийн холбоотай холбоо харилцаагаа улам илүү өргөжүүлэх талаар тодорхой санал хэлсэн. Монгол, Оросын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах, олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа улам илүү нягт уялдуулах хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаа гэлээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан