Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя



Хотын дарга нийслэлийг гоё ганган болгох, иргэдийг аз жаргалтай амьдруулах тэр ч битгий хэл  ямар сайхан мөнгө амлаж мастер төлөвлөгөө яриад ч үнэндээ сонсох, эргэцүүлэх, дэмжих, сөрөх "чадалтай”  хүн алга. Түгжрэл дунд хамаг амьдрал, нервээ барж, сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн иргэд үнэндээ сөхөрлөө. Ард түмэнд түгжрэлийг шийдэхээс өөрөөр хотын даргаас хүлээх өчүүхэн ч тус байхгүйг мэдэрсэн баймаар. Ядаж нисэхээс нэг өглөө ч болтугай автобусанд суугаад явбал бага ч гэсэн ойлгох байх. Ингэж л түгжрэл хүн болгоны асуудал, толгойны өвчин болсон учраас шийдэл хэрэгтэй байна. 


Нийслэлчүүдийн өнөөгийн дүр төрхийг харвал яг л 30 жилийн өмнөх шигээ автобусныхаа араас элдэж хөөсөн, хашгичиж сандарч, бухимдсан хүмүүс дүүрэн. Нийтийн тээврийн автобус бүгд нэг талдаа гарч түгжирснээс буудал дээр хэдэн цаг хүлээнэ. Мөн сургуулийн автобус маш хүйтэн. Дээр нь цагтаа ирдэггүйгээс  хүүхдүүд түрүүлж гараад хүлээж, хоцордгоос болж эцэг эхчүүд хувийн унааг илүүд үзэж хөхөө өвлийг арга ядан барлаа. Энэ мэтээр дүн өвлийн хүйтэнд автобусны буудал дээр 2-3 цаг дагжтал зогсч байгаа нь хориннэгдүгээр зуунд хэнд ч төсөөлөгдөхгүй. Гэвч бодит байдал үүнээс ч дор байгааг олж хардаггүй Хотын дарга нарыг яалтай.


Нийслэлийн 1.5 сая иргэн, тэрдундаа Нисэх, Яармагийн олон зуун хүн Хотын даргаас аврал эрсээр хэдэн оныг үдэж байна. Ганцхан жишээ хэлэхэд Нисэхээс өглөө 06:00 цаг өнгөрөөгөөд гарсан хүн хотын төвд хоёр цагийн дараа ирдэг. Хурдан явлаа гэхэд энэ шүү дээ. Буцахдаа бас л 2-3 цаг түгжирнэ. Ингэж хоёр нарны хооронд зам дээр өнжиж байгаа иргэдээс ажлын бүтээмж,  оюутан сурагчдаас сурлагын чанар шаардах нь шударга уу. Гэтэл үе үеийн бодлого гаргаж байгаа хүмүүс түгжрэлийг шийднэ гэж хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж, том том төлөвлөгөө ярьж цонхны цаанаас чихэр долоолгосоор ямар ч гарц гаргалгаа, туршилт, оролдлого хийсэнгүй. Үүний ганцхан жишээ бол түүхэндээ түгжрэлд 420 тэрбум төгрөг зарцуулах  болсноо зарлаад есөн сар өнгөрлөө. Гэвч хэзээ энэ мөнгийг зарцуулж, түгжрэл буурах эсэх нь одоо ч бүрхэг хэвээрээ. Нэг л их урт хугацааны хөгжлийн хөтөлбөр ярьж ухаантай царайлсан хүмүүс. Тиймээс эдийн засгийг солонгоруулна гэж хэт холын юм ярихаасаа өмнө түгжрэлийг сааруулах ядаж ганц туршилт хийхийг Хотын дарга Д.Сумъяабазарт санал болгож байна.


Түгжрэлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд мөнгө төгрөг, хугацаа шаардахгүй ажил бол замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх. Нийтийн тээвэр болон сургуулийн автобусыг хотын төв, нисэх, Яармагийн алинд ч нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулаад өгвөл иргэд хувийн машинтайгаа хоёр цаг түгжрэх үү, автобусаар 20 минут зорчих уу гэсэн сонголтын өмнө ирнэ. Тиймээс нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд цагдаа нарыг жаахан дайчилж, зохион байгуулалтад ороход л болно. Нэгдүгээр эгнээ рүү дайрсан жолооч нарыг торгож, хаших зэргээр хэд хоног хариуцлага тооцсон зохицуулалт хийхэд аяндаа жигдрэх боломжтой. Энэ мэтээр хэтэрхий ухаантай, урт хугацааны төлөвлөгөө ярихгүйгээр эхний ээлжинд нийтийн тээвэр дээрээ багахан зохицуулалт хийж үзье. Агаарт биш амьдралд хэрэгжих шийдвэр гаргахдаа хэтэрхий их алгуурламааргүй байна Хотын дарга аа. Танд хурд, шийдэл дутагдаж байна. Үгүй бол иргэд зам дээрээ хонон өнжин дугаарлаж, тэсрэхэд бэлэн болсон шүү. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан