Нийтийн тээврээр хөлжигчид


/Нэгдүгээр хэсэг/
 
-Д.Жаргалсайхан, Д.Ариунболд нарын нийлүүлсэн 20 автобусны 13 нь эвдэрчээ- 
Хотынхны зовлон их ээ. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд тархи өвтгөсөн асуудал олон. Эдгээрээс хамгийн хүнд асуудлын тоонд нийтийн тээвэр багтана.
Голдуу оюутнууд, сурагчид хувийн унаагүй залуус, ахмадууд нийтийн тээвэр буюу автобусаар хөл залгуулдаг. Харин энэ унаа маань хэр зэрэг хүрэлцээтэй вэ, тав тух нь ямар вэ гэж асуух нь илүүц л дээ.
Учир нь үүний хариулт түмний нүдэн дээр ил байдаг.
Ер нь бол нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас төсөв мөнгөний асуудал чухал. Гэхдээ нийтийн тээврийн хөгжилд зарцуулахаар төлөвлөсөн төсөв хөрөнгө зөв зарцуулагддаггүй нь автобус унааны хүрэлцээ, тав тух зэрэг дараагийн асуудлыг яригдах аргагүй болгодог байна. Өөрөөр хэлбэл, тэр төсвийн дундаас ашиг хонжоо “гоожуулдаг” зарим нэг хүний балаг их ажээ.
Гадныхан биднийг шоолдог биз. Сая гаруйхан хүнтэй нийслэлийнхээ нийтийн тээврийг өнөөг хүртэл олон улсын жишигт хүргэчихэж чаддаггүй гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл ийм байдалд хүргэсэн, дээр хэлсэнчлэн нийтийн тээврийн төлөвлөгөөт төсвөөс ашиг хайж явдаг хүмүүсийн нэг бол “Цахилгаан тээвэр”-ийн дарга асан Д.Жаргалсайхан, түүний дотнын хамтрагч Д.Ариунболд нар юм.
 
Тэд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна”, “Эх орондоо автобус, траллейбус, цахилгаан автобус үйлдвэрлэсэн, үүнийг нийтийн тээвэрт ашиглах ёстой”, “Гаднаас автобус оруулж ирэхийг эсэргүүцэж байна” гэж олон жил хашгирч байгаа хүмүүс.
 
Ингэж шийдвэр гаргагчдыг шахалт, дарамтад оруулдаг. Тэгж хүссэнээ авдаг байна.
Тэд Монголд үйлдвэрлэсэн нэртэй ч бүх эд ангийг нь урд хөршөөс оруулж ирж угсарсан, стандартын шаардлага хангахгүй, эдэлгээний гар даахгүй автобус нэртэй ч өндөр өртөгтэй “төмрүүдээ” төрд, төрийн байгууллагад “шахсан” байдаг. Тодруулж хэлбэл, урд хөршөөс хамгийн хямд эд ангиудыг Монголд оруулж ирж, угсраад хотод шахсан гэсэн үг.
 
Баримт ярья. 2015 онд Д.Жаргалсайхан нарын “Монголд үйлдвэрлэсэн” гэх “J-800T” маркийн автобуснаас Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа 20 ширхгийг авч, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн байдаг.
Гэвч таван жилийн дараа буюу өнөөдөр эдгээр 20 автобусаас 13 нь засах боломжгүйгээр эвдэрчээ. Одоо агуулахад сэг болон “хэвтэж” байна.
 
Ер нь энэ “Монголд үйлдвэрлэсэн” гэх автобус нь шатахуун голдог, моторын багтаамж багатай /6600 сс буюу томхон жийп машины хөдөлгүүртэй/, эвдрэл ихтэй, дүүрэн зорчигчтой бол өгсүүр газар явж чаддаггүй. 
Товчхон хэлэхэд 2015 онд “шахсан” автобус нь  2022 он гэхэд үйлчилгээнд явах боломжгүйгээр бүгд зогсох нь тодорхой болжээ.
Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан батлан хэлж байна.
Нэг бүрийн үнийг нь 130 мянган ам.доллараар тооцвол Монголын төр, нийслэлийг төсвөөс дээрх 20 автобусанд 2.6 сая ам.доллар төлсөн гэсэн үг. Төгрөгт хөрвүүлбэл хэдэн тэрбум болно.
Тэгэхээр 1.7 сая ам.долларын өртөг бүхий 13 автобус нь өнөөдөр үйлчилгээнд явахааргүйгээр эвдэрч, засварт нь хэд, хэдэн шинэ автобус авах хэмжээний хөрөнгө зарлагадахдаа тулчихсан байна.
Энэ явдал юунаас эхтэй вэ гэхээр яг есөн жилийн өмнөх өдий хэрд “Монгол инженерүүд автобус үйлдвэрлэлээ” гэсэн мэдээ хэвлэлүүдэд нийтлэгдэж, бүгд шагшин магтаж байв шүү дээ. 
 
Тэрхүү “J800N” загварын автобусыг “Эрдү” компанийнхан бүтээсэн байдаг. Тухайн үед тус компанийн Ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаяр “Импортоор оруулж ирдэг автобуснаас хамаагүй бага шатахуун зарцуулдаг, тэр хэмжээгээр хорт утаа бага ялгаруулдаг” гээд “Бид жилд ийм автобус 120 орчмыг үйлдвэрлэн нийлүүлж чадна” гэж байв.
 
Тухайн үед Сүхбаатарын талбайд болсон тэр автобусыг туршилтын замд гаргах арга хэмжээнд нь УИХ-ын дэд дарга, нийслэлийн удирдлага, “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцож байлаа.
Тэгвэл үүнээс гурван жилийн дараа “Экологбус” компанийнхан мөн л автобус үйлдвэрлэснээ зарласан байдаг. Эл автобусыг мөн л “Гаднаас оруулж ирж буй автобуснаас хямд үнэтэй, өртөг багатай” гэж рекламдлаа.
 
Автобус нь мөнөөх л “J-800T” загвартай “Евро-4” хөдөлгүүртэй. Тус компанийн ерөнхий инженер Д.Ариунболд “Нийтийн тээврийн шинэ стандарт, технологи нэвтрүүлсэн” гэдгээ олон нийтэд зарлаж байв. Мөн “Нэг бүрийн үнэ нь 130 мянган ам.доллар бөгөөд нэг автобусыг 28 хоногт үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой” гэв. 
Энэ бүхэнхэвлэлийн хуудсанд баримт болон үлдсэн.
Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулах арга хэмжээнд оролцож, Хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан тус автобусанд сууж үзэж байв шүү.
Түүнээс хойш тус компанийн захирал, “цахилгаан тээврийн” гэх тодотголтой Д.Жаргалсайхан “Бид зориглоод чанартай автобус хийсэн. Гэтэл төр засгийн байгууллагууд биднийг дэмжиж авсангүй” хэмээн байнга шахуу хэвлэлээр ярьж ирсэн.
Бас инженер Д.Ариунболд нь “Насжилт дууссан импортын автобусыг шахаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжье” хэмээн хэвлэлийн хурал хийлгэж, нийтийн тээврийн үйлчилгээнд гаднаас автобус оруулж ирэхийг  эсэргүүцэж байлаа.
 
Ингэж Д.Жаргалсайхан, Д.Ариунболд нар автобусныхаа мотороос бусдыг “Монголд үйлдвэрлэсэн, импортоор оруулж ирдэг үнээс хамаагүй хямд” гэсээр, үүний зэрэгцээ нийтийн тээврийн салбарын удирдлагыг ил, далдуур баалж, муухай харагдуулж, ил далдуур хэвлэлийн хурал хийлгэж, албан тушаалтнуудыг буулгаж авсны хүчинд цөөнгүй автобусыг төрийн байгууллагад болон зарим аймгуудад “шахсан” байна.
 
“Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын дарга асан Д.Жаргалсайхан болон Д.Ариунболд нар ингэж автобуснуудаа нийслэлийн нийтийн тээвэрт “шахсан” байгаа юм.
Үр дүнд нь төрийн байгууллага алдагдалтай ажиллаж, Улаанбаатарын иргэд хөл дүүжлэх унаагаар хомсдон суухад хүргэсэн болж таараад байна.
Гэтэл 2.6 сая ам.доллараар автобус импортолж авсан бол наанадаж 2025 он хүртэл санаа зовохгүй байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Хамгийн ноцтой нь хотын нийтийн тээврийн салбарт учруулсан тэдний балаг дээрх 20 автобусаар зогсохгүй юм байна. Байдал ийм атал энэ хүмүүс иймэрхүү “ажил”-аа үргэлжлүүлсээр байна.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан шаардлага