УЕП: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурчээ


Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр:

Прокурорын байгууллагаас 2021 онд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

  •    Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 0,5 хувиар өсөв.

Прокуророос давхардсан тоогоор нийт 2.023.146 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Нийт зөрчлийн хэргийн 97,5 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар өссөн байна.

  • Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан 786 шийтгэлд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэв.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 647, өөрчлөлт оруулахаар 139 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.

  •  Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан 1022 шийдвэрийг хүчингүй болголоо.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 58.581 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 1022 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүллээ.

  • Прокуророос хяналт тавьсан зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт өссөн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 9681 удаа үйлдэгдсэн нь 4,1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2225 гарсан нь 21,8 хувиар тус тус өссөн бол Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2454 удаа үйлдэгдэж 1,4 дахин өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурчээ.

  •  Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэхэд анхаарч  ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн явцад Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 80 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 72 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу шилжүүлж шалгууллаа. Харин 6 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 4 хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үеэр бүртгэгдсэн Сонгуулийн тухай хууль зөрчих зөрчлийн талаарх нийт 27 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллаа. Үүнээс 13 нь Хэнтий аймагт, 14 нь Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнаас 25 гомдол, мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, 2 хэргийг шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

  • Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэлээ.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоорэрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа явуулах тухай 4725 саналыг хянаж, 4723 зөвшөөрөл олгов. Нийт зөвшөөрлийн 1,4 хувь нь орон байранд үзлэг хийх, 18,8 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 79,1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 0,5 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.

  • Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 395 удаа шалгалт хийж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 395 шалгалт хийхэд 3214 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 112 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр зөрчил гаргасан 298 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан