Хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт өсжээ


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Гэвч энэ хугацаанд зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөн байна. Энэ сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа талаар тоймлон хүргэе.
Баянзүрх дүүрэг: Зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол тутмын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс Хулгайлах гэмт хэрэг хамгийн их буюу 18, Золгүй байдлаар амь насаа алдсан 10, Залилан 9, Хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг тус бүр 2 гарсан бол бусад төрлийн гэмт хэрэг 14 гарсан байна.
Хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй нэг мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хөл хорио тогтоосон 7 хоногийн хугацаанд зөрчлийн хэргийн шинжтэй нийт 1362 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 308 нь буюу 4 гомдол, мэдээлэл тутмын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байгаа юм. Үүнээс 460-д нь зөрчлийн хэрэг нээн шалгасан бөгөөд 66.3 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, 12.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, 9.7 хувь нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил тус тус эзэлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн 59.6 хувь нь хүүхдийн бие махбодид халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчлүүд байна.
Баянгол дүүрэг: Ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болж байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, прокуророос хяналт тавьсан байна. Бусдад зодуулж гэмтсэн 10, эд зүйлээ хулгайд алдсан 8, хамтран амьдрагч болон нөхөр нь зодож гэмтээсэн 3, цахим хэрэгсэл ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан, өөрийгөө зүсэж гэмтээсэн, согтуу үедээ хоёр давхраас унаж гэмтсэн, бусдад залилуулсан, хүчиндүүлсэн, эд зүйлээ дээрэмдүүлсэн, байшин шатсан зэрэг гомдол, мэдээллүүд тус бүр нэг бүртгэгджээ.
Харин зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 37 хувиар буурч 198 бүртгэгдсэн боловч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 10 хувиар өсөж, нийт гомдол, мэдээллийн 58 хувийг эзэлж байна.
Сонгинохайрхан дүүрэг: Ахуйн хүрээнд үйлдэгдэж буй зөрчлүүд ихэсжээ
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 663 бүртгэгджээ. Энэ хугацаанд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгдсэн бөгөөд Залилах гэмт хэрэг 167, Хулгайлах гэмт хэрэг 128 гаржээ.
Тус дүүргийн дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэгтэй холбоотойгоор хөл хорионы үед ахуйн хүрээнд гал алдсаны улмаас гэр, байшин шатаж 10 орчим хүн нас баржээ.
Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитод байшин шатаж 17-19 насны 3 иргэн, 35 дугаар хороо Орбитод байшин шатаж 3-7 насны 4 хүүхэд, 33 дугаар хороонд гэр шатаж 5-13 насны 3 хүүхэд нас барсан харамсалтай хэргүүд гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн тус дүүрэгт хөл хорионы өдрүүдэд зарим төрлийн зөрчлийн гаралт өссөн байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 36 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгагдаж байсан бол энэ оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 65 гомдол, мэдээлэл хүлээн авч 1.8 дахин өссөн байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Албан шаардлага