Хөл хориотой өдрүүдийг дуусгаж, “хаалга”-уудыг нээлээ


Хүний санах ойн багтаамжид хязгаар байдаггүй гэдэг. Гэхдээ мартахдаа их амархан. Ямар сайндаа л улстөрчид "...Ямар ч дуулиан сарын дараа мартагддаг” гээд онолдчихсон байхав дээ.
Гэвч дэлхий ертөнц нэг хүн байтугай, улсаараа, хүн төрөлхтөнөөрөө мартахын аргагүй COVID19 цар тахал хэмээх гамшигтай нүүр тулаад хоёр жил боллоо. Эхний жил шахмын хугацаанд хилээ хааж хэсэг үзэв. "Анх-Отгон” гэж нэрлэсэн гадаад эрийн оношийг улсаараа чих тавин чагнаж, түүнийг ажлын шугамаар оруулж ирсэн аж ахуйн нэгжийг ч зүхэцгээгээд л... Омголон байцгаажээ. Эцэст нь энэ тахал Монголыг тойрсонгүй.
 
Одоогоос жилийн өмнө эхний халдвар батлагдаж байв. Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолоочоос илэрсэн. Түүний явсан маршрутыг Монгол даяараа мэдэж авсан. Тэр хүний гэр бүл, эсвэл найз эмэгтэй нь тэсч үлдсэн эсэхийг бүү мэд. Бас "Энхсаран” сувиллын асуудал гээд л...
 
Тийм л явдлууд болж байв шүү. Ингээд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Монгол Улсад COVID19 цар тахалтай холбоотойгоор анх удаа хатуу хөл хорио тогтоосон байдаг юм. Энэ хөл хориог долоо хоногийн хугацаатай тогтоосон ч 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 14 хоногоор сунгасан. Ингээд эхний хатуу хөл хорио 21 хоног үргэлжилсэн.
Хоёр дахь нь мөн ч удаан үргэлжилж билээ. Эхлээд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоов. Үүнийгээ хоёрдугаар сарын 11-нийг хүртэл дахин сунгасан. Дахиад 2021 оны хоёрдугаар сарын 22-нийг хүртэл сараар сунгачихаж байгаа юм. Энэ хөл хорионд хоёр сар болсон.
 
Гурав дахь хатуу хөл хориог 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилсэн.
Ингэж Монгол Улс өнгөрсөн нэг жилийн 79 хоногийг хатуу хөл хориотой өнгөрөөжээ. Үйлчилгээний бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, урлаг спорт, соёлын арга хэмжээ явуулах боломж хаагдаж, эдийн засгийн хохирол, түүний үр дагавар монгол хүн бүрт туссан гэхэд болно. Улсын эдийн засаг -5.3 хувь хүртэл буусан. Ёстой л, "...Яалтай билээ” гэдэг болсон.
Хоёр дахь хатуу хөл хорионы дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон. Тэр үеэр иргэдийг COVID19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн байдаг. Уржигдрын байдлаар Монгол Улсын иргэдийн 69.3 хувь нь эхний тунд, 65.8 хувь нь хоёр дахь тунд, нийт хүн амын 13 хувь буюу насанд хүрэгчдийн 23 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байгаа юм байна. 2021 он гарснаас хойш Засгийн газар 7 582 790 тун вакциныг татаж авчээ. Уржигдрын байдлаар 2.8 сая тун вакцины нөөцтэй байна. Одоо гурав дахь тунд "Vero Cell”, "Pfizer” гэсэн хоёр вакцины сонголттой хамруулж байгаа юм.
 
Хоёр дахь тунд хамрагдсан хувь 60 гарсан үеэс Засгийн газар үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дараалан нээж эхэлсэн. Сар хагасын өмнө дөө, "Digital Mongol” арга хэмжээ болсон. Олон хүн цугласан. Сүүлдээ улс төрийн "цохиур” болоод дууссан. Хамгийн харамсалтай нь тэр арга хэмжээ нь жил шахам бэлдээд технологио танилцуулсан 100 гаруй компанийн хөдөлмөр талаар болсон. Уг нь тэнд очихдоо "...Чи энд яваад орвол илүүдэх үү, таарах уу” гэдгээ ДЭМБ-аас өгөөд байгаа зөвлөмжийн хэмжээнд шийдчих үүрэг хүн бүрт л байсан. Энэ жилийн "Digital Mongol” ингээд дууссан. Өнөөдөр баар, зоогийн газар, өөр юу байдаг юм, бүгд ажиллаж байна. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг УОК-т үүрэг болгосон байна. Одоо тэгээд Төв талбай дээр бөөн бөөнөөрөө улс төр ярьж гарч ирээд байгаа нийтийн дуучид, цахим сүлжээгээр байнга бухимдлаа илэрхийлэх болсон чөлөөт хэмээх уран бүтээлчдэд тайзан дээрээ гарах "хаалга”-ыг нь нээчихлээ. Харин тэд маань дэглэмээ л барих хэрэгтэй дээ.
Цаашлаад "...Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй” гэсэн чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн тухай Засгийн газрын мэдээллийн сайтад бичжээ.
 
Ингэснээр хөл хориотой бүтэн жилийг дуусгаж, уржигдраас "Open Mongolia” болж байгаа юм. Засгийн газар ингэж бүх "хаалга”-ыг нээх шийдвэр гаргаснаар хүн бүрийн хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Гурав дахь тунгийн вакцинаа хийлгэчихээд, халдвар ариутгалын дэглэмээ бариад амьдрахаас өөр зам байхгүй. Хэдийгээр хоёр хөрштэй залгаа хил хаалттай байгаа ч Монгол дотроо нээж болох "хаалга” бүрээ нээчихлээ. Харин хоёр хөршийн дотоод дахь COVID19-ийн халдварын тархалт хэр зэрэг байхаас хил нээгдэх хугацаа хамаарна гэдгийг тэдгээр улсын мэдээллийн агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь мэдээлж байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан