Өчигдөр орой Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн тахал зуны турш үргэлжилж, цааш сунжирч ч магадгүй байгааг мэдэгджээ. Тэрээр Америкчуудад хандаж, ирэх 15 хоногийн хугацаанд 10-аас олуулаа нэг дор цугларахгүй байх, баар, ресторанд орохоос зайлсхийх, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэрээсээ ажиллах, хүүхдээ гэрт нь сургахыг зөвлөсөн байна. Бас хэн нэг нь халдвар авсан бол хамт амьдардаг хүмүүсийнхээ хамт гэртээ тусгаарлагдах хэрэгтэйг анхааруулсан юм.
Дональд Трамп улс орон нь “нүдэнд үзэгддэггүй”, “амархан өвчлүүлдэг” дайсантай нүүр тулаад байгааг энэ үеэр хэлжээ. Өнөөдрийн байдлаар АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 4,600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 85 хүн өвчний улмаас нас бараад байна. Трамптай хамт хэвлэлийн хуралд оролцсон Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлыг ахалж буй доктор Дебора Биркс “Хэрвээ Америк хүн бүр бидний өгсөн зөвлөмжийг ирэх 15 хоногийн хугацаанд сахиж чадвал нэлээд өөрчлөлт гарах болно” гэж мэдэгджээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: BBC