Ардчилсан намын нэг фракц болох "Монголын ардчилсан холбоо” буюу МоАХ төрийн бус байгууллага тусдаа бие даасан нам болж үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн зургаадугаар сард төрийн тэргүүний суудлаас буухдаа зарлиг гаргаж, өөрийн албан бус өмчлөлтэй МоАХ-г Монгол Улсын баатар цолоор шагнасан байдаг. Тэр цагаас хойш Х.Баттулга МоАХ-гоор дамжуулан АН-ыг мэдэлдээ авах гэж байна гэх шуум гарах болсон. Тэгвэл дээрх яриаг баталсан үйл явдал өчигдөр боллоо.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Х.Баттулгын шууд гарын хүн гэдэг Ц.Тувааныг бүлгийн гишүүнээс хасаж буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр "Надад АН-аас албан бичиг ирлээ. Энэ бичигт АНын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан намын эсрэг ажиллагаа явуулсан тул дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хассан байна. Түүнчлэн УИХ-ын тухай хуульд заасны дагуу бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно гэж заасан байдаг. Иймд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд АН-ын бүлгийн хуралдаан болон шийдвэр гаргах хуралд оролцохгүй. Би АН-ын бүлгийн даргын хувьд, энэ намаас сонгогдсон гишүүний хувьд хууль, намын дүрмээ баримталж ажиллана. Тиймээс үүнээс цааш бие даан сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын гишүүд АН-ын бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох бол омжгүй болж байна. Мөн Ц.Туваан гишүүн АН-ын гишүүн биш болсон учраас адилхан бүлгийн хурал, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохгүй" гэлээ.
Ажиглагчдын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ үйлдлээрээ Х.Баттулга тэргүүтэй МоАХ-нынхны намын удирдлагыг гартаа авах оролдлогыг таслан зогсоолоо гэлцэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг тус бүлгийн зарим гишүүний зүгээс тавьсан гэх бөгөөд тэр үйл явдал АН доторх фракцуудын зөрчил хурцадсаныг илтгэсэн. Тэгвэл энэ удаад Х.Баттулга тэргүүтэй МоАХ нөхөн сонгуулийн үр дүндгээр далимдуулан намын удирдлагыг гартаа авах дайралт хийж эхэлсэн байна. Тэд хэрэв энэ өрсөлдөөнд ялагдвал МоАХ-г албан ёсоор бие даасан нам болгож, өөрийн талд байгаа гишүүд, дэмжигчдээ дагуулах замаар АН-ыг таллахаар зэхэж буй аж.
Нөгөө талаар Х.Баттулга тэргүүтэй МоАХ-ныхон үүнийгээ болзол болгож АН-ын одоогийн удирдлагуудтай тохиролцоо хийх гэж байна гэсэн хардлага ч дагаж байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулан намынхаа Их хурлыг хийхээр төлөвлөж буй бол Б.Ганбат тэргүүтэй УИХ-ын гишүүд намын эв нэгдлийг хангах талаар идэвхтэй ажилласаар байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН