“Amazon”, “Apple” болон “Google” компанийн удирдлагууд Хятадын эрх баригчид тэднээс ямар нэгэн технологи хулгайлсан гэж үзэхгүй байна. Тэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн тахимын хууль зүйн хорооны монополийн эсрэг бодлогын дэд хорооноос хийсэн сонсголын үеэр ийн мэдэгджээ.
АНУ-ын компаниудын технологийг Хятадын эрх баригчид хулгайлдаг эсэх талаар “Apple” компанийн тэргүүн Тим Кук биднээс технологи хулгайлсан тодорхой тохиолдлыг мэдэхгүй байна гээд зөвхөн бодит эх сурвалжаас мэдсэн зүйлийн талаар ярих болно гэж мэдэгджээ. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос энэ талаар их сонссон ч ийм асуудалтай биечлэн тулгарч байгаагүй гэжээ. “Google” компанийн захирал Сундар Пичаи мөн Хятадын эрх баригчид тус компанийн технологийг хулгайлсан тухай мэдээлэл авч байгаагүй гэж мэдэгдээд гэхдээ 2009 онд “Google” компани Хятад улсын нутаг дэвсгэрээс хакердуулж байсан тухай тодруулсан байна. “Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг “Хятадын эрх баригчид Америкийн компаниудын технологийг хулгайлдаг асуудлыг нарийвчлан баримтжуулсан” гээд өөрийнх нь компани технологио хулгайд алдаж байсан эсэхийг тодруулаагүй байна.
Тэднээс Хятадын эрх баригчдын түрэмгий үйлдэл, хөндлөнгөөс оролцооноос хэрхэн Америкийн компаниудын хамгаалах талаар ямар арга хэмжээ авах талаар асуухад дөрвөн бизнесмен бүгд ямар нэгэн санал хэлэхээс түдгэлзжээ.
Бүтэн жил гаруйн хугацаанд Конгрессын гишүүд эдгээр технологийн тэргүүлэгч компаниуд зах зээл дээрх давамгай байр сууриа урвуулан ашигласан эсэхийг шалгаж байгаа билээ. Энэхүү сонсголыг дээрх дөрвөн компанийн эсрэг явуулж буй монополийн эсрэг хэргийн шалгалтын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Монополийн эсрэг дэд хорооны дарга Дэвид Сициллин эдгээр компанийн үйл ажиллагаа бусад бизнест саад учруулж, ажлын байрыг устгаж, зардал нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавартай гэж онцлоод тэд хэт их эрх мэдэлтэй байна гэж мэдэгджээ. Үүний хариуд Марк Цукерберг үзэл бодлоо хуваалцах, чухал хэлэлцүүлэг өрнүүлэх платформыг бүтээж байна гээд эцсийн дүндээ энэ бүхэн дэвшилд хүргэх болно гэсэн бол Тим Кук хэрэглэгчдэд асар их сонголт бий гэж тодруулжээ. Сундар Пичаи энэ зах зээл дээрх хүчтэй өрсөлдөөн нууцлал, аюулгүй байдлын илүү өндөр стандартыг шаарддаг гэж онцолсон байна.