Айлгах гэж алх тогшиж байгаа бол салаавч өгнө

Монгол Улсын шүүхийн байгууллага 96 настай гэхээр Ардын хувьсгалаас дараахан мэндэлжээ. Ардчилсан хувьсгалыг дамжаад Монголд шударга ёсыг сахиулж цорын ганц манаач байж ирэв. “Аавдаа хэлнэ дээ” гэдэг шиг болохгүй бүтэхгүй тохиож, аврал тусламж хүсэхдээ цорын ганц итгэлээ шүүхэд л үлдээдэг байлаа, монголчууд. Одоо харин биш болжээ. Ердөө ганцхан сарын дотор 96 жилийн итгэлийг алаад хаячихав. Шулуухан л хэлье. Монголчууд шүүхдээ найддаг ч, шүүмжилдэг ч байсан. Харин арай ч ийм болно гэж төсөөлөөгүй. Хэдхэн хоногт болсон хэдхээн жишээг хэлье л дээ. Эхлээд Дээд шүүхийн ерөнхий шүүгч солигдсон. Гэнэт солигдсон. Өөрөө өргөдлөө өгсөн гэнэ үү, нэг тиймэрхүү үндэслэлээр тамгаа өгөөд явчихсан. Оронд нь өмнө нь голоод хүлээж аваагүй нөхрийг зарлигдсан. Тэгээд удсангүй.
Хэдхэн хоногийн дараа Чингэлтэй дүүргийн нэг шүүгч СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр УИХ-д албан ёсоор нэр дэвшигчийг баривчлан саатуулсан. Тэр нь Н.Номтойбаяр юм л даа. Шүүхийн товоо нааш нь цааш нь болгож, дахин дахин хурал зарлаж, хорих хугацааг нь сунгаад ёстой солиоруулж байна.
Дараа нь Сүхбаатар дүүргийн нэг шүүгч УИХ-д дахин нэр дэвшээд явж байсан УИХ-ын гишүүнийг барьж аваачаад хорьчихлоо. Тэр нь Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тусгай хамгаалалт нь дөрвөн жилийн хугацаатай. Тэрийг нь буулгаж байгаад аваачаад хийчихжээ. Шүүх түүнээс 10 тэрбум төгрөг нэхсэн. Өгөхгүй болхоор нь хорьж. Дараа дараагаар нь шүүхийн барьцаа хэмээх тэрбум тэрбумын ханшийг хэд хэдэн хүнд тулгажээ.
Яг үнэндээ хоригдохгүй гээд хэдэн тэрбум төгрөг олоод очдог юм гэхэд өнөөхөө эх сурвалжийг нь тайлбарлах гэж дахиад хэрэгт орох нь тодорхой. Энэ утгаараа шүүх хүнийг дахин гэмт хэрэгт түлхэж байгаа юм. Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар төрийн өндөр албан тушаал хашиж явсан. Тэр цаг үедээ ямар алдаа хийснийг  бүү мэд. Гэхдээ хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Бас хүнийг шүүхээр тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн агуулга манай эцэг хуульд хэвээрээ байгаа, шүүгчид ч үүнийг мдэхийн дээдэр мэдэж байгаа.
Гэтэл шүүх ингэж хандсан нь  энэ хоёрыг лав аль хэдийнэ яллаад, шоронд хорьчихлоо. Бод доо, энэ хоёрын хэргийг өөр шүүгч шийдсэн ч энэ хүртэл өндрийг нь авахуулсан хэрэг гээд гэмгүй байсан ч гэмтэн болгох үүд замыг нээж байгаа бус уу. Нөгөө талаас нь харъя. Одоо УИХ-ын гишүүний албатай, удахгүй УИХ-ын гишүүн болох олон хүн энэ явлдыг үзээгүй сонсоогүй мэт явж байна.
Тэгдэггүй юм даа.
Юу руу тэмүүлж байгаагаа мэдэж байна уу. Ордонд орж суугаад нэмэр байна уу. Төрийн тусгай хамгаалалттай, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй хүнийг шорон руу чирж байна шүү дээ. Хүний эрхийнхэн яаж ч орилоод нэмэр алга. ШЕЗ-өөс нь “ХУЦ” гэсэн хариу өгсөн байна лээ.
Тэгэхлээр эднийг хараад чи дуугүй өнгөрч болно, эрхэм гишүүд ээ, өрөвдөлтэй нэр дэвшигчид ээ! Маргааш чамайг УИХ-ын гишүүн болсон болоогүй, чи хэн нэгэнд таалагдахгүй, эсвэл дургүйг нь хүргэвэл чирээд шоронд хийнэ. Тэр цагт чинь чамайг өмөөрөх байтугай, алга ташиж мэднэ.
Будаач будаач гэхээр... гэдэг шиг шүүх ингэж бужигнуулж байгаагаа нийгэмд шуугиан тарьж амьдардаг попуудтай эндүүрээд байгаа бололтой.
Захиргааны давахын шүүхээс Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураачихаж байна. Э.Оюунболд аварга өөрөө гомдол гаргаад өчнөөн явсан. Шүүх бөмбөг шиг шидэлцэж явсаар баяр наадмын өмнөхөн ийм шийдвэр гаргав. Магадгүй, Э.Оюунболд бол улс төрийн бөмбөг шиг ийм арчаагүй, шүүхийн нэр хүндээ, тангарагаа уландаа гишгэсэн хогийн шүүгч нараас илүүтэй Монголын ард түмэнд хэрэгтэй. Баянаа аваргын хэлдгээр энэ аварга чинь “Ард түмнээ хөгжөөн цэнгүүлдэг бөх хүн” юм. Харин зарим шүүгч нар???
Нэг ийм үг байдаг. Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалздаг гэж. Монголын шүүхийн хошного умалзаж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог.
Эдгээр шүүгч нараас өмнө 96 жилийн түүхтэй  энэ салбарт зүтгэж ирсэн шүүгч нар шүүхийг хараат бус, хүнлэг энэрэнгүй, өөр юу юу ч билээ, ямар ч байсан ард түмэн айдаггүй байлгана гэж олон жил зүтгэсэн. Бодлого барьсан. Харин өнөөдөр төрийн эрх мэдлийн төлөөх шинэ сонголт, ард түмний төрөө сонгохын өмнөхөн ингэж авирлаж байгаа шүүхийг иймээр хэлэхээс өөр арга алга.
Ганц л үг сануулъя. Хүний эрх бол хэдэн шүүгчийн ажлаас илүү үнэ цэнтэй юм шүү. Хуультай төрд иргэн нь итгэдэг. Хуулийн дээр нь шүүхтэй төрд итгэж байсан түүх дэлхийд үгүй. Уншаагүй, сонсоогүй. Гомдвол гомдсугай, дарамталвал дарамталсугай. Айлгах гэж алх тогшиж байгаа бол салаавч өгнө!!! 

Үзэл бодлоо хэлсэн: Монгол Улсын иргэн Т.Бат-Очир
Эх сурвалж: news1.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу