Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг гаргажээ.
Үүнд нь,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
-Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,
-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчС.Амардэлгэр,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуя,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар багтсан байна.
Захирамжид шүүгчдийг түдгэлзүүлсэн үндэслэлийг дурьдаагүй боловч энэ үйл явдалтай зэрэгцүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн “ноцтой” мэдээллийг задаллаа. Тэр “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэв.
Мөн саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ц.Элбэгдоржийн томилсон бүх шүүгчдийг огцруулна, чөлөөлнө” хэмээн телевизийн эфирээр мэдэгдсэн. Хэдийгээр шударга ёсны манаа болсон шүүгчдийн авилгыг илрүүлсэн нь сайн хэрэг ч тэр нь “Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс” учраас уу, эсвэл авилга авсан нь түдгэлзүүлэх үндэслэл болсон уу? гэдэг тодорхойгүй байна. Тэр тусмаа шүүгчидтэй холбоотой авилгын талаар хуулийн байгууллага биш, улстөрчид түрүүлээд дуугарч эхэлсэн нь ч гэсэн анхаарал татаж байна.
Хэрвээ шүүгчдийг авилгыг видео бичлэгээр нотолсон бол тэднийг нэлээд эртнээс анхааралдаа авч, гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байх ч магадлалтай байна. Тэгвэл дахиад мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх асуудал сөхөгдөж мэднэ. Тиймээс энэ талаар шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл ч гэсэн албан ёсны тайлбар, мэдэгдэл хийх хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: inews.mn