Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний доллартай саатуулагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. 
Шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг болох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагджээ. Тэрбээр гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэх гэж байсан аж. Зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. 
УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон хэмээн хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл тэдний нэг болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр талийгаач Л.Бямбаа болон Нийслэл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт хахуулийн мөнгийг нь зөөж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл байна. Мөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа прокурор, мөрдөгч нар нэр бүхий шүүгчдийн гэрт нь нэгжлэг хийх үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан зэрэг гурван шүүгч зугтсан байна. Тэднийг АТГ-аас албадан ирүүлж, шалгаж байгаа аж.  
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэр
  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч.
А.Төгөлдөр
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан