-Гүйцэтгэх эрх мэдлийг хангах ерөнхий чиг хандлагыг сөрсөн Ерөнхийлөгчийн хувилбар-
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Эхний өдөр буюу Даваа гарагт гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцээд буй. “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцож, энэ асуудлаараа үг хэлж, үзэл баримтлалаа тайлбарласан.
Ерөнхийлөгчийн өргөн бариад буй саналд гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой хэд хэдэн заалт байгаа бөгөөд эдгээрээс энэ удаад зөвхөн нэг л саналын талаархи байр суурийг хүргэхийг зорилоо. Тэр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хянах тухай юм.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 39.5.-д “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт шинээр орж ирээд байгаа юм.
Энэ өөрчлөлт оруулах шалтгаанаа Ерөнхийлөгч “Ийм шаардлага тавьж буй нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш” гэдгийг тодотгоод зарим тохиолдолд гүйцэтгэх засаглал өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц шийдвэр гаргадаг гэдгийг хэлж байгаа юм. Тэрбээр энэ санаагаа тодотгох үүднээс Тавантолгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан зэрэг Засгийн газрын шийдвэрүүдийг нэрлэжээ.
Тэгэхээр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг УИХ-аас өмнө ҮАБЗ-өөр эхлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэх шалтгаан нь энэ юм байна.
Харин үүнийг зарим хуульчид, судлаачид тийм ч зөв шийдэл биш хэмээн харж байгаа юм. Тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол хэрэг дээрээ ялсан намын сонгуулийн амлалт. Засгийн газрын хөтөлбөрийг тэртэй тэргүй УИХ-аар хэлэлцэж олонхиороо шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ нь нэг талаасаа ялсан намын бодлогод Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцож байгаатай адил гэсэн үг.
ҮАБЗ-ийг бүрдүүлж буй төрийн гурван өндөрлөгийн хоёр нь буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ялсан нам буюу нэг намын нөхдүүд байх нь тодорхой. Тийм тохиолдолд ҮАБЗ дээрээ олонхи болж, орж ирж буй хөтөлбөр анхны хувилбараараа дэмжигдээд явж таарна. Өөрөөр хэлбэл ҮАБЗ дээр болох хэлэлцүүлэг үр дүн багатай. Харин хамтарсан Засгийн газрын үед байдал арай өөр байж болох юм.
Ерөнхийлөгчийн энэ саналын тухайд УИХ-ын гишүүн асан хуульч Ж.Сүхбаатар “Энэ нь төдийлөн оновчтой зохицуулалт биш. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хянах нь ҮАБЗ-д хэт эрх мэдэл өгөх асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ.
Тэрбээр “ҮАБЗ Монгол Улсын төрийн тэргүүний дэргэд ажилладаг зөвлөх үүрэгтэй байгууллага. Энэ байгууллагыг бие даасан, тусгай эрх мэдэлтэй болгох нь ямар үр дагаварт хүргэх үү гэдгийг бодох хэрэгтэй” гэжээ.
Ерөнхийлөгч өнгөрсөн өвөл хавар хуулийн байгууллагын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлаар ҮАБЗ-ийн эрх мэдлийг нэлээдгүй нэмэгдүүлсэн. Одоо мөн гүйцэтгэх эрх мэдлийг хянах эрхийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулан зүтгэж байх шиг. Ямартай ч ҮАБЗ-ийн гар бариад бугуй барьдаг байх энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгох нь зөв эсэхэд хуульчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллынхан хариу өгөх биз ээ.
Гүйцэтгэх засаглалын “гарт зүүж буй гав” ганц энэ биш. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 39.6.-д “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ” гэсэн шинэ заалт мөн байгаа гэдгийг санаарай. Товчхондоо Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавьдаг шинээр байгуулагдах бас нэг байгууллагын тухай яригдаж байна.
Энэ янзаараа бол “хоёр эзний нэг зарц” гэдэг шиг Засгийн газар бүр ҮАБЗ, УИХ, бас нэг шинээр байгуулагдах хараат бус байгууллага гэсэн гурван ч “эзэн”-ий ганц зарц болох юм биш үү. Иймэрхүү янзаар л төсөөлөгдөөд байгаа юм.
Харин энд эргэлзэх юмгүйгээр хэлж чадах нэг зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр зорьж буй чиг хандлагтай Ерөнхийлөгчийн санал нэг л сайн дөрөө харшиж чадахгүй байгаа явдал. Гүйцэтгэх эрх мэдэл хүчгүйдэж, бусад институциудын өмнө дуулгавартай хүлцэнгүй, “заримдаг” засаглал болж хувирах вий гэсэн болгоомжлол байна.
П.Булган
Эх сурвалж: zaluu.com