Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү




АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн юм.
–ЧАДАЛТАЙ, ОЮУНЛАГ, ҮЗЭЛ САНАА БАЙР СУУРЬТАЙ ХҮМҮҮСЭЭ НАМЫН УДИРДЛАГА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН-
–Юуны өмнө олны хамгийн их анхаарал татаж байгаа асуудлаас ярилцлагаа эхлэх нь зүй ёсны хэрэг байх. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө та гэнэтхэн намаасаа гарч буйгаа зарласан. Намаасаа гарах болсон шалтгаан тань юу вэ?
-АН-аас гарахад олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Нэг гол зүйл нь бол нам доторх нөхцөл байдал миний мэддэгээс тэс ондоо болсон байна лээ. Чадалтай, оюунлаг, өөрийн гэсэн үзэл санаа, байр суурьтай хүмүүсээ намын удирдлага хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Тэдэнтэйгээ нэг баг болон хамтран ажиллаж чадахгүй болсон байсан нь миний шийдвэрт нөлөөлсөн.
–Яагаад ингэж дүгнэв?
-Энгийн л нэг жишээ хэлье. Нотолгоо ч гэж болно. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтыг та харсан байх. Хүмүүс ч мэдэж байгаа. Намын дарга залуучуудаа дэмжиж байгаа гэж ярьдаг боловч үнэндээ тэр “залуучууд” гэдэг нь ихэнхдээ “цүнх баригчид” байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй биз.
–Таныг намын даргатайгаа таарамжгүйгээс ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл явсан. Нөгөө талаар АН-аас квот нэр дэвших олгохгүй байсантай холбоотойгоор намаасаа явсан ч гэх юм?
-Нэгдүгээрт, АН-ын дарга, ер нь бүх намын дарга юуны өмнө бодлоготон байх ёстой юм. Томоор харж сэтгэдэг, олон янзын байр суурьтай хүмүүсийг нэгтгэх чадвартай, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандах зэрэг манлайлагч хүний олон шинжийг бүрдүүлж байж сая намын дарга болдог байх. Тэрнээс нэг талын урсгал бүхий мэдээлэл авах буюу бүдүүлгээр хэлэхэд “хов жив”-ээр ажлаа явуулдаг байж таарахгүй. Үйл явцыг зөвхөн “хов жив”-нд тулгуурлаж дүгнэх явдал манай улстөрчдийн дунд түгээмэл болсон нь харамсалтай юм даа. Энд ганц С.Эрдэнийг ч ярьсан юм биш. Тийм дутагдал төр засгийн бусад удирдлагуудад ч ихээхэн ажиглагдаж байна. Би үүнийг “вакумжих” буюу улстөрчдийн бодит амьдралаас тасарсан, тойрон хүрээлэгчдийн хий хоосон магтаалд автсан байдал гэж ойлгодог.
–100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө хураалт нь танд шударга бус санагдав уу. Та гарахаасаа өмнө үүнтэй санал нийлж байв уу?
-Үнэндээ сонгуулийн хандивыг аль ч нам, улстөрч “босгох” нь сонгуулийн кампанит ажлын салшгүй хэсэг. Тиймээс би АН-ын “мөнгө босголт”-ыг шүүмжлэх нь хаашаа юм. Хамгийн гол нь миний зарчмын байр суурь бол нэгэнт нэр дэвшихийг горилсон хүмүүс мөнгөө өгсөн бол түүний зарцуулалт шилэн байх ёстой. Эс тэгвээс “Баянгол дүүргээ услаад байгаа юм уу” гэсэн хардалт байнга дагалдана шүү дээ. Нөгөөтэйгүүр, мөнгөний дүн эргэлзээ төрүүлсэн. Учир нь дахин түүнээс цааш их мөнгөн дүн аймаг, дүүргийн намын байгууллагад өгөхийг шаардсан тухай АН-ын гишүүд хэвлэлээр гомдоллож ярьж байсан. Хүмүүс үзсэн байх. 300-400 сая төгрөгийг намдаа өгчихөөд дараа нь 400-500 сая төгрөгөөр сонгуулийн кампанид зарцуулвал юуны төлөө ийм их мөнгө зарцуулна вэ. УИХ-ын гишүүн болчихоод тэрбум, тэрбумаар нь бизнесээ дэмжих гэж байгаа юм уу гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдана биз дээ.
-АН хуучин хүмүүсээ, лидерүүдээ буцааж татах тактик ашиглаж байгаа. Нөгөө талаар намын удирдах түвшний хүнээ хүртэл явуулсан нь дотоод хагарлынх нь илрэл үү?
-Бие дааж нэр дэвшинэ гэсэн С.Баярцогт, эсхүл З.Энхболдын тойрогт “ясаа цайтал үзнэ” гэж олон нийтэд зарласан Э.Бат-Үүл зэрэг бүхий л хүмүүстээ тойрог өгсөн байна лээ. Н.Алтанхуягт бас тойрог санал болгосон гэсэн. Гэвч тэр саналаас нь татгалзаж, сонгуулийн дараа АН-аа шинэчилнэ гэж мэдэгдсэн. Миний хувьд АН-ын дэд дарга буюу таны хэлсэнчлэн удирдах түвшний хүн атал дэвшүүлээгүй нь АН ямар хүмүүсээ буцааж нэр дэвшүүлсэн гэдгийг хүн бүр л харж байгаа биз ээ.
–Та бол АН-ын үүсгэн байгуулагчдын нэг, тус намын анхны эмэгтэй генсек. Намын лидерүүдийн нэг байсан гээд л намтар тань хөвөрдөг. Харин таныг АН-аас гарсны дараа тус намаас сонгуульд дэвшсэн хүмүүс сэтгэлд тань хүрсэн үү. Үгүй байх, тийм үү?
-Үнэндээ би гайхширсан. Хамгийн өндөр магадлалтай Л.Гантөмөр, Тулга, Баттулга зэрэг олон хүнийг нэр дэвшүүлэлгүй хассан. Угаасаа ч тэр байдал нь эртнээс л ажиглагдаж байсан юм. Би ямар залуучуудыг уруу татаад, та нарыг дэвшүүлэхгүй шүү дээ. МАН, АН хоёр тохироо хийчихсэн юм шиг л нэр дэвшилт явагдана гэж хэлэлтэй биш дээ.
–ИЗНН НАДАД НЭР ДЭВШИХ САНАЛ ТАВЬСНЫ ДАГУУ БИ ХҮЛЭЭЖ АВСАН-
–Та яагаад “Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон юм бэ. Эл сонголтынхоо талаар ярихгүй юу?
-Миний хувьд АН-аас гарсныхаа дараа Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвших болж, 2000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, аудитаас ч баталгаажуулсан хариу авсан байсан. Харин энэ үед ИЗНН-ын удирдлагаас надад санал тавьсан юм. ИЗНН-ын хувьд дарга нь, дэд даргатайгаа Чингэлтэй дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвших болсон юм билээ. Тэгээд Сүхбаатар дүүрэгт “Та бидний Эвсэл”-д ИЗНН-аас нэр дэвших санал тавьсан юм. Би зөвшөөрсөн. Ийм л юм болсон.
–Мөрийн хөтөлбөр нь танд илүү ойр байсан нь энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн гэж дурдсан байна лээ?
-Тийм ээ. Улс орныхоо эзэн байх, газар шороогоо хамгаалах, магадгүй зарим тохиолдолд хэт экстрим маягаар илэрхийлж байсан нь одоо бодоход тэгэхээс өөрцгүй байж болох. Би Уламжлалын намаас дэвшигчийн талаар хэлж байна л даа. МАХН-ын хувьд энэ нам өдгөө эгэл жирийн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, манайд бий болсон хэт баян, ядуугийн ялгааг арилгах, ИЗНН-ын хувьд үүссэн цагаас эхлээд авилгын эсрэг тууштай тэмцсэн гэсэн байр суурин дээр миний итгэл үнэмшил нийцсэн.
-Нөгөө талаар “Та бидний эвсэл”-ээс нэр дэвших болсон тань хувь рейтингэд тань нөлөөлөхгүй юу?
-Миний өөрийнхөөрөө байдаг занг хүмүүс мэдэх байх аа. Нэг хүн өөрийн твиттерээр Сүхбаатар дүүрэгт “Та бидний Эвсэл”-ээс нэр дэвшсэн бидний зургийн дор “хар дарсан” зүүд гээд жиргэсэн байсан. Тэр жиргээч цагтаа МАНАН гээд л ихээхэн эгдүүцэж бичдэг байсан юм. Уг нь Токиогийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн залуу МАХН-ын нэр дэвшигч, МУНН-ын нэр дэвшигч, ИЗНН-аас би дэвшиж байгаа нь “хар дарсан” зүүд юм бол хэзээ ч, юу ч өөрчлөгдөхгүй нь гэсэн харуусал төрсөн.
–МАНАЙ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ НЭГ Ч АЖИЛТАН МИНИЙ ҮЕД ХАР ТАМХИ, ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААНД НЭР ХОЛБОГДООГҮЙ-
–Одоо хоёулаа жаахан сэдэвээ өөрчилье. “ОХУ дахь Элчин сайдын яамыг гурван жил хатуу гараар зангидсаны үр дүнд их гүтгүүллээ” гэж та ярьж байсан удаатай. ОХУ-ын Элчингээс таныг зохион байгуулалтайгаар татсан гэгдэж байлаа. Мөн АН-ын дэд дарга болохын тулд чөлөөлөгдсөн ч гэж байв. Энэ тухай товчхон ам нээвэл?
-2016-2019 оны гурван жил Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцааг идэвхжүүлэх талаар хийсэн ажил их бий. Энэ бол манай Элчин сайдын яамны хамт олны хичээл зүтгэл. Намайг зохион байгуулалттай татсан гэсэн юм огт байхгүй. Миний гурван жилийн томилгооны хугацаа 2019 оны гуравдугаар сарын 23-нд дууссан байсан юм. Харин дөрөвдүгээр сарын 7-нд АН-ын ҮБХ-ны хурлаар АН-ын гурван дэд даргыг томилох ёстой байсан. Тиймээс би дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж улс төрийн ажил хийх болсонтой холбогдуулан өргөдлөө өгч эгүүлэн татах зөвшөөрөл хүссэн юм.
–Элчин сайдаар ажиллаж байхдаа бүх ажилтнуудынхаа паспортыг хурааж шүүгээнд хийгээд түгжчихдэг. Хаашаа, ямар зорилгоор явж байгааг нь хатуу хянадаг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр Монголын дипломат алба, паспортын нэр хүнд шалан дээр унатлаа үнэгүйдчихлээ. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Москва дахь Элчин сайдын яаманд янз бүрийн шалтгаанаар томилогдож ирсэн хүмүүс ажиллаж байсан, нуух юмгүй. Ихэнхдээ нам, нөлөө бүхий хүмүүсийн томилгоо байдаг юм билээ. Би энд нэрийг нь дурдаад хэрэггүй биз. Маш харамсалтай. Чадалтай, хэл устай хүмүүс цөөн. Ажлын ихэнх ачаалал эдгээрт ногдоно. Манай эдийн засгийн албыг хариуцаж байсан Д.Баасанхүү зөвлөх, 2-р Нарийн бичгийн дарга Цо.Ганболд, ёслолын А.Тамир, консул С.Золжаргал, дэд консул З.Оюунбаатар, ХЗДХЯ-ны төлөөлөгч Азбаяр, аж ахуй Холбоожаргал гээд нэлээдгүй хүмүүс бий. Гэтэл ажилласны хэрээр цалинждаг урамшууллын систем манайд үгүй. Харин ч юу ч хийж чадахгүй хүмүүс нь хожно. Ийм л байдал төрийн албанд, тэр дундаа дипломат албанд илүү их мэдрэгдсэн. Харин паспорт хураах зэрэг байдлаас үүдэлтэй манай Элчин сайдын яамны нэг ч ажилтан миний үед янз бүрийн хар тамхи, хууль бус ажиллагаанд нэр холбогдоогүй. Москвагаар дамжин өнгөрдөг янз бүрийн гэмт бүлэглэлийн сүлжээг таслан зогсоосон. Тэгснийхээ горыг багагүй амсаж, сошиалаар их ч “нүдүүлсэн” дээ.
-Дипломат албаны томилгоонд ямар бодлого, дутагдалтай байна вэ?
-Дипломат албаны томилгоонд намын томилгоог зогсоох хэрэгтэй. Хүний нөөцийн асуудалд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөгчид гэхээс илүү өрнө, дорны их дээд сургуулийн төгсөгчдийг түлхүү авч ажиллуулах, хөрш орнуудад суух Элчин сайдын яамны ажилтнууд, ялангуяа ОХУ-д орос хэлээс гадна англи хэлтэй, эдийн засгийн чиглэлийн залуу хүмүүсийг томилж байх, тагнуулын байгууллагаас томилж буй орон тоог эрс багасгах зэрэг шийдвэл зохих олон асуудал бий. Тэгээд ч Элчин сайд нараасаа эхлээд томилгооны зарчмаа өөрчлөх цаг болсон.
–Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан