Улс төр дэх ураг төрлийн холбоо энэ удаагийн сонгуулиар ч үргэлжлэх бололтой.Одоогийн парламентад төрсөн эгч дүү болох Б.Наранхүү АН-аас, эгч Б.Саранчимэг нь МАН-аас сонгогдсон. Харин энэ удаагийн сонгуулиар ч мөн хамаатан, ах дүүс, хадам аав хүргэн, аав, охин нар Их хуралд өрсөлдөхөөр бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.
Хэрвээ тэд олонхийн санал авч чадвал нэг тахимын гишүүд болж, дөрвөн жил хамтдаа ажиллана. Ингээд энэ удаагийн Их хурлын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй ураг төрлийн хүмүүсийг танилцуулъя.
1.Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрөө Архангай аймагт нэр дэвшиж, хүргэн Г.Энхболдыгоо Баянгол дүүрэгт нэр дэвшүүлэхээр горилж байгаа. С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргын алба хашдаг бөгөөд сонгуулийн ажилдаа хэдийнэ орсон гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд байгаа.
2.Архангай аймагт нэр дэвшихээр аав, охин хоёр намдаа 100, 60 сая төгрөгийн хандивын мөнгөө өгөөд байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, охин Жаргалангийн хамт намдаа хандив өгсөн.
3.ТЕСО гурппын ах дүү хоёр болох О.Сайнбуян, О.Цогтгэрэл нар мөн л энэ удаагийн сонгуульд хамтдаа нэр дэвшинэ. Ах О.Сайнбуян нь Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа орсон бол дүү О.Цогтгэрэл нь Увс аймагт мөн л Ардчилсан намаас хүч үзэхээр болжээ.
4.“Шинэ” эвслийн гишүүн Б.Жаргалсайхан эвслээсээ нэр дэвшинэ. Харин түүний төрсөн дүү Б.Батсайхан Ардчилсан намаас Булган аймагт нэр дэвших аж. Дүү Б.Батсайхан нь өдгөө Булган аймагт амьдардаг бөгөөд аймгийнхаа МоАХ-ны даргаар ажиллаж байжээ.
5.Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр сонин, сайт, телевизийн хойморт өдөр алгасалгүй гарах болсон эрхэм Д.Сүндий ч мөн ахын хамт энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Д.Сүндийгийн ах Д.Алтангэрэл Дорноговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшихээр мөн л “тойргоо услах” бэлтгэл ажилдаа оржээ.
6.Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга Ардчилсан намаас Архангай аймагт нэр дэвшихээр намдаа хандивын мөнгөө өгсөн. Ардчилсан намд хандивын мөнгөө өгсөн хүмүүсийн нэрийн жагсаалтад Дэд сайд асны хүү гэсэн тайлбартай байсан хүн бол П.Мөнхтулга юм. Тэрээр одоогоор “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирлын алба хашдаг.
Энэ мэт Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрөл, хамаарал бүхий хүмүүсийн нэрс цааш хөвөрнө. Тэдний хэнийг сонгож, төр түшилцүүлэх вэ гэдэг ард түмний л сонголт.
Л.Одончимэг
Эх сурвалж: Itoim.mn