Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдээд байна. Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Долоон удаагийн сонгууль болоход дорнодын сонгогчид АН-д нэг, МАН-д зургаан удаа итгэл үзүүлсэн. Мөн тус тойрогт төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан нэр дэвшиж өрсөлдөж, гишүүнээр сонгогдож байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч Дорнодод өрсөлдөн, өвдөг шороодож байжээ. Ийнхүү Дорнод аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.
1992 он: МАН /МАХН/
1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Дорнод аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Д.Базарсад, 58.8 хувь буюу 22011 санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв. Мөн МАН-аас нэр дэвшсэн Д.Дагвасүрэн, Ц.Төрмандах нар олонхийн санал авсан билээ.
1996 он: АН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Дорнод аймгийн сонгогчид энэ удаа АН-ыг багаар нь сонгож гаргажээ. Тухайлбал, 16 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Энхбаатар ялалт байгуулсан.
17 дугаар тойрогт мөн АХ эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн С.Зориг ялж, гишүүн болсон. Харин 18 дугаар тойрогт С.Билэгсайхан нэр дэвшин өрсөлдөж, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа ч дорнодчууд дахин МАН-д итгэл үзүүлэв. 16 дугаар тойрогт Б.Баатарзориг, 17 дугаар тойрогт ИЗНН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Оюун, 18 дугаар тойрогт Д.Базарсад ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Г.Буянхишиг, Б.Пагам, Ц.Элбэгдорж, Ж.Баатарцогт нар өрсөлдсөн байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: МАН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Дорнод аймгийн сонгогчид энэ удаа МАН-д итгэл үзүүлэв. Дорнод аймгийн 16 дугаар тойрогт Д.Одбаяр, С.Билэгсайхан, Л.Дашням нар өрсөлдөж, МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Одбаяр ялалт байгуулсан байдаг. 17 дугаар тойрогт АН-аас М.Зоригт ялалт байгуулав. Түүнтэй МАН-аас Ц.Шинэбаяр, Д.Цэрэнжав нар өрсөлдсөн билээ. Дорнод аймагт энэ удаагийн сонгууль гурван мандаттай явагдсан бөгөөд 18 дугаар тойрогт Д.Базарсад олонхийн санал авч, парламентын гишүүнээр сонгогдож байв.
2008 он: МАН
Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид МАН-д илүү итгэл хүлээлгэв. МАН-аас Д.Одбаяр хоёр дахь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн МАН-ын Ц.Шинэбаяр, АН-ын П.Алтангэрэл нар анх удаа сонгогдсон юм. Харин тэдэнтэй Ц.Жанлав, Б.Мөнхцэцэг, М.Зоригт нар өрсөлджээ. Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Дорнод аймагт МАН-аас Н.Номтойбаяр ялалт байгуулсан, мөн бие даан нэр дэвшсэн Х.Болорчулуун ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Дорнод аймгийн тойргууд ч МАН-д итгэл үзүүлсэн. 14 дүгээр тойрогт АН-аас М.Зоригт, МАН-аас Х.Болорчулуун, МАХН-аас Ж.Энхжаргал нар өрсөлдөж, Х.Болорчулуун 48.79 хувийн санал авч ялалт байгуулсан.
Харин 15 дугаар тойрогт Б.Мөнхцэцэг /АН/, Ш.Ганболд /МАХН/, МАН-аас Н.Номтойбаяр нар өрсөлдөж, Н.Номтойбаяр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг парламентаас түдгэлзүүлсэн билээ.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Мандатын тоог орон нутагт нэмж, нийслэлээс хасч баталсан бөгөөд одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. МАН-аас Дорнод аймгийн тойрогт ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн тухай мэдээлэл байна. Мөн Х.Болорчулуун дахин нэр дэвшиж магадгүй. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээсэн гэх яриа улс төрийн хүрээнд байна. Харин Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэрийг тус намын ёс зүйн хорооноос гаргаад байна. Харин Ардчилсан намаас П.Алтангэрэл өрсөлдөхөөр яригдаж байна. Мөн АПУ-ийн П.Батчимэгийг энэ удаад Дорнод, Хан-Уул дүүргийн аль нэгэнд нь дэвшиж магадгүй гэсэн яриа ч нам дотор бий.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин