Нам, эвслүүд юу амлав?

Сонгуулийн тухай хуулиар 3-р сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө СЕХ, аудитын газарт эцэслэн хүргүүлсэн байх ёстой. Хэдийгээр коронавирусийн халдвар гарсан байгаа ч хуульд заасан хугацаанаас өмнө мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээр намууд идэвхижлээ. МАН өчигдөр бага хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө баталсан бол АН мөн л мөрийн хөтөлбөрийн саналаа цахимаар авчээ.
Харин жижиг намууд эвсэж нэгдэн сонгуульд оролцохоо илэрхийллээ. Тодруулбал, Н.Энхбаяр, С.Ганбаатар тэргүүтэй  МАХН, МУНН, ИЗНН-ууд “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” байгуулсан бол Ж.Батзандан, Б.Жаргалсайхан тэргүүтэй “Шинэ” нам, Үнэн ба зөв нам, Бүгд найрамдах нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Монгол Үндэсний Ардчилсан намууд нэгдэн “Шинэ эвсэл” байгуулснаа зарлалаа. Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгууль шинээр мэндэлсэн 2 эвсэл, МАН, АН, ХҮН дангаар өрсөлдөхөөр болж байна. Чухам ямар мөрийн хөтөлбөр бодлого гаргаж өрсөлдөх нь сонирхол татаж байна. 
МАН: НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ ХҮН БҮРИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО 
МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн  эдийн засгийн нөхцөл байдалтайгаа нягт уялдсан гэдгийг онцолж байлаа. Ингэхдээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтжээ. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг тусгажээ. Дундаж орлоготой иргэдийг дэмжих хүрээнд  Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурт оногдуулж буй татварыг тэглэх, улмаар зах зээлийн үнэлгээг бууруулах боломжтой гэж тооцжээ. 
МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын салбарыг мөрийн хөтөлбөртөө чухалчилсан гэдгийг хэлж байлаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах, яаралтай тусламжийн үйлчилгээ, хүнд өвчний оношлогоо эмчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Түүнчлэн боловсролын салбарт реформ хийх, төвлөрлийг сааруулах, Хөгжилд хөтлөх мега төслүүдээ урагшлуулж төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг Мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 
Өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирснийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсруулсан "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрт түшиглэн боловсруулжээ. 
АН: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ СЕХ, АУДИТЫН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСНИЙ ДАРАА  ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛНА 
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XI хуралдаан мөн л цахим хэлбэрээр болж мөрийн хөтөлбөрөө баталсан. Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж тусгажээ. Мөрийн хөтөлбөрт иргэдээс санал авах аяныг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийгмийн бүх төлөөллийг хамруулж, 30 орчим мянган иргэн, ТББ-ын зүгээс саналаа ирүүлжээ.
Ардчилсан Нам мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл болсон ТББ, ААН, холбоод, эрдэмтэн, судлаачдын саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулсан байна. АН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар, СЕХ-нд хүргүүлсний дараа мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө илэрхийлээд байна.               
"ТА БИДНИЙ ЭВСЭЛ”: МАНАН-Г УСТГАНА, НАР МАНДУУЛНА  

МАХН-ын VIII Бага чуулганы хуралдаанаар 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох багц асуудлыг хэлэлцээд МАХН Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсч “Та, бидний эвсэл” байгуулснаа зарласан. МАХН мөрийн хөтөлбөр дээр олон намтай хамтарч ажилласны үндсэн дээр Иргэний зориг ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намтай эвсчээ. 
Эвслийн мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь ард иргэдээ нэгдүгээрт  тавьж иргэний эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох, нийгмийн үндэс болсон өрх гэрийг бүх талаар дэмжих,  ард иргэд, өрх гэртээ үйлчлэх төр засгийн байгууллагын тогтолцоог сайжруулж зөвтгөх гэсэн үндсэн гурван зорилгод тулгуурлажээ. Монгол хүн, айл өрх, шударга төр засгийг баялгаар нэрлэж Монголын гурван баялаг гэсэн нэртэй мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. Хувь хүн, айл өрх, төр засаг гэсэн гурван хэмжээст, монгол ахуй, хүсэл эрмэлзлэлийг шингээсэн  мөрийн хөтөлбөр байна гэв. Энэ талаар “Та бидний эвсэл”-ийн удирдах зөвлөлийн гишүүн С.Ганбаатар “Бид МАНАНГ устгана, нар мандуулна. МАНАН бүлэглэл биднийг нэгдэж сонгуульд орохоос аргагүй болголоо” гэсэн юм.         
“ШИНЭ ЭВСЭЛ: 30 ГЭР БҮЛЭЭР 30 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ  ТӨЛҮҮЛНЭ
Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулан мөрийн хөтөлбөрөө баталжээ. Энэхүү мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа гэлээ. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл байгааг засч залруулах юм байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсооно. Түүнчлэн хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тус эвслийн Мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилт тавьжээ. 
 

С.Отгон 
Эх сурвалж: zuv.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан