Худрагагүй ХАМ ХЭРЭГТЭН...


Дархлагдсан дарга нар залуучуудаар “амны алчуур” хийж байна
“Идсэн нь ичээнд идээгүй нь ууланд” гэх үг бий. Энэ үгийг Монголын улс төрийн амьдралд хамаатуулж хармаар ч юм шиг.
2016 оны сонгуултай өрсөж яригдсан 60 тэрбумын гэх хэрэг бий. Товчхондоо бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж тодотгож буй.
МАН-ын дарга М.Энхболд, хотын намын хорооны дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар нар  хамтдаа сууж,  халуун нүүрээ харалцаж байгаад албан тушаалаар мөнгө босгох тухай ярьсан. Яахав, хэрэгжээгүй ч гэсэн завдсан гэж  үзжээ.   Харин энэ хэргийн учиг явсаар байгаад өнгөрөгч оны 10 дугаар сарын эцсээр шийдвэрлэгдсэн байдаг. Ингэхдээ А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Энд нэг хачирхалтай гэмээр зүйл бий. Гурвын гурван эр хүн сууж байгаад албан тушаалыг арилжиж мөнгө босгох тухай харилцан ярилцсан. Гэтэл яахараа нэг нь гэм зэмгүй үлдэж хууль шударга ёсны гадна үлдэв гэдэг нь эргэлзээтэй зүйл. Даргынхаа гэмийг хоёр “цэрэг” нь хамт үүрээд хорих анги руу ачигдсан. Монголд дарга нар гэж дархлагдсан хүмүүс байдаг, тэдэнд хууль үйлчилдэггүйн тодорхой жишээ энэ. 
Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр  тухайн үеийнхээ намын дарга М.Энхболдын цэрэг байсан. Магадгүй тэр 60 тэрбумын схемийг даргынхаа үүрэг даалгавар, аль эсвэл санал санаачлагаар хийсэн байж таарна. Хэрэв хэрэгжсэн бол гавьяа нь  дарга дээр ирнэ. Харин бүтэлгүйтсэний гай нь хоёр цэрэг дээр нь буусан нь тэр. 
Хажуудахаа хадардаг, залуучуудаа “өшиглөдөг” энэ мэт өөдгүй дарга ганц биш. Хамгийн ойрын бас нэгэн жишээ бий.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас 3-хан хоногийн өмнө Хятад эзэнтэй “Шинжиан Шинфа” гэх компани Төрийн банкнаас ердөө ганцхан өдрийн  дотор 20 тэрбум төгрөгийг ямар ч барьцаагүйгээр зээлсэн байдаг. Тэр битгий хэл 20 тэрбумын зузаатгалыг тухайн өдөр Монголбанкнаас хийж өгч, ажлын цаг дууссаны дараа Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж тэр мөнгийг ачжээ.  Мөн ч их эрх дарх байгаа биз.
Ямар ч саад тээг, барьцаа хөрөнгүйгээр Хятадын компанид очсон энэ их мөнгийг улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэсэн мэдээлэл явдаг.
Тэгвэл тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шууд оролцоо шийдвэрээр ийм их хэмжээний зээлийг ингэж ногоон гэрлээр гаргасан байдаг. Тухайлбал, 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд илгээсэн  “Зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр.....судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн баримт дэлгэгдэж байв. Өөрөөр хэлбэл Төрийн банкнаас нэг удаа гаргах зээлийн дээд хязгаарыг мань эр өөрөө 5 тэрбум хэмээн тогтоосон атлаа энэ шийдвэрээ ил цагаан зөрчин 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулах ажлыг гардан зохион байгуулжээ.  Өөрөөр хэлбэл улсын онц их хэмжээний мөнгийг  гадны компанид зээлж улсыг хохироогоод байгаа хэргийн гэм буруутан зохион байгуулагч Б.Чойжилсүрэн өөрөө. Одоо энэ зээл эргэн төлөгдөх найдваргүй, барьцаа хөрөнгө байхгүй.
Энэ хэргийн шүүх хурал өнгөрөгч оны 12 дугаар сард  болж, Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан болон  Б.Цэндсүрэн, Г.Тогтохбаяр, Д.Ганбаатар нарын  4 хүнд шүүхээс 1,6-3,6 жил хүртэл хорьж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4-5 жил  хүртэл хасах  ял оноолоо.
Төрийн банкны тодорхой хувийг Сангийн яам эзэмшдэг. Энэ утгаараа  Сангийн сайдынхаа үүрэг даалгаварыг биелүүлсний төлөө  тус банкны 4 захирал, дарга нар ийнхүү буруутан болов. Харин тэр зээл олгохыг зөвшөөрч үүрэг өгч, зохион байгуулсан сайд асан  Б.Чойжилсүрэн  ямар ч хариуцлага хүлээсэнгүй, “энхийн цагаан тагтаа” гэдэг шиг гэм зэмгүй нэгний дүр эсгээд явж байна. Дарга, сайд нар үүрэг даалгавар өгдөг, гүйцэтгэсэн нь буруутдаг  ийм жишиг Монголд  хэвийн зүйл болж хэвшиж тогтож байгаа ийм жишээ цөөн бус байх.
Хэрэв дайн байлдааны цагт бол дээр дурдсан хоёр эрхэм цэргээ дайсанд барьж өгчихөөд өөрсдөө хоргодох байранд амь хоохойлж үлдэх байжээ, хөөрхийс.  
Төрийн хуулийн дээгүүр  ичих булчирхай, эмээж эргэлзэх юмгүйгээр гишгэсэн  энэ ёс зүйгүй үйлдлийн эзэд эдүгээ УИХ-ын дархан эрхээр хамгаалуулсан шигээ ханагар явна.
Залуу хүний зориг зүрхийг мохоож, эрх мэдэлтнүүд нь  хууль журмыг улан дороо гишгэж болдгийн энэ мэт “сонгодог” жишээнүүд  нийгэмд хамгийн муу жишиг болж, Монголд төлжиж ядаж байгаа  шударга ёсыг цас  мөс адил хайрч байна.
 
Ц.Одгэрэл
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан